Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Цадиг хууч

Яруу найрагч Ж.Нэргүй
(Халхголын цом-2014 наадмын тэргүүн шагналт бүтээл
)

Эхлэл

“Хачин юм аа, сонин юм аа” гэв үү, хүү минь?
“Халхын голоор япончууд дайраад л,
Хамардаваанд бөөн дайн дэгдээчихэж гэнэ.
Хачин юм аа, сонин юм аа” гэв үү, чи чинь?
“Солиотой юм, худлаа яриад л” гэв үү, хүү минь?
“Сургуулийн хүүхэд ч итгэхгүй юм яриад л” гэв үү хүү минь?
“СССР, МэСээр аварсан гэж онигоотоод л,
Сэлэм, мэлмээр байлдсан гэж онгироод л” гэв үү, чи чинь?
“Дандар, Гонгор гэж баахан домог яриад л,
Далайн чөтгөр гэж япончуудаа шоолоод л…
Хачин юм аа, сонин юм аа” гэв үү, хүү минь?
“Халхголын ялалт гэж шогтоод л” гэв үү, чи чинь?

Аман цадиг-1

Хачин юм болсон юм аа, хүү минь.
Халхын голд дайн дэгдэх нь ч дэгдсэн юм аа.
Хамардаваанд цус асгарах нь ч асгарсан юм аа.
Хаа холын япончууд дайрах нь ч дайрсан юм аа.
Тавдугаар сарын хорин наймны үүрээр
Зургадугаар дивизийн бага даргын сумангийн
Танхилхан, даанч залуухан цэрэг эрс
Зууралдсан, анхны тулаанд орсон байдаг юм даа.
Толгой дараалан амь эрсэдсэн тэдний
Тоог нь ч одоо гаргаж чадахгүй л байгаа.
Нөхөн, нөхөн алтан одон ч өгөхгүй л байгаа.
Нэхэн, нэхэн алдар нэрий нь ч дурсахгүй л байгаа.
Захан дээрээ өлзий утас хадах
Хувьгүй байсан ч, тэд хөөрхий,
Зах нутгийнхаа төлөө алтан амиа өргөх
Азтай залуус байсан юм билээ.
Дивизийн дарга Шаарийбуу нь ч өөрөө
Улаанаа урсган үрэгдсэн юм билээ.
Дотоодыг хамгаалах газар л харин
Урвагч хэмээн зарласан юм билээ, цогцос нь олдоогүй учир.

Аман цадиг-2

Хачин юм байсан юм аа, хүү минь.
Халхын голд их дайн болсон юм аа, хүү минь.
“СССР, МэСээр аварсан гэж балайтлаа” гэл үү, чи чинь?
“Сэлэм, мэлмээр юугаа л байлдаа аж” гэл үү, чи чинь?
Агуу Батын хөлд үрэгдэж явсан,
Алтан Ордын хаадад талхиулж явсан,
Амарсанааг минь орогнуулж итгэлээ эхлэсэн
Ар цармын оросууд ирж авралцсан юм шүү.
Хатан зоригтны залуур болж,
Хангирсах сэлэмний бариул болж,
Хараалах бууны замаг болж,
Харь дайсныг хөөлцсөн юм шүү.
Дайчин үгсээ хэлэлцсэн юм шүү.
Дайзтай сумаа хуваалцсан юм шүү.
Хутганы ирэн дээгүүр мөлхөлцсөн юм шүү.
Хугасхан нойроо маналцсан юм шүү.
Аяа, тэр орос нөхөд минь
Амь хайргүй тулалдсан юм шүү.
Ханат гэрийн минь үүдэнд зогсож,
Хатгалдах дайсныг түлхэлцсэн юм шүү.

Аман цадиг-3

“Хай, хай”-гаас өөр үггүй сайхан ааштай,
Хандив, зээлээс өөр юмгүй халуун зантай,
Хаа холын япон анд нар маань
Халхын голоор дайрсан байж таараач” гэв үү, чи чинь?
Хачин юм болсон юм аа, хүү минь.
Хамж шимээд яриад байвал барахгүй ээ.
Дээхэн цагийн дайны төлбөрөөс ч их
Дэндүү, дэндүү өртэй улс аа, тэд чинь.
Хүүрээн авахдаа наан одсон
Өчүүхэн жижиг чулууны өртэй.
Хүхрийн үнэрээр хулжин ниссэн
Өчнөөн олон шувуудын өртэй.
Эргэж аниагүй газрын шархыг
Эмнэж эдгээх шорооны өртэй.
Элсэнд булагдсан эрээн хайлсны
Эгшиглэн дуулах шивнээний өртэй.
Бууж мордохдоо утган уусан
Булаг, шандны усны өртэй.
Бөмбөгний хэлтэрхийд хэрчигдэн унасан
Бөгтөр борлог морины минь өртэй.

Аман цадиг-4

Хачин юм болсон юм аа, хүү минь.
Хараалт хар дайн дэгдэх нь ч дэгдсэн юм аа.
Халхын голд цус асгарах нь ч асгарсан юм аа.
Хаа холын япончууд дайрах нь ч дайрсан юм аа.
Халхын голд цус асгарах нь байтугай,
Хэрлэнгийн хөндийд бөмбөг асгарсан юм шүү.
Баянтүмэн хотыг Японы онгоц бөмбөгдөхөд
Боссон шороо нь нар халхалсан юм шүү.
Баянтүмэний дээрээс бөмбөг асгарах нь байтугай
Бадам-Ишийн талд адуун сүрэг сүйрсэн юм шүү.
Тэнгэрийн суманд хэгз татуулсан газрын хөрс
Тэрүүхэн урд ч одоо хүртэл битүүрээгүй л байна шүү.
Мянга есөн зуун гучин есөн оныг
“Бөмбөгтийн жил” гэж Мэнэнгийн талынхан нэрлэдэг юм шүү.
Мөнгөн од шиг ажнайн түрүүгээ алдсан залуу
“Бөмбөгтийн жилийн дүлий гуай” нэртэй болсон юм шүү.
Бөмбөг дэлбэрэхэд чихнийх нь хэнгэрэг хагарчихсан юм гэсэн.
Бөөн бөөнөөрөө адуун сүрэг нь тэрий хадсан юм гэсэн.
Цуснаасаа илүү нулимсаа хайрладаг эр хүн
Цурхиртал уйлаад газар тэврэн унасан юм гэсэн.

Аман цадиг-5

Өвөөгийн чинь аав орхимжоо тайлж хаячихаад
Өглөөний хязгаарт тулалдаж явсан юм шүү.
Аалзны ч амь тасалж үзээгүй тэр хүн
Араа шүдээ хавируулаад, алалцаж явсан юм шүү.
“Хугардаггүй яс биш, хугарч л байлаа” гэдэгсэн.
“Хундан улаан цусаа урсгаж л явлаа” гэдэгсэн.
“Хачин юм л үзсэн дээ” гэдэгсэн, яг л чам шиг.
“Хав ноход хүртэл байлдаж явахыг үзсэн шүү” гэдэгсэн.
Танк эсэргүүцэх нохойн салаа байсан юм гэдэг.
Танкны урдаас хар хурдаараа давхиж очдог,
Тавагтай хоолоо олж идэхээр доогуур нь шургадаг,
Тал талд нь зүүсэн гранатны хөшүүрэг мултрахуй
Танктайгаа хамт дэлбэрдэг
Танк эсэргүүцэх нохойн салаа байсан юм гэдэг.
Танкин дор толгой дараалан үрэгдсэн юм гэдэг.

Төгсгөл

“Хачин юм, хачин юм” гэж харуусаад л,
Хавиргаан цөмөртөл санаа алдаад яахав.
Хаа холын Япон, хаяаны гаднах хөрш яахав.
Харах нүдээ, сонсох чихээ л хичээ, хүү минь.
Өртэй байж шүү хэмээн өлөн нүдлээд яахав.
Өстэй байж шүү хэмээн өрөөн цөмлөөд яахав.
Өвгөдийн дурсамж, залуусын мартамж хоёроор
Өнгөрсөн, одоо хоёрын дэнсийг таньдаг юм аа.
Хачин юм болсон юм аа, хүү минь.
Хайлааст манханд тэсрээгүй бөмбөг одоо ч байгаа.
Халхголын цаад руу гаргадаггүйн учир тэр ээ.
Хачин юм болсон юм аа, хүү минь ээ.

Төгсөв.

 

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*