Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халх голын дайн геополитикийн дайн байжээ

1939 онд Халх голд юу болсон бэ. Халх голын дайн Япончуудын нэрлэдгээр Номунханы хэрэг явдал байв уу. Тулгаралт, тулалдаан төдий байв уу. Он цаг өнгөрөх  тусам дээрх асуултууд хариулт нэхсээр байна. Өнөөг хүртэл Халх голын дайн, Халх голын тулалдаан, байлдаан гэх мэтээр ялгаатай бичсээр ирсэн.

Юутай ч Халхын голын дайн нь зарлаагүй дайн байсан юм. Чөлөөт нэвтэрхий тольд бичсэнээр энэ бол ЗХУ-Японы хилийн дайн буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Тиймээс Халх голын дайныг эдүгээгийн Монгол, Хятадын хил орчмын Номоунхан хэмээх ганц уулын төлөөх тулалдаан байсан гэвэл дэндүү өрөөсгөл болно. Номонханы тулгаралт бол Халх голын дайны шалтаг төдий л хэрэг явдал байжээ.

Учир нь 1939 онд япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй улс байгуулснаар Монгол Улстай хил нийлэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байсан бол монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрын цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол Улсын нутаг гэж үзэж байсан юм. Эндээс япончуудад хилийн будлиан, мөргөлдөөн гаргах шалтаг бий болжээ.

Энэ дайны түүхэн нөхцөл байдлыг сөхөн харах юм бол Японы эрх баригчид бүр 1889 оноос Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт халдан түрэмгийлэх бодлого баримталж эхэлсэн байдаг. 1929 оны эдийн засгийн хямралаас улбаалсан хүндрэл, байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь япончуудад нэрмээс болж байлаа.

Тиймээс Токиогийн эрх баригчид геополитикийн нөлөөгөө нэмэгдүүлж, хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгожээ. Ингээд “Аугаа их Дорнод Азийн хөгжил цэцэглэлтийн төлөвлөгөө” гэгчийг боловсруулсан байна. Энэ төлөвлөгөө нь хоёр чиглэлтэй. Өмнөд чиглэл нь Номхон далай, Австрали, Индонези, Бирм, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгөх. Энэ нь АНУ, Английн колониудийг булаан авна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл дээрх их гүрнүүдийн сахлаар оролдоход хүрнэ. Токиогийн “агуу” төлөвлөгөөний хоёр дахь чиглэл буюу умард чиглэл нь эх газраар Хятадыг буулган авах, улмаар Манжуур, Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь, Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байсан ажээ. Энэ хоёр чиглэлийн алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдгээс болж Японы цэргийн дээд командлагчид хоёр хуваагдаж байв.

Харин оросууудын хувьд Монголыг бусдад алдахгүй байхыг чухалчилжээ. Учир нь тэд баруун этгээддээ асуудалтай байгаа нөхцөлд хоёр фронтод зэрэг байлдахаас зайлсхийж байсан хэрэг.

Өвөр Байгалийн сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь цэрэг-стратегийн аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг ЗСБНХУ-ын эрх баригчдын тооцсон буй за.

Юутай ч япончууд Монголын хил, Манжуур, Хайлаар орчимд цэргийн  хүчээ төвлөрүүлж эхэлжээ.

– Монголын эр цэргүүд. Халхын гол. 1939 он  –

Манжуур болон БНМАУ-ын зүүн хил дээр япончууд цэрэг дайны бэлтгэл хийж байгаа тухай Зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге мэдээлж байжээ. Тэрээр орон нутгийн мөргөлдөөнд хүргэх өдөөн хатгалгыг япончууд 1939 оны хавар хийхээр төлөвлөж байгааг мэдээлж байсан гэдэг.

Түүний мэдээлэл батлагдаж Халх голын анхны томоохон мөргөлдөөн 1939 оны тавдугаар сарын 11-нд болжээ. Харин Халх голын шийдвэрлэх тулалдаан 1939 оны долдугаар сарын 08-наас наймдугаар сарын 20-ны хооронд болсон байна. Баянцагаанд 1939 оны наймдугаар сард болсон шийдвэрлэх тулалдаан Халх голын дайны хувь заяаг шийдсэн гэдэг. Тиймээс энэ өдрийг Халх голын дайны ялалтын өдөр гэж үздэг юм.

Баянцагааны тулалдаанд Зөвлөлтийн цэргийн удирдлагууд 82, 57 дугаар буудлагын дивиз, танкийн зургадугаар хороо, агаарын десантын 212 дугаар бригадыг хүч нэмэгдүүлэн авч иржээ. Мөн байлдааны онгоцны тоог 515 болгосон байна.

Монголын тал маршал Х.Чойбалсангийн удирдсан 6000 гаруй хүнтэй дөрвөн морьт цэргийн дивизээр хүч нэмэгдүүлсэн аж. Ингэснээр Монгол, Зөвлөлтийн цэргийн тоо Японы түрэмгийлэгчдээс илүү гарчээ. Тухайлбал явган цэргийн тоогоор 1,5 дахин, танкийн тоогоор дөрөв дахин, артиллерын зэвсгийн тоогоор хоёр дахин, онгоцны тоогоор 1,6 дахин илүү болжээ.

Халх голын байлдааны шийдвэрлэх ажиллагааг ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирдсан байна. 1939 оны наймдугаар сарын 20-нд Монгол, Зөвлөлтийн цэргүүд агаарын цохилт өгсний дараа давшилт хийжээ. Улмаар наймдугаар сарын 23-нд Японы зургадугаар армийг бүсэлж, наймдугаар сарын 28-нд дайсныг бут цохижээ.

– Ялсан жанжид. Халхын гол. 1939 он –

Ингээд наймдугаар сарын 31-нд БНМАУ-ын нутаг дэвсгэр Японы түрэмгийлэгчдээс бүрэн чөлөөлөгдсөн байна. 1939 оны есдүгээр сарын 15-нд Москва хотод Япон-ЗХУ-ын хооронд гэрээ байгуулж есдүгээр сарын 16-ны өдрийн 14 цагаас дайны ажиллагаа зогссон түүхтэй.

Японы тал Халх голын дайнд 61 мянган цэргээ алдсан баримт бий. Харин Японы түүхчид Халх голын тулаанд 8000 цэргээ алдсан гэж үздэг. Харин Зөвлөлтийн талаас найман мянган цэрэг амь үрэгдэж, 16 мянган цэрэг шархаджээ.

Халх гол дахь агаарын тулааныг цэргийн түүхэн дэх хамгийн том агаарын тулалдаан, дэлхийн хоёрдугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур гэж үздэг билээ. Тухайлбал, 1939 оны наймдугаар сарын 20-нд болсон Зөвлөлт, Монголын дайчдын их давшилтын үеэр Зөвлөлт, Монголын нисгэгчид 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсны талд цохилт өгсөн байна. Үүнтэй нэгэн зэрэг дайрагч хэсгийн 44 онгоц дайсны агаарын их бууны цэгүүдийг довтолсон гэдэг.

Энэ өдрийн турш дайсны байрлалд нийтдээ 166 тонн бөмбөг хаяжээ. Наймдугаар сарын 21-нд Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчилсан 41 бөмбөгдөгч агаарт гаргасан байна. Тамсагбулагийн чиглэлд болсон энэ тулаанд Зөвлөлтийн талаас 184 онгоц орж агаарт хоёр талаас нийтдээ 300 гаруй онгоц гарч тулалдсан ажээ.

– Ki 27 буюу Зөвлөлтүүдийн нэрлэж байсан И-97

Нэгдсэн дүн мэдээгээр 1939 оны тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 15 хүртэл Халх гол орчимд Зөвлөлтийн нисгэгчид 20 мянга 524 удаагийн нислэг үйлдсэний 18,5 мянга нь сөнөөгч онгоцны, 2015 нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан гэдэг. Халх голд Японы тал 646 онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 258 онгоцоо алджээ.

– Г.Хүүжий: Халх голын дайнд П.Чогдон баатрын заставынхан хамгийн олон тулаанд орж, үнэмлэхүй гавьяа байгуулсан –

Халх голын дайны талаар ахмад хилчин, бэлтгэл хурандаа Г.Хүүжийгийн яриаг хүргэе.

-Халх голын зарлаагүй дайны оршил хэрхэн өрнөсөн нь анхаарал татдаг. Та хилийн түүхч хүний хувьд энэ талаар эхлээд ярина уу?

-1938 оноос эхлэн хамгийн түрүүнд байлдааны байдалд орсон отряд бол Тамсагийн отряд. Тамсагийн хойд тал, Мэнэнгийн их талын цаад талын өргөн уудам нутагт баргын айлууд орж ирээд эзэлчихсэн байсан. 1935 оноос эхлээд л орж ирээд, нүүж гараад байснаа сүүлдээ цэрэг, цагдаагаар хамгаалуулсан олон айл нүүж ирээд буусан. Халх голын цаад эрэгт бас баргууд нүүж ирсэн. 1935 онд япончууд дайраад Халх сумийг эзэлчихсэн. Буйрын наад талд Булан дэрс, Улаан худаг, Хуцын ар булагт япончууд бүр цэрэгжүүлсэн хилийн харуул тавьсан. Тэр бол уг нь манай нутаг юм. Халх голын цаад талд байсан барга айлууд улаан, цагаанаар ялгаж будсан хилийн тэмдэг Халх гол хавиар тавьж эхэлсэн. Энэ нь манай нутаг гэсэн санаа. Тэгээд манай хилчдийг дөхөж очихоор бууддаг болсон. Энэ явдал түгшүүр төрүүлсэн. Хилийн цэрэг шууд байгуулагдаад л тэмцэж эхэлсэн. 1939 оны эхээр маршал Х.Чойбалсан түүгээр явж байгаад отрядын дарга нар болох “орилоо” Бат-Очир, Мядагийн Цэдэндамба хоёрт баргын айлуудаа гарга, яаж гаргадгаа өөрсдөө мэд, болвол буу дуугаргалгүй гарга гэсэн. Тэгээд Халхын голын отрядын комиссар Борын Цэвэгжав нар цэргүүдээ дагуулж айлуудаар хэсэж ухуулга хийж эхэлсэн. Манай нутгаас та нар гар, магадгүй буу дуугаргаж мэднэ, амь хохирохгүйн тулд та нар зайл гэсэн. Тамсагийн хойд талаар ч тийм ухуулга хийсэн. Тэр ухуулга нөлөөлсөн үү, эсвэл 1939 оны хавар болох тулалдааныг мэдсэн учир тулалдааны талбараа чөлөөлөх гэсэн үү арагшаа нүүсэн. Япончууд өөрсдийн санаачлагаар татсан ч байж болно. Тэр айлуудыг татаж аваад, хилийн харуулууд л үлдсэн. Манай хилийн харуулууд Хонгор хулстай, Гурван шавартай гээд бүр нутгийн гүнд барга айлуудад түрэгдэн орж ирчихээд байсан. Тэр үед хоорондоо буудалцан хүний амь хохирсон явдал ч гарч байсан. 1939 оны нэгдүгээр сард япончууд Халхын голын цаад талд хүчээ татаж, хэсэг бүлгээрээ, батальон, сумангаараа нэвтрэн орж ирж өдөөн хатгадаг болсон. Тиймээс Халхын голын наад талд байсан Сүмбэрийн застав, Эрс уулын застав хамгийн түрүүүнд бүр 1939 оны нэгдүгээр сараас эхлэн тулгаралтад оролцсон. Халх голын байлдааныг 1939 оны тавдугаар сард эхлээд наймдугаар сард дууссан гэдэг ч хилчдийн хувьд үндсэндээ нэгдүгээр сард эхлээд 10 дугаар сар өнгөргөж байж буун дуу зогссон.

– Гал зогсоох хэлэлцээ. Халхын гол. 1939 он –

-Халх голын дайны хүнд бэрхийг хилийн цэрэг нуруундаа үүрсэн. Энэ тухай ярих зүйл их байгаа байх даа? 

-Зургадугаар сарын нэгнээс эхлээд өргөн фронтоор япончууд орж ирсэн тул Эрс уулын заставынхан байлдааны байдалд орсон. Халхын голд тэр өвөл их цас орж 40 гаруй хэм хүйтэрсэн. Халх гол хадаалж ус халин уур гараад чийгтэй хүйтэн, нөхцөл байдал хүнд байв. Хилчид элсэн манханд байрлаж, долоо хоног, арав хоногоор манаанд гардаг байсан гэдэг. Тэдний иддэг юм нь адууны мах байсан. Хөлдүү адууны махтай, түүнийгээ гэсгээж гал гаргаж болдоггүй. Утаа гарвал л япончууд ороод ирнэ. Шөнө гэрэл гаргаж болдоггүй байв. 1938 оны намар зүүн хилийн гурван отрядын офицеруудын 60-70 хувийг улс төрийн хэргээр барьчихсан байв. Тиймээс цэргүүдийн ихэнхийг найдваргүй гэж отрядын төв рүү татан дахин сургаж байсан үе. Заставуудын хамгийн олон хүнтэй нь 14-15, цөөн нь долоо, найман хүнтэй байлаа. Тийм хүнд нөхцөлд манай цэргүүдийн давуу тал нь газраа сайн мэддэг байв. Хаанаас хаа хүрч болох гээд маневрь хийх газраа сайн мэддэг. Улсын баатар П.Чогдон, С.Төмөрбаатар нарын гол арга тэр. Япончууд хүний нутагт байгаа болохоор хаана юу байгааг мэддэггүй. Газрын зураг дээр нэг юм төсөөлмөр болдог байсан биз. Манай цэргүүд буудалцаж байгаад болохгүй болохоор нь зайлчихдаг. Манай заставууд маш амжилттай байлдсаны нууц газар нутгаа мэддэгийнх байв. Газраа мэдэж байсан нөхцөлд яаж ч байсан амиа авч гарна. Тиймээс олон удаагийн зэвсэгт мөргөлдөөнийг Чогдонгийн заставынхан няцаасан. Маш амжилттай байлдаж гавьяа байгуулсан. Сүүлд тэдний заставыг хүч нэмэгдүүлж дэргэд нь буудлагын салаа байгуулсан юм билээ. Зөвлөлтийн хилийн цэргийн тухай номонд “Хилийн цэрэг бол дээд командлалын сонирхолд тагнуулын үүрэг гүйцэтгэх үүрэгтэй” гэж байдаг. Яагаад гэвэл нутгаа сайн мэддэг учраас түүнийг нь ашигладаг хэрэг. Маршал Г.К.Жуков түүнийг мэддэг байв. Манай хоёр застав дайсны ард талд гарч тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан. 14 хөнгөн пулёметтай, 70 гаруй хүн шөнө дайсны хориглолт дундуур гараад ард талд нь оччихож байсан. Яагаад гэвэл газраа мэддэг учраас. Газраа мэддэггүй байсан бол дайсны дээрээс буучихна шүү дээ. Тэгээд ард талд гарчихаад Хулд уулын тэнд байрласан. Халхын голын зүүн эрэгт япончууд, баруун эрэгт нь Монгол, Зөвлөлтийн дайчид хориглочихоод байхад манайхан хаа байсан зүүнтээ Хулд ууланд оччихсон байв. Хулд уулыг япончуудад хоёр алдаж гурав авсан. Ухраад, давшаад л займчаад байхад дайсан яаж ч чадахгүй байсан гэдэг.

Г.Сонинбаяр

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*