Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дайнд баатарлагаар тулалдаж нас барагсад бас нэмж хэлмэгдэж байжээ

Монгол улс 1939 оны Халх голын дайны ялалтын 75 жилийн ойгоо тэмдэглэсээр байна. Энэ дайны тухай өгүүлэхэд Оросууд Халх голын байлдаан гэдэг бол уг дайныг өдөөсөн Японууд Номунханы хэрэг явдал, будлиан гэх мэтээр ярьж бичсээр ирсэн.

Харин Монголчууд бид Халх голд дайн болсон гэдгээрээ л явах ёстой. 1939 оны 5 дугаар сард Япон, тухайн үеийн “тоглоомын” улс болох Манжгогийн цэрэг манай Дорнод хэсгээр нэвтэрч Халх голын районыг эзлэн түрэмгийлсэн.

1930-аад оны эхнээс л байнга хилийн зөрчил, тулгаралт, мөргөлдөөн хийж ирсэн Японы Квантуны /Кантоны ч гэдэг/ армийн зүгээс Халх гол руу томоохон хүч хаян халдлага хийсэн нь энэ дайн юм.

Тухайн үед Азийг тэр чигт нь жанжлах хүсэл бодолтой дайны хэнээтнүүд Японы төр, засгийг барьж байсан бөгөөд 1938 онд тэд тухайн үеийн ЗХУ-ын хилд Хасан нуур орчмоор халдаад яаж ч чадалгүй цохигдоод буцсан. Тэгээд Халх гол орчмоор халдсан хэрэг юм.

Ингээд дөрвөн сар дайтсаны эцэст Япончууд эзлэн авсан ихэнх нутгаасаа хөөгдөн гал зогсоох гэрээ байгуулснаар дайн дууссан.

Харин энэхэн хугацаанд БНМАУ болон ЗХУ-ын цэргийнхэн Японы цэрэгтэй дайтахын сацуу, шилдэг сайн цэргийнхээ дарга, жанжнуудаа “өөрийнхөндөө хядуулсан” нь цөөнүй.

Халх голын дайны үеэр хэлмэгдсэн Монгол жанжин баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж тэдний тухай бага сага бичсэнээ хүргэж байна.

Түмэнд нэртэй, түүхэнд мөртэй жанжин

Ийм нэртэй нэгэн ном Халх голын ялалтын 75 жилийн ойд зориулагдан гарсан. Миний анд нөхдийн нэг, Түүхийн ухааны доктор, ШУА-ийн шагналт түүхч Д.Хоролдамба Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны орлогч Ц.Лувсандонойн тухай олон жил судалгаа хийж ном бичээд ийн гарчигласан юм.

Ц.Лувсандоной жанжин 1903 онд Халхын Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу, хожмын Богд хан уулын аймгийн Дэлгэрцогт уулын хошуу, одоогийнхоор Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг “Цээлийн Шарбүрд” (одоо Арбүрд гэх болсон) гэдэг газар Цэрэнжав хүлэгчийн дүү бүсгүй, малчин эмэгтэй Тогоо-Аюушийн ууган хөвгүүн болон төрж.

Эх нь номын дөртэй болгох гэж хийдэд шавилуулан суулгахад эрдэмд шамдамтгай, хичээл зүтгэлтэй болохоо харуулж, улмаар Монгол бичгийн сургуульд сайн суралцжээ. Бичиг үсэгтэй учир нам, эвлэлийн сонгуульт ажлуудыг удаа дараалан хийжээ.

1926 онд ардын цэргийн албанд татагдан жагсаалын цэргээс Цэргийн Ерөнхий сургуулийн багш болон, улмаар Цэргийн зөвлөлийн тусгай хэргийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, I дивизийн тусгай хэлтсийн төлөөлөгч, дарга, Бүх цэргийн жанжны нарийн бичгийн дарга, Жанжин штабын тусгай тасгийн дарга, ДЯЯ-нд жинхэнэ төлөөлөгч, ангийн дарга зэрэг ажил хийжээ.

Дараа нь ЦЯЯ-ны сайд, Бүх цэргийн жанжны тушаалаар “1936 оны есдүгээр сараас Цэргийн Яамны 4-р газрын дарга” болжээ. 1939 оны хоёрдугаар сараас Жанжин штабын орлогч дарга, дарга, мөн оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс долдугаар сарын 1-нийг хүртэл БНМАУ-ын Цэргийн яамны орлогч сайд бөгөөд Бүх цэргийн жанжны орлогчийн хариуцлагатай албанд ажилласан байна.

1939 оны дайны гал ид дүрэлзэж байх тэр үед түүний амьдрал ээдрээтэй болж хилс хэрэгт дайчлагдан баривчлагдсан. ЗХУ-ын ногоон малгайтнууд түүнийг шууд л баривчлан Читад аваачиж байцаасан байдаг. Түүнийг барвчилсан шалтгаан нь буруугаа бусдад тохсон хэрэг явдал юм.

Халхын голын дайн эхэлсэн үеэр Матадын 8 дугаар морьт дивизийг Зөвлөлтийн байлдааны онгоцууд андуурч бөмбөгдөн хүн хүч, зэр зэвсэг, эд материалын нэлээд гарз хохирол учруулж.

Энэхүү Зөвлөлтийн онгоц бөмбөгдсөн хэргийг нууцлахаар шийдсэн нөхдүүд, “Лувсандоной бол японы тагнуул байсан учраас Зөвлөлтийн таних тэмдэгтэй японы онгоцуудыг зориуд явуулж зэвсэг нэгт нөхдөө бөмбөгдүүлсэн” гэсэн ял тулгасан байна.

Ингээд Монголын Дотоод яамаар оруулалгүй шууд баривчлаад Зөвлөлтөд мөрдөн байцааж, хилс хэрэг тулган хэлмэгдүүлсэн ажээ. Ц.Лувсандоной бол тухайн үеийн Монгол Ардын хувьсгалт цэргийн гол удирдагч байсан гэдэг судалгаагаар тогтоогдсон асуудал.

1939 оны 5 дугаар сарын дундуур Монгол улсын хилд цөмөрсөн Японы цэргийг мөн сарын 28-29-нд ихээхэн ширүүн тулалдааны дүнд, манай цэрэг ЗХУ-ын цэргийн хүчний хамт эх орныхоо торгон хилээс хөөн гаргасан байдаг.

Энэ үед МАХЦ-ийг байлдааны бэлэн байдалд оруулж, зэвсэглэл техник, хүн хүчээр бэхжүүлэх ажлыг гардан хэрэгжүүлэх ачааны хүндийг Лувсандоной жанжин үүрчээ. Энэ үед мөн хориглох цэгүүдийг байгуулах, ар талын хангалт зэргийг хийж амжуулсан байна.

Лувсандоной жанжин мөн японы хүчийг тагнах талаар нэлээд зүйл хийсэн. Өөрөө Дотоод яаманд ажиллаж байсан. Тийм учраас улс орны нүд чих батлан хамгаалахтай холбоотой асуудлыг чадварлаг зохион байгуулсан. Өвөрмонгол, Баргын ноёдтой харилцах, мэдээлэл солилцох талаар ч хийсэн ажил их байдаг ажээ.

Оросууд 1956 онд Лувсандоной жанжныг цагаатгасан ч манайхан 1962 онд ээж Тогоо-Аюушийг нь “Миний хүү Халхын голын дайнд зүтгэсэн. Сураг чимээгүй болсон учрыг олж өгнө үү” гэж өргөдөл бичсэн хойно л цагаатгажээ.

Тамсагийн 6 дугаар морьт дивизийн дарга хошууч Ч.Шаарийбуу амь үрэгдээд бас хэлмэгдэв

Ч.Шаарийбуу нь 1909 онд Хэнтий аймгийн Галшар сумын V багийн нутаг “Жаргалант” гэдэг газар төржээ.

1932 онд цэргийн албанд татагдан Өндөрхаан, Тамсагбулаг дахь цэргийн ангиудад алба хааж байхдаа бага даргын сургууль төгсгөн жагсаалын болон сумангийн даргаар ажилласан байна.

1937-1939 онд ЗХУ-ын) Тамбов хотод Морин цэргийн сургуулийг “Онцсайн” дүнтэй төгсгөн, маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагийн YI дивизийн тагнуул ангийн даргаар, удалгvй дивизийн даргаар томилогджээ.

1939 оны эхээр ЗХУ-ын Тамбов хотын морин цэргийн сургуулийг төгсөж ирэгсдээс Ч.Шаарийбуу ийн шилж сонгогджээ. Халх гол орчмоор Японы цэрэг дайрсан тухай мэдээ авмагц тус дивизийг татан аваачжээ. Ингээд дайн эхлээд байсан тэр өдрүүдэд 6 дугаар дивизийн штаб дайсны дайралтанд өртжээ.

Тэр үед Ч.Шаарийбуу сургагчийнхаа хамт сургуулийн сумангаа удирдан тулаанд орж, эрэлхэгээр тулалдаж яваад амь үрэгдсэн. Түүний шарилыг 6 дугаар сарын 5-нд олж Тамсагбулагт хүндэтгэлтэйгээр оршуулжээ. Үүний дараахан Ч.Шаарийбуу урвагч байжээ гээд л цуурч эхэлсэн төдийгүй хэлмэгдүүлсэн байдаг юм.

Дивизийн дарга, хошууч Ч.Шаарийбуугийн баатарлаг vйлсийн талаар Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан “Тамсагбулагийн YI дивизийн дарга Ч.Шаарийбуугийн бие баатарлагаар тэмцэн байлдаж байгаад, энэхүү байлдааны галын хүрээнд хорт дайсан Японы эзэрхэг түрэмгий нарын суманд дайрагдаж, баатарлагаар амь үрэгдсэн” гэж онцлон тэмдэглэж байсан байдаг.

Ч.Шаарийбуутай хамт Тамбовын морин цэргийн сургуульд сурч байсан нөхдүүд болох Матадын 8 дугаар дивизийн дарга асан хурандаа Д.Нянтайсүрэн, 17 морьт хорооны даргаас 6 дугаар дивизийн дарга болсон гарамгай баатар Л.Дандар нар түүнийг хэзээ ч урвагч байгаагүйг батлан хэлдэг байжээ.

Монгол Улсын баатар Л.Дандар гэхэд л “Шаарийбуу намхан, шингэхэн үстэй, биеэр жижигдүү, нэлээд хатуу захирамжтай, морин сургуульд гарамгай нэгэн байсан. Нөхөр Шаарийбуу бол эх оронч, шударга, цэргийн даргын ариун сайхан нэр алдар, нам, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн хүн гэж боддог.

Дайсанд буудуулсан шархыг нь хүртэл би харсан. Ээжийнхээ бэлзэг, улаан алчуураар амаа таглан барьж, хажуу тийш харж нас барсан байсан гэж шарилыг нь олсон хүмүүс над ярьдаг байсан” гэжээ.

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст “Ч.Шаарийбууг дайсанд урвасан гэх яриа үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож өгөхийг хүссэн”-ий дагуу 1994 онд ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн комисс томилогдон уг асуудлыг нухацтай судалж, дүн шинжилгээ хийснээр дээрх үг, яриа ор үндэсгvй цуурхал байсныг тогтоожээ.

Г.Бадарч даргатай 22 дугаар морьт хорооны дайчид насан туршдаа урвагч хэмээн чичлүүлсээр нүд аньсан нь эмгэнэлтэй

Халх голын дайны төгсгөлөөр тус дайны гавьяатнуудаас цөөнгүй хүмүүс хэлмэгдэж, тэдний гавьяа зүтгэл үнэлэгдэлгүй өдий хүрлээ. Тэд бол Г.Бадарч даргатай 22 дугаар морьт хорооны дайчид.

Дөрвөн сар шинелиэ тайлалгүй дайтсан тус хорооны дайчдыг Мана уулыг хамгаал хэмээн явуулсан байдаг. Уг нь тэр үед тус хорооноос өөр ядарч, зүдрээгүй ангиуд олон л байсан байдаг.

Ингээд Нөмрөгийн гол, Мана уулын тулалдаан болж, дайсны их хэмжээний хүчинд бүслэгдэж хороогоороо устгагдах байдалд ороход хорооны дарга Г.Бадарч байрлалаа сэлгэн Нөмрөгийн голыг гатлан хориглолт хийжээ.

Үүнийг нь, ухарсан хэмээн тэднийг хэлмэгдүүлсэн байдаг юм. Г.Бадарч дарга өөрөө амь гуйхгүй байсаар буудуулсан ба комиссар Е.Цэдэн-Иш нь амь мэнд 10 жил хоригдоод мултарсан байдаг.

Гэхдээ тус хорооны дайчид насан туршдаа эх орноосоо урвасан хорооны цэргүүд хэмээн нүд үзүүрлэгдсээр нүд аницгаасан нь эмгэнэлт түүхийн баримт. Насан туршдаа урвагч хэмээн хилсээр чичлүүлсэн өвгөдийн дурсгалыг хүндэтгэмүй.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Хайран харамсалтай хөөрхиис тэд тухайн үед хил дээр шинэлээ тайлалгүй нойр хоолгүй байлдаж явахдаа ард нь үлдсэн амиа хоохойлсон хүмүүсийг тэгэж гүтгэнэ гэж бодоогүйл байсан байхдаа ОДОО Ч ГЭСЭН ХҮМҮҮСИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙГАА Ш ДЭЭ ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭГЭЭГҮЙ БАЙЖ ШАГНАЛ БӨӨНДӨЖ АВААД Л ЮУ Ч БАЯЛАГ БҮТЭЭГЭЭГҮЙ БАЙЖ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ТЭНДЭР БОЛОН БУСАД АРГААР ИДЭЖ УУГААД АРД ТҮМНИЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЗАСАГ ТӨРИЙНХӨН

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*