Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Г.Дмитрий: Аав “Тэр цүнх л намайг баатар болгосон” гэдэг байв

“Халх гол-75” булангаараа сэтгүүлч Г.Сонинбаярын хувийн архивт буй сонирхолтой ярилцлагуудаас хүргэх юм. Энэ удаа Монгол Улсын ууган баатар Ш.Гонгорын хүү Г.Дмитрийтэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна. Энэхүү ярилцлагыг эдүгээгээс гурван жилийн өмнө хийжээ.

 

– Монгол Улсын баатар Шагдарын ГОНГОР

БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгор 1912 онд Сэцэнхан аймгийн Сүжигт бэйсийн хошуу одоогийн Баянхутаг сумын нутагт төржээ. 1936 оны нэгдүгээр сарын 28-нд Халх голын Булан дэрсний харуулын Хуурай тойрмын зүүн хойд этгээдэд орших Цагаан ухаагийн морьт харуулд гарч байх үедээ цасан шуурга, харанхуй шөнөөр далимдуулан хил зөрчсөн арав гаруй дайсантай авхаалж самбаатайгаар байлдан долоог нь устгаж эрэлхэг гавьяа байгуулжээ. Зоригт хилчин Ш.Гонгорт 1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор анх удаа БНМАУ-ын баатар цол хүртээжээ. Мэргэн бууч Ш.Гонгор эх орны дайны үед зээр бэлтгэх их авыг хошуучлан, фронтод бэлэг хүргэхэд оролцжээ. Улсын баатар Ш.Гонгор “Анхдугаар хичээл” Монголын анхны баримтат уран сайхны кинонд өөрийнхөө дүрд тоглосон ажээ. Мөн тэрээр “Тамсаг булагийн хязгаарт” ном бичсэн байна.

 

-Аав тань Монгол Улсын баатар хэмээх эрхэм цолыг анх хүртсэн хүн. Булан дэрсний харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа давуу хүчтэй дайсантай овсгоо самбаа гарган тулалдаж гавьяа байгуулсан гэж номоос л уншиж байлаа. Харин та бол яг өөрийнх нь амнаас энэ тухай сонсч байсан байх даа?

-Өөрөө энэ талаар нэг их яриад байдаггүй байсан. Гэхдээ найз нөхөдтэйгөө уулзаад, Ринчен Бямбаев гуай эд нартай ярьж хөөрч байхыг нь бишгүй л сонсч байсан. Тэд “Чи арван япон алсан. Хүн аллаа гэж баатар цол өгсөн юм уу” гээд цаашлуулахад нь аав, “Би японуудын байлдааны төлөвлөгөөг нь олж авсан юм билээ. Түүнээс олон хүн аллаа гэж баатар цол өгөөгүй” гэдэг байв. Цагаан хааны орос цэрэг японы талд урваад тэдэнтэй наашаа манай улсын хил давж орж ирсэн юм билээ. Түүнийг аав устгаад байлдааны төлөвлөгөөг нь олзолж авсан хэрэг. Цүнхэнд нь бүх төлөвлөгөө, чухал нууц бичиг баримт нь байсан гэсэн. Тиймээс аав “Тэр цүнх л намайг  баатар болгосон” гэдэг байв. Аав 1936 онд Улсын баатар болсон. Халхын голд Булан дэрс гэдэг газар харуул дээр манааны үүрэг гүйцэтгэж байж. Гэтэл өвлийн орой их цасан шуурганаар хилийн зүгээс машины гэрэл тусгаад байсан гэдэг юм. Тэгж байтал баахан хүн дуугараад байхаар нь харсан чинь японы бөөн цэрэг ирж явсан гэсэн. Тэгээд гурвуулаа байсан тул нэгийгээ ар тал руугаа хэл хүргэхээр явуулаад хоёулаа үлдэж. Дайснууд тэр хоёрыг бүслэх шинжтэй болохоор нь дахаа босгож орхин тэднийг хуурч байгаад ар талд нь гарч нэг цагаан морьтой хүнийг буудаж унагаж л дээ. Гэтэл түүний цүнхэнд байлдааны чухал төлөвлөгөө байсан гэдэг. Би ийм л түүх ааваасаа сонсч байсан.

-Багадаа аавыгаа хэр дагадаг байв. Мэдээж олон сайхан хүмүүстэй нөхөрлөж явсан байж таарна?

-Тэр үеийн томчуудтай их уулзана. Залуу жанжин Ж.Лхагвасүрэн, Л.Дандар баатар, партизан П.Тогтох гээд л их олон хүнтэй ойр дотно нөхөрлөдөг байлаа. Би тэдэнтэй уулзах бүрт аавыг дагаад л явдаг байсан санагддаг.

-Эрх байж дээ?

-Эрхийн  хувьд эрх байсан. Угаасаа би аавыгаа анх хараад л урвачихсан хүн шүү дээ.

-Өргөмөл гэсэн үг үү?

-Тийм. Би 1938 онд төрсөн. 1941 онд аавдаа өргөгдсөн юм билээ. Их сонин шүү. Аавыг Өвөрхангайн Хужиртын амралтад амарч байхад нь урвасан гэж хүмүүс ярьдаг байсан. Тэр үед гадаа индэр дээр ямар нэг хурал цуглаан болсон юм билээ. Гэтэл гэнэт бороо ороод аав индэр дээрээс бууж л дээ. Хүмүүс индрийн нөмөрт борооноос хоргодож байж. Гэтэл би аав руу зүтгээд байсан гэдэг. Энгэр дэх одон тэмдэгүүд нь сонин санагдсан юм уу, яасан юм. Тэгээд л намайг аавд түр өргүүлчихсэн чинь бүр урвачихсан гэсэн. Бороо зогссоны дараа аавыг дагаж явна гэж уйлаад л салаагүй гэдэг юм.

-Төрсөн аав, ээж тань Өвөрхангайн хүмүүс байсан юм уу?

-Төрсөн аав минь Өвөрхангайн Хужиртынх, ээж Өлзийтийнх байсан гэсэн.  Ноднин жил л би төрсөн ээжийнхээ эгчтэй уулзаж, тэднийгээ мэдэж авсан. Түүнээс өмнө төрсөн аав, ээжийгээ мэддэггүй байсан.

-Гонгор баатрын хүү болоод хотод ирсэн үү?

-Аав намайг өргөж аваад Хэнтий нутагтаа аваачсан. Тэнд хэсэг амьдарч байгаад өргөж авсан ээжээс салаад хотод ирсэн юм билээ. Тэгэхдээ намайг дагуулаад ирсэн. Би бага байсан болохоор сайн мэддэггүй. Харин хотод ирээд аав Цэсмээ гэж хүнтэй ханилсан. Энэ хүн миний хоёр дахь өргөсөн ээж. Төрүүлсэн ээжээ оролцуулбал би гурван ээжтэй хүн болж таараад байгаа юм. Цэсмээ ээж минь театрын хөгжимчин байсан хүн. Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуайтай ханилж байсан юм билээ. Ц.Дамдинсүрэн гуайг бичсэн зохиолоосоо болж буруудаад шоронд орсны дараа аавтай суусан гэж ярьдаг байсан.

-Таны нэр их сонин юм. Яагаад орос нэр өгсөн юм бол?

-Аавын хүү болоод 1941 оноос Гонгорын Дмитрий гэдэг нэртэй болсон. Анх намайг өргөж авахад аавын найз партизан П.Тогтох гуай энэ нэрийг өгсөн гэдэг юм. Тэр үед Монгол, Болгарын найрамдлын баяр болж л дээ. Надад нэр өгөх болсон чинь П.Тогтох гуай “Би хэлээд өгье” гэсэн юм билээ. Тэгээд Монгол, Болгарын найрамдлын бэлэгдэл болог гэж Дмитров гэж нэр  хайрласныг аав, ээж маань хожим Дмитрий гэдэг орос нэр болгосон. Уг нь Дмитров гэдэг нь Болгарын их баатар юм гэсэн. Намайг багад Дима л гэж дууддаг байв.

-Гонгор баатар тухайн үед ямар алба хашиж байсан юм бэ?

-Аав дайны дараа бугын сангийн аж ахуй, хар үнэгний сангийн аж ахуйг санаачлан байгуулсан. Тэтгэвэртээ гартлаа тэндээ ажиллаж байсан даа.

-Их мундаг анчин, мэргэн буудагч байсан гэдэг биз?

-Мундаг анчин байсан. Мэргэн буудна. Хөвсгөлийн тайгад цаа унаад ан хийж явахдаа авахуулсан зураг нь энэ байна./үзүүлэв/ Аав бас улсын мэргэн харваач цолтой, сурын харваанд тун дуртай хүн байсан. Наадмаар төв цэнгэлэхэд очоод, сурын зурхай дээр л өнжинө. Тэнд л харваад байж байдаг сан.

-Та аавыгаа дагаж сур харваж сураагүй юм уу?

-Жаахан байхдаа хүүхдийн сурын харваанд сум тавьдаг л байсан. Тууштай харваагүй ээ. Харин сонирхуулж хэлэхэд аав минь бас шагай тун сайн харвадаг байсан. Нэг ёсондоо өнөөгийнхөөр бол хообий нь юм даа. Цүнхтэй зээрийн шагайгаа аваад л айлуудаар тоглоод явдаг байв. Шагай харваж явсаар заримдаа шөнө оройхон гэртээ ирнэ. Нэг удаа оройхон ирээд хашааны хаалга түгжээтэй байхаар нь даваад ороод ирж л дээ. Гэтэл хашааны гадаа цүнхтэй зээрийн шагайгаа мартаад орхичихож. Тэгээд шагайгүй болж байсан гэдэг.

-Зан чанарын хувьд ямар хүн байв?

-Улсын баатрууд дотроо их томоотойд л орно. Даруухан, сайхан зантай хүн байсан.

-Гонгор баатар эх орны дайны үед Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэхээр явж байсан байх аа?

-Тийм. Би бага байсан. Бэлэг хүргэж өгөөд ирлээ гээд надад хоёр хайрцаг дүүрэн тоглоомон туулай авчирч өгч байсныг санадаг юм.

-Баатар маань эхээс хэдүүлээ хүн байсан юм бэ.?

-Аавын түүх намтарт ард Шагдарын гутгаар хүү болж төрсөн гэж байдаг. Тэгэхээр лав эхээс гурвуулаа байж таарна. Дороо дүүтэй байсан эсэхийг мэдэхгүй. Ах, эгч хоёр нь Хэнтийдээ амьдарч байгаад өөд болсон. Аав ярихдаа багадаа тарвага, зурам агнаж амь зуудаг байсан. Тарвага буудсаар байгаад мэргэн болсон гэдэг байв.

-Хэдэн онд өөд болсон юм бэ?

-Аав 1982 онд өөд болсон. Одоо байвал 97-той байх байсан.

-Аавын тань эдэлж хэрэглэж байсан дурсгалтай эд зүйлсээс танд бий юү?

-Надад нэг калибрь буу нь бий. Бусад томоохон зүйлсийг нь улсад өгчихсөн. Тавин насны нь ойгоор би Барилгын техникумын Содов багшийгаа дагуулж ирж, аавын амьд яриаг хуурцагт бичүүлж авсан юм. Одоо Содов багшаас тэр яриаг өгөөч гэж гуйсан чинь “Чамд өгөхгүй, улсад өгнө” гээд байгаа. Өвгөн нэгийг бодож байгаа байлгүй. Би өмнө нь аавын тухай нэг сайхан видео киног алга болгочихсон юм. Тэр кинонд л их харамсдаг. Уг нь Батлан хамгаалах яамныхны хийсэн кино. Яаманд хувь нь байдаг л байх.

-Ингэхэд та хэдэн дүү дагуулсан бэ. Одоо Гонгор баатрын үр хүүхэд, ач зээ нар хаана амьдарч байна вэ?

-Дүү охинтой байсан. Дүү маань дөрвөн хүүхэд гаргаад өөд болсон. Тэднийг нь би өсгөсөн дөө. Одоо хүүхдүүд маань өнөржөөд олон сайхан ач зээтэй, арваад айл болсон. Эд бол аавын жинхэнэ цусан төрлүүд. Хүүхдүүд одоо Чингэлтэйд аж төрцгөөж байна. Би тэднийхээ ойролцоо хашаа байшинтай. Аавын сүүлд суусан эхнэрийн хүү нас барсан. Түүний хүү хоёр гурван хүүхэдтэй.

Ач зээ нараас нь өвөөгөө дууриаж цэргийн хүн болсон хүн байна уу?

-Аавын сууж байсан хүний хүүхэд цэргийн газар ажиллаад дэд хурандаа цол хүртсэн.

Аавынхаа нутагт очдог уу?

-Нутгаар нь очдог. Хэнтийд аавын эгчийн хүүхдүүд байгаа.

-Монгол Улсын анхны баатарыг алдаршуулсан хөшөө дурсгал байдаг уу?

-Хэнтийгээр очдог. Тэнд л лав хөшөө байхгүй. Халх голд баатар болсон газар нь дурсгалын самбар байгаа. Нэрэмжит болсон байгууллага ч байхгүй. Харин Хөвсгөлийнхөн аавыг аймгийнхаа хүндэт иргэн болгосон юм билээ. Нутаг орныхон нь юу бодож байгаа юм. Өөрийнх нь амьдарч байсан 40 мянгатын байранд самбар босговол яадаг бол гэж боддог.

Г.Сонинбаяр

Eagle.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*