Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Ганбат: Төв Азийн хамгийн том Ялалтын хөшөөнд 110 тонн зэс орсон

NewsХалх гол, Хамар даваа, Хайлааст манхан, Баянцагаан, Эрс ууланд өргөөшөө 70, уртаашаа 18 км талбайд 1939 оны тавдугаар сарын 11-нээс 128 хоног үргэлжилсэн Халх голын зарлаагүй дайнд Орос, Монголын 70292 цэрэг, пулемёт 2502, хуягт машин 690, танк 684, онгоц 597, 672 их буутай Япон Манжгогийн 115580 цэрэг, манайхаас хоёр дахин олон их буу, пулемёт, хуягт машины эсрэг дайтсаныг танд сануулъя. Энэ дайны түүхт ялалтын ойн өдрүүдийг ёслон тэмдэглэж буй.

Халх голын дайнд халуун амиа зориулсан дайчдын үр хүүхэд, амьд сэрүүн буй ахмадууд болон Халх голтой ямар нэгэн сэжмээр холбогдсон хүн бүр энэ мөчид түүхээ эргэн санаж, баяр хөөр, амжилтаараа бахархаж суугаа. Түүх бичилцсэн нэгнээ мартахгүйн илрэл болгож, дайнд баатарлаг гавьяа байгуулсан хоёр орны хөвгүүдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн олон хөшөө, дурсгалт газар цогцлоосон. Халх голын эрэг дагуу л гэхэд 34 хөшөө цогцолбор байдгийн хамгийн анхных нь Хамар даваанд байрлах Ялалтын хөшөө юм.

Эл хөшөөг бүтээн байгуулахад гар бие оролцсон, элсэнд 45 жил булаастай байсан Зөвлөлтийн хоёр танкийг Хятадын хил орчмоос тээвэрлэж авчирсан, Халх голын Сангийн аж ахуйг байгуулалцсан зэрэг түүхэн гавьяатай хүн бол Б.Ганбат юм. Зөвлөлтийн барилгын III трестэд насаараа тээвэрчин байсан тэрбээр өдгөө СОТ-III ахмад тээвэрчдийн холбоо байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Уншигчдад өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Би 1970 онд Зөвлөлтийн барилгын III трестийн авто баазад хүнд даацын машины жолоочоор ажилд орсон юм. Орос барилгачидтай хамтран Монголынхоо аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт олон барилга, байшин босголцсон. Тодруулбал, Багануур, Адуунчулуун, Заамар зэрэг зургаан уурхай, II микрорайон, Сүлжмэл, Ээрмэлийн үйлдвэр, Геологийн төв лаборатори, ажилчдын орон сууцтай нь хамт, Буянт-Ухаа нисэх буудал, Сангийн 13 болон Тэжээлийн дөрвөн аж ахуй, Улаанбаатар төмөр замын Амгалан, Сайншанд, Замын-Үүд өртөөг бүтээн байгуулахад хөршийнх өө барилгачидтай хамтарч оролцсон. 1993 онд орос барилгачид нутаг буцаж, бид үйл ажиллагааг нь залган, өдгөө 100 гаруй хүн гавьяаныхаа амралтад гараад байна. Сүүлд тээвэрчдийнхээ эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор СОТ III ахмад тээвэрчдийн холбоо байгуулсан юм.

-Та Халх голтой холбоотой олон бүтээн байгуулалтад гар бие оролцсон гэсэн. Ялалтын хөшөөний талаар яриач?

-Халх голын дайны ялалтын 75 ойг улс даяар өргөн тэмдэглэж байна. Өмнө нь өнөө жилийнх шиг тэмдэглэж байгаагүй санагдана. Үнэхээр сайхан байна. Монгол, Зөвлөлтийн барилгачид нийлсэн СОТ III-ынхан Халх голын сангийн аж ахуйг 1979 онд байгуулсан. Үүний дараа Японы түрэмгийлэгчдийг хиар цохисны 45 жилийн ойд зориулан хөшөө босгох үүрэг бидэнд өгсөн юм. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Хамар даваанд дайчдын алдрыг хүндэтгэсэн хөшөө босгох нь Ю.Цэдэнбал даргын даалгавар байлаа. Бүтээн байгуулалтад манай тээвэрчид онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Хөшөөний загварыг гавьяат барилгачин н.Амгалан гаргасан.

Хэчнээн хүний хөдөлмөр, хөлс шингэв, хэрхэн барив?

-Газар шорооны ажил хүнд хүчир гэж яана. Өдөр, шөнөгүй ажиллаж, хүн, техникийн хүчээр хөш өөг босгосон. Төв Азид байхгүй, хамгийн өндөр буюу 54 метр, гэрэлт нугасан хөшөө байгаа юм. Диаметр нь 34, суурь нь 25 метр гүн. Хөшөөг цогцлооход 110 тонн зэс, багахан хэмжээний ган, 200 тонн цемент, 160 тонн хайрга орсон. Металлыг нь Эрдэнэт үйлдвэрээс гарган, Орост боловсруулсан. Их биеийн нугаснуудыг ч мөн адил. Хол газар кран авч явах боломжгүй тул хөшөөг нугастай байхаар, архитекторууд детальчилсан юм билээ. Хамгийн сонин нь хөшөөг газарт хэвтээгээр нь угсарч, хоёр танкаар дээш татаж суурилуулсан. Танкаар шууд татахад хүндрэлтэй, ганхах тул дунд нь 30 метр багана босгож, төмөр утас хүрдэн дундуур нь явуулж нэг танкаар зүтгүүлж, нөг өөгөөр нь түшүүлэх маягаар босгосон. 1984 оны дөрөвдүгээр сарын 25-нд барилгын ажил эхэлж, наймдугаар сарын 15-нд Улсын комисст хүлээлгэн өгсөн. Тухайн үед Оросын 60-аад барилгачин, монгол тээвэрчид нийлсэн 100 гаруй хүн байнга ажилласан. Орос цэргийн ангийнхан ч туслан гүйцэтгэгчээр оролцсон. Одоо ч түүх болон үлдэж дээ.

-Таныг Халх голын дайнд ашиглаж байсан хоёр танкийг БНХАУ-ын хил орчмоос олон жилийн дараа тээвэрлэж авчирсан гэж сонссон. Хүндрэл бэрхшээл байсан байлгүй?

-Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр БНХАУ-ын Сүмбэрийн хилийн заставтай харилцан тохиролцсоны үндсэнд Халх голын дайнаас хойш 45 жил элсэнд булаастай байсан Зөвлөлтийн Танкийн хорооны хоёр танкийг тээвэрлэн авчрах үүрэг надад ногдсон. Хөршийн хилээс 300 метрийн наана буюу Баянцагааны дайны талбарт байсан юм. Түүгээр хамаагүй явах хориотой. Надтай хамт Оросын тээвэрчид танк, крантайгаа явсан. Тус бүр нь найман тонн жинтэй. Тэр хавь битүү хайлаас, манхан тул машин урагш хөдлөхгүй, үйлээ үзсэн. Нэг нь өдгөө Халх гол суманд музей болсон бол нөгөөг нь Оросын Чита хотод хадгалж буй. Халх голтой өөр түүхээр ч холбогдоно. 40 жилийн ойгоор нь Халх голын Сангийн аж ахуйг барилцсан. Мөн 1000 үхрийн ферм барьсан. Дорнодын Мах комбинатыг махаар хангахын тулд энэ фермийн үхрүүдийг үржил шимтэй өвс, бордоогоор тэжээдэг байсан юм. Дорнод аймаг одоогийнх шиг байгаагүй. Халх голын дайны өмнө, хойно Монгол, Зөвлөлтийн цэргүүд байрлаж байсан хоёр давхар чулуун байшингуудаас өөр юмгүй. Аймгийнх нь төвийг одоогийнх шиг болгоход манай тээвэрчид онцгой гавьяа байгуулсан даа.


 О.БАТ-УНДРАХ
Өнөөдөр сонин

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*