Орчин үеийн залуус аавыг Төрийн сүлд дуулалаар л мэддэг болжээ
Энэ хүн хэн билээ?
-Ц.Дамдинсүрэнгийн охин шүү дээ.
-Ямар Дамдинсүрэн?
-Төрийн сүлд дууллын зохиогч?
-Аан. Тийм үү… гэж хэсэг оюутан залуус хоорондоо ярилцахыг Анна Дамдиновна Цендина сонсчээ. Тэрбээр “Одоогийн залуус манай аавыг Төрийн сүлд дуулалаар нь л мэдэж байна. Уг нь аавын минь хэд хэдэн том гавьяа бий” хэмээн эхнээс нь онцлов. Нэгт, Монголын нууц товчоог орчин цагийн хэлэнд орчуулж, ард түмэндээ хүртээлтэй болгосон. Хоёрт, хуучны олон ном судрыг эрэн хайж, хадгалж, улсын номын сангуудад хүлээлгэн өгсөн. Гуравт, 1950-1960 онд монголчууд хэл соёлтой, утга зохиолтой, том эрдэмтэдтэй байсан гэдэг санааг гаргаж, тэмцэж байсан. Тэрний төлөө үндсэрхэг үзэлтэн гэж бурууmгагдаж явсан. Тэр бол их том гавьяа. Дөрөвт, шинэ крилль үсэг зохиосон явдал гэв.
Ийн Монгол Улсын төрийн гурван удаагийн соёрхолт, Ардын уран зохиолч, Академич Ц.Дамдинсүрэнгийн охинтой гэр музейд нь ярилцах боломж олдсон юм. Тэрбээр сүүлийн 15 жил зуны гурван сараар Монголд ирж буй. Энэ удаа тэр төрсөн гэртээ амарч бас чамгүй ажил амжуулсан тухайгаа хэлж байв.
-Та сайхан зусч байна уу. Монголд хэзээ ирэв?
-Би Монголд жил болгон ирдэг. Цар тахлын үеэр 2020, 2021 онд л ирж чадаагүй. Өнгөрсөн жил бас ирсэн. Энэ удаа хоёр сарын хугацаатай ирлээ. Одоо сар гаруй болж байна. Энэ сарын сүүлчээр ОХУ-руу буцна. Есдүгээр сарын 1-нд хичээл, сургууль эхэлнэ. Тэрнээс өмнө явах ёстой. Энд ирээд сайхан амарлаа. Зарим жил ерөөсөө амарч чадахгүй, судалгааны ажлаа хийсээр буцдаг.
-Ширээн дээр тавьсан баглаа цэцэг таны төрсөн өдрийн бэлэг гэсэн үү?
-Тийм ээ. Сайхан үнэртэж байна уу. Миний төрсөн өдөр наймдугаар сарын 11-нд болсон. Монголд жил болгон ирж төрсөн өдрөө тэмдэглэдэг. Сүүлийн хэдэн жил монголч эрдэмтдийн хурлаар яг миний төрсөн өдөр таарсан.
Их хурлын үеэр болдог учраас зарим хүмүүс мэдчихсэн байдаг. Зарим нь надад баяр хүргэж, цэцэг бэлэглэдэг юм.
-Төрсөн өдөр гэснээс аавыг тань төрөхөд нутагт нь хээл худаг барьсан гэдэг юм билээ?
-Тэр худгийн талаар “Ц.Дамдинсүрэнгийн намтрын хуудас” номонд дэлгэрэнгүй бичсэн. Аав өөрөө энэ тухай ярьсан байдаг юм. Миний санахад, өвөө нь ач хүү төрлөө гэж бэлгэшээж, шинээр хээл худаг ухсан юм гэдэг. Өвөө нь худаг гаргадаг хүн байсан юм билээ. Аавын төрсөн газрын ойрхон Дорнод аймгийн Матад суманд нэг хөшөө босгосон байдаг. Академич Д.Цэрэнсодном гуай Халхгол сумын хүн. Тэр хүн аавын төрсөн нутгийг зааж өгч, хөшөө босгосон нь тэр. Би тэнд олон удаа очсон.
-Монголд ирэхдээ аавынхаа гэр музейдээ байрладаг уу?
-Тийм. Би сүүлийн хэдэн жил энд буудаг болсон. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн энэ гэр музейг авч явдаг юм. Би Монголд 2010 оноос хойш жил бүр ирдэг ч гэртээ биш танилындаа, түрээсийн орон сууц эсвэл зочид буудалд байрладаг байсан. Харин Хэл зохиолын хүрээлэнгийхэн намайг өөрийн гэртээ /Ц.Дамдинсүрэнгийн гэр музей/ байх боломж олгосонд маш их баяртай байгаа.
Гэртээ байх нь надад сайхан санагддаг. Энэ миний төрсөн гэр орон. Энд аавын бүх ном судрууд байгаа учраас ажлаа хийж чадаж байна. Бас хотын төвдөө бүх зүйлдээ ойрхон.
-Музей болгосон учраас үр хүүхдүүдийг нь оруулдаггүй байсан юм уу?
-Ер нь дарга нар нэг их дуртай байгаагүй. Сүүлд зөвшөөрөл өгсөн. Аав 1976 онд хурлаар Москвад очоод бие нь муудсан. Бид аавыг “Энд эмнэлэгт хэвт” гэсэн нутаг руугаа буцна гээд ниссэн. Тэгээд онгоцноос буугаад шууд хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн. Би долоо хоногийн дараа ирж, аавыг шавьтай нь сахиж байсан.
Удалгүй аав бурхан болж, энэ их ном судар, орон сууцыг яах вэ гэдэг асуудал тулгарсан. Тухайн үед надад тал талаас олон санал ирсэн. Зарим нь ном судраа зарчих гэсэн бол нөгөө хэсэг нь номын санд тушаачих гэсэн.
Бид бодож бодож “Энэ бүгдийг аавын шавь нарт өгье” гэхэд шавь нар нь айсан уу хэн нь ч аваагүй. Тэгтэл академич Н.Содном гуай “Та нар гэр музей хийгээч” гэсэн. Бид ном судрыг нь ОХУ руу авч явж чадахгүй шүү дээ. Тэгээд орон сууцанд байгаа бүх эд хогшлыг улсад бэлэглэхээр болсон. Тэр үед хотын даргаар Б.Алтангэрэл гэж хүн ажиллаж байсан. Тэр хүн намайг өрөөндөө дуудаад “Өөрсдийн өмчөө яах гэж улсад бэлэглэж байгаа юм бэ” гэж загнасан. Бид Монголд амьдардаггүй байсан болохоор шууд бэлэглэсэн. Хэрвээ амьдардаг байсан бол музей болгоход хэцүү шүү дээ.
-Гэртээ орж ирээд хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
-Би одоо 69 настай. Хүүхэд нас минь сайхан ч байж. Би энд ирж ажлаа хийдэг болохоор миний ажлын байр болсон гэж хэлж болно. Гэртээ орж ирээд голцуу ажлаа яаж хийх үү, яаж ном судар хэвлэх үү л гэж боддог доо. Ах нар маань 1998 онд аавын 90 жилийн ойгоор гэртээ орж ирээд “Энэ манай шүүгээ байна” гээд л их гайхацгаасан. Би бол байнга ирдэг болохоор нэг их сонин санагддаггүй.
-Нэг тамхи татчих уу?
-Болно.
-Эх орондоо ирэхээр сэтгэл догдлоод тамхинд орчихдог юм. Буцаад явахаараа тамхи татахаа больчихдог.
-Та Монголд яг энэ байранд төрж өссөн байх аа?
-Би яг энд төрсөн. Монголд амьдарч байхад ээж 42 насандаа намайг төрүүлж, би 1954 онд төрсөн. Аав 47 настай байсан байх. Гурван хүүтэй байж яах гэж намайг төрүүлсэн юм бол гэж гайхдаг юм. Айлын ганц охин учраас мэдээж би хамгийн эрх нь байсан. Манай том ах надаас 17 насаар ах байсан. Одоо том хоёр ах маань бурхан болсон. Нэг ах маань Москвад (Петербургт) ажиллаж, амьдарч байна.
-Монголд ирэхээр хүмүүс хэр хүлээж авдаг вэ?
-Намайг Монголд ирэхээр хүмүүс их сайхан угтаж авдаг. Бараг л Монголын маань бүх эрдэмтэд танина. Харин би заримдаа хүн таньдаггүй. Шинжлэх ухааны академийн удирдлагууд, Хэл зохиолын хүрээлэнгийнхэн маань байна. Бараг хамаатан садан шиг минь болж, надад сайхан хандаж, тусалдаг. Монгол Улсын их сургуулийнхан бас их тусална.
-Том эрдэмтний охин гэж саймшрах, тал засах хандлага мэдрэгддэг үү?
– За даа мэдэхгүй ээ. Би өөрөө мэдэрдэггүй. Хүмүүс тийм хандлага гаргадаг байж магадгүй. Гэхдээ аав, ээж маань их энгийн хүн байсан. Ээж том эрдэмтний эхнэр гэж гэдийж, их зан гаргадаггүй хүн байсан. Энэ бүхэн аав, ээжийн минь гавьяа шүү дээ.
-Тантай холбоо барихад хөдөө явж магадгүй гэж байсан шүү дээ. Энэ зун хөдөө явсан уу?
-Би сая хөдөө яваад ирсэн. Энэ жил Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгаар явлаа. Жил болгон ОХУ-аас судалгааны анги ирдэг юм. Тэр хүмүүс хуучны аман зохиол судалдаг. Бас хэл судлалын хэдэн хүүхдүүд ирдэг. Энэ жил намайг “Хамт хөдөө яваач” гэхэд нь өчигдөр явах боломжгүй гэдгээ хэллээ. Жаахан ядарч байна. Хол зам туулж, хоол унд таарах таарахгүйгээс эхлээд нас ахиад ч тэр үү ядардаг болж.
Миний өөрийн ажил бас амжихгүй байна. Одоо 14 хоноод ОХУ-руу буцна. Дорнод аймаг руу энэ жил явж чадсангүй.
-Авга нартайгаа холбоотой байдаг уу?
-Цөөн хүмүүс бий. Дорнод аймгийн Матад суманд, Чойбалсанд амьдардаг юм. Цэнхэрмандал суманд аавын дүүгийн хүүхдийнх нь хүүхдүүд амьдарч байгаа. Хааяа уулздаг юм.
-Хувийн амьдралаа ярьж болох уу?
-Одоо юу ярихав. Надад нөхөр, хүүхэд байхгүй. Би Москвад ганцаараа амьдардаг. Бага ахын хүү 50 настай нөхөр надтай хамт амьдардаг. Цаашаа юу ярихав дээ.
-Та Москвад Эдийн засгийн их сургуулийн Дорнодын сонгодог судлалын институтэд багшилж байгаа юу. Ер нь Монгол, түвэд хэл судлаач их ховор байдаг уу?
-Одоо тийм болоод байна. Гэхдээ Монголын түүх, соёлыг судалъя гэвэл түвэд хэл мэдэх зайлшгүй шаардлагатай. Түвэд хэл мэдэхгүй бол хол явахгүй. Монголд түвэд хэлтэй хүн тун цөөн болжээ. Би үүнийг маш их гайхаж байна. Ном судар үзэж, таниж мэдэх хүмүүс цөөн болж. Орчин цагийн хандлага тийм байна. Ажлын байртай салбаруудыг түлхүү дэмжиж байна. Хуучин түвэд хэлний анги гэж байсан. Тэрийг хаачихсан. Ингээд бодоход маш харамсалтай. Тийм учраас түвэд хэлтэй хүмүүс лам нар л болж. Шашин, шинжлэх ухаан хоёр тэс өөр салбар шүү дээ.
Ирээдүйгээ бодоогүй бодлого юм уу. Одоо тэгээд бүх юмны эзэн мөнгө болсон хойно их хэцүү юм.
Гэхдээ ОХУ-д монгол, түвэд хэлний ангийг нээсэн. Би бол хуучин Шинжлэх ухааны академиасаа гарч, Эдийн засгийн их сургуулийн Дорнодын сонгодог судлалын институтэд багшилж байгаа. Манай оюутнууд сая Монголд ирсэн. Тэд монгол хэлийг маш их сонирхож, Монголын фанатууд болж байна. Их сургуулийнхаа дарга нарыг сайшаамаар байна. Дорно дахины соёл, хэлний ангийг нээж байна. Жишээлбэл, Лаос, Индонес, Монгол, Түвэд хэлний анги гэх мэт. Манай ангийг төгссөн хүүхдүүд бүгд монгол судлаач болохгүй ч ганц хоёр хүүхэд салбартаа ажиллаж байна. Одоохондоо гайгүй ээ. Цаашаа юу болохын бүү мэд.
-Аавынхаа цуглуулсан ховор ном судраас онцлон танилцуулбал. Гэр музейд нь 3000 гаруй ном судар хадгалаастай байдаг гэж сонссон?
-Манай аав чинь дээр үеэс ном судар цуглуулж эхэлсэн. Хар бага наснаасаа гэж хэлж болно. Цуглуулсан номоо нэг бус удаа хураалгаж байсан. Сүүлд хөдөөгүүр явж лам нарын нууж дарсан хуучны ном судар их цуглуулсан. Хуучны ховор судар янз бүрийн хүний гарт орж, уулын агуйд байхад нь очиж, цуглуулдаг байсан. Ах нар бас хамт явж, тусална. Тэр номнуудаасаа Үндэсний номын сан, Хэл зохиолын хүрээлэнд өгдөг байсан. Намайг хүүхэд байхад манай байрны тагтны доор 3 тонны машин дүүрэн ном ачиж ирээд, хүүхдүүд тагтаараа дамжуулан номоо зөөж байлаа. Би ч аавтай ганц хоёр удаа хамт явсан. Дээр үед хуучны өвгөд нам засгаас айж эмээгээд хуучин ном судраа нууж, дарна. Түүнийгээ зүгээр нэг явуулын хүнд өгөхгүй шүү дээ. Манай аавыг мэддэг байсан учраас номоо өгнө. Зарим өвөгчүүлтэй ярьж хонож байгаад ном судраа авна.
Их сонирхолтой, цаашдаа ашиглая гэсэн судруудаа гэртээ үлдээдэг байсан. Аавыг нас барахад тэр номууд гэрт нь үлдсэн. Нийт 3000 гаруй ном судар бий. Тэр дунд ховор ном судар бас байна.
Жишээлбэл, “Цагаан цэцний эрдэнэ товч” судар олон хувилбар байдаг. Өвөрмонгол, ордос, манж, хятад орчуулга ч бий. Тэр дундаас аль нь эх хувилбар вэ гэж хэлэхэд хэцүү. Аавын цуглуулгад энэ судрын ганц хоёр хуучин хувилбар байдаг. Би одоо энэ дээр сууж байна. Бас “Асрагч нэртийн түүх” гэж судар байдаг. Д.Пэрлээ гуай эх хувилбараас нь хуулж, ном хэвлэсэн. Тэр чинь ерөөсөө ганц хувь. Аавын гэрт нэг хувь бас байна. Хөдөөгийн Пэрлээ гуай “Асрагч нэртийн түүх” гэж өөрөө нэрлэсэн. Учир нь номын эхний хуудас байгаагүй учир төгсгөлд “Асрагч бичив” гэж тэмдэглэснээр нэрлэсэн байдаг. Аавынд байгаа номын нэр нь “Чингис хааны түүх намтар хэмээхийн эх оршив” гэсэн нэртэй. Энэ мэт ховор сайхан ном судар олон бий.
-Аавынхаа ажлыг үргэлжлүүлэх гэж төрсөн юм шиг. Та их учиртай л хорвоод мэндэлж дээ?
-Би инженер болсон бол инженерийнхээ ажлыг л хийнэ шүү дээ. Манай ээж уг нь бага ахыг монгол судлал руу түлхсэн боловч огт зөвшөөрөөгүй. Манай ээж их зөөлөн хүн байсан. Гэхдээ зорьсондоо хүрчихдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүн. Намайг тэг гэвэл би тэгж хийхгүй. Тиймээс их зөөлөн аргаар намайг ятгасан юм шиг байна лээ.
-Сүүлд үр хүүхдүүд нь аавынхаа хөшөөг босгохоор зураг төслөө гаргасан ч тендерт ялаагүй гэж сонссон. Чухам юу болсон юм бэ?
-Уран барималч Ц.Амгалан аав утсаар ярьж байгаа эскиз зургийг хийсэн. Аавын хөдөлгөөн яг гарч байгаа. Аавын хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүүлд босгосон. Миний саналаар бол аавынхаа хөшөөг уран барималч Ц.Амгалангаар хийлгэх бодолтой байсан. Тэрбээр аавыг хэдэн удаа зурж, баримал хийсэн. Гэвч би дийлээгүй. Уг нь би МУИС-ийн шинэ номын сангийн үүдний хэсэгт баримлаа байрлуулахаар зураг төслийг нь гаргасан байсан. Бүтээгүй ээ. Хотын захиргаанаас тендер зарлаж бид нар тэнцээгүй.
Би аавын хөшөөг босгохоор хотын захиргаанд хандсан. Миний санал МУИС-ийн шинэ номын сангийн үүдэнд байрлуулна гэсэн чинь 2018 онд шийдвэр гарч, МУБИС-ийн өмнө олон мухлаг байгаа газар хөшөө барина гээд. Тэр мухлагийн эзэд их дургүйцсэн. Тэнд их олны хөлтэй газар байсан учраас сайн юм уу эргэлзэж байсан.
Тэгээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тавина гэсэн. Ц.Амгалангийн аав Цэвэгмэд гуай аавтай их сайн найзууд байсан. Тендер болоход бид итгэлтэй орж, өөрсдий зүгээс тодорхой мөнгөн тусламж үзүүлье гэсэн. Тэгсэн чинь тендерийн шийдвэр зарласан чинь тэс өөр хүн шалгарч, өөр компани ялсан. Бид бүр гайхаад гарч байлаа. Үндэсний цэцэрлэг хүрээлэнд босгосон хөшөөг одоо харахад бас гайгүй ээ. Охиных нь хувьд аав хэтэрхий баатар шиг болсон ч дүр төрх нь адилхан. Уг нь аав минь их сургуулийн гудамжаар насаараа явсан шүү дээ.
-Төрийн сүлд дуулалтай холбоотой маргаан олон жил үргэлжилсэн шүү дээ?
-Сүлд дууны тухай том маргаан болсон. Тэр талаар олон ч удаа ярьсан. Манай аавын сүлд дууг дээр үед бичсэн учраас Х.Чойбалсан, И.В.Сталин нарын тухай үг орсон байсан. Надад 1990-ээд оны эхээр бичиг ирүүлэхдээ “Хуучны энэ үг, үсгийг хасч болох уу” гэсэн. Би тэр үед зөвшөөрсөн. Дараа нь хэн нэгэн сүлд дуулалд шинэ үг нэмсэн. Би аавын сүлд дуу таарахгүй бол шинэ сүлд дуу зохиож болно. Гэтэл аавын шүлэг дунд дураараа үг нэмнэ гэдэг сонин бас гэнэн харагдаж байна.
Би тэрийг их гайхаад байдаг юм. Хүний шүлэг шүү дээ. Өөрөө амьд сэрүүн байхгүй ч залгамжилж буй үр хүүхдүүд нь байна.
Шинэ үсгийг өөрчлөх хандлага гарч, хуучин бичгээ сэргээе гэж байна. Крилль үсгийг өөрчилье гэсэн хандлага байна. Би монгол судлаачийн хувьд хэлэхэд шинэ үсгийн бичлэгийг их өөрчилж байна. Учрыг нь ойлгохгүй юм. Хуучин бичигт ойртуулж, тийм юм хийж байна. Жишээлбэл, гариг гэж бичдэг байсныг гараг гэж бич гэж байна. Тэр чинь хуучин бичигт тэгж бичдэг. Олон улс эртний архаик элемэнтээс ангижрая гэж байхад монгол архаик руу оръё гэж байна. Их сонин хандлага. Аав шинэ бичиг зохиохдоо халх аялгуунд тулгуурлаж байсан. Тийм хандлага харагаар уран зохиол бичиж байсан.
-Айлын бага охин их эрх танилхан өссөн байх?
-Бага насаа эргэн дурсахад их л сайхан цаг үе байж. Хүн болгонд л тийм байдаг биз. Би их зөрүүд охин байсан. Манай ээж анхнаасаа охинтой болохыг хүсдэг байсан тухайгаа надад хэлсэн. “Чи анхны хүүхэд маань болж төрсөн бол би дахин нэг ч хүүхэд төрүүлэхгүй байсан” гэж ярьдаг байсан. Манай ах нар бүгд Монголд орос сургуульд сурч, том ах алтан медальтай төгссөн.
Тийм болоод ч тэрүү монгол хэлээр сайн ярьж чаддаггүй байсан.Харин намайг монгол сургуульд оруулна гээд Хөгжим бүжигт оруулж, гурван анги дүүргэсэн. Тийм учраас би монгол хэлээр сайн ярьдаг.
Хөгжим бүжгийг төгссөн ангийнхан маань хэдэн жилийн өмнө уулзсан. Би төгөлдөр хуур тоглодог байсан. Миний багш бол Банди гэж дуучны эхнэр Григорьева гэдэг орос хүн байсан. Гэхдээ би гурван жил сурч байгаад, гэр бүлээрээ Орос руу явсан. Ленинградад орос сургуульд сурсан чинь би оросоор бичиж чадахгүй. Ярианы хэл байсан. Аав тэнд “Монголын рамаяна”-г судалж байсан. Тэр ажлаар очиход нь ес, 10 дугаар ангиа тэнд төгссөн.
-Та аав, ээжийнхээ хэнийг нь илүү дууриасан гэж боддог вэ?
-Бүү мэд. Зарим хүмүүс аавтайгаа ямар адилхан болоо вэ гэдэг юм. Зарим нь ээжтэйгээ адил байна гэдэг. Би хөгшрөх тусмаа ээжийгээ л их дууриаж байна уу гэж боддог. Манай аав их шогч хүн байсан. Тэр занг нь би дууриасан.
Ээж монгол хэлний ангиа төгсч, угсаатны зүйч болсон. Ленинградад алдартай анторпологийн музейд ажиллаж байсан. Монголд ирээд нэг хэсэг төв музейд ажиллаж байсан.
-Таныг монгол судлаач болоход ээж нь их нөлөөлсөн гэж байсан?
-Би өөрөө зурдаг байсан. Одоо ч зурахгүй л дээ. Том ахын эхнэр барималчин хүн байсан учраас Ленинградын төв хүүхэлдэйн театрт дагалдангаар оруулсан юм. Би тэнд ажиллах их дуртай. Нэг их удаагүй ч хүүхэлдэйтэй холбоотой гараараа л юм хийдэг хүн болно гэж боддог байлаа. Үнэндээ манай аав гарын ур дүйтэй хүн байсан. Юм засах хоббитой. Цаг засах маш дуртай хүн байсан. Тэрийг жаахан дууриасан юм шиг байна лээ. Тэгсэн ээж намайг “Монгол хэлний ангид сургана” гэхэд нь би “Үгүй ээ. Аав шиг хуучин ном судар үзэж, ширээний ард суугаад дэмий” гэлээ. Яасан юм бүү мэд ээж нэг жилийн дотор намайг ухуулж, ойлгуулаад 10 ангиа төгсөхөд “Би монгол түвэд хэлний ангид орно” гээд итгэчихсэн байсан. Тэгэхэд аав ээж хоёр Ленинградад байсан. Би их сургуулиа төгсөөд Москвад радиод ажилд орсон. Танил буриад авгай дурсаж ярихад “Аав манай Аня хулиган” гэж хэлж байсан гэдэг юм. Намайг тийм эрдмийн ажил хийнэ гэж бодоогүй байх. Тийм учраас нэг их монгол судлал руу шахаж түлхээгүй ээ.
Манай аав 1983 онд Сочид амралтаараа очиход нэг өгүүлэл бичиж, намайг орчуул гэсэн. Тэгээд би энэ яагаад ингэж байгаа юм бэ гэж шалгаахаар энэ бас нэг юм хийж болох нь ээ гэж үнэлж байсан.
Тэр үед хятадаас монгол руу нэвтрүүлэг хийдэг байсан. Би “Энх тайван дэвшил” гээд Өвөрмонгол руу нэвтрүүлэг цацдаг радио станцад ажиллаж байлаа. Тэнд олон монгол хүн томилолтоор ажиллаж, хуучин хөтлөгч, орчуулагчдыг сайн таньдаг байсан. Тэнд ажиллаад байхад аав “Чи нэг жоохон ном хийгээч ээ. Ба ба ба.. гээд” гэдэг. Гэхдээ ажил их байсан. Би эчнээгээр аспирантурт орсон. Москвагийн дэлхийн утга зохиолын хүрээлэнд сурч, дорно дахины хэлтэст эчнээгээр сурсан. Дөрвөн жип суралцаж төгсөхөд 1990-ээд он болж, радио ч нурлаа. Тэгээд би Дорно дахины хүрээлэнд ажилтан болж, судалгааны ажилд эргэлт буцалтгүйгээр орсон.
-Одоо харамсдаггүй биз дээ?
-Манай ажил их гоё. Хөгширч ирээд харахад миний насны эмээ нар тэтгэвэрт гарчихаад хэнд ч хэрэггүй болчихсон, гэртээ суугаад дэмий юм ярьж, дэлгүүр хэсч байна. Манай ажил чи залуу, хөгшин байхаас үл хамаарч үргэлж хийх юмтай байна. Би одоо ч ажлаа хийгээд явж байна.
Би энд аавын музейн доторх материалуудыг хэвлэх, хүнд хүртээлтэй болгох талаас нь ажиллаж байна. Нэлээд юм хийсэн. Энэ музей дотор аавын цуглуулга гэж нэлээд монгол түвэд судрууд байдаг. Түүний гарчгийг бид хийсэн.
Аавын эрдэм шинжилгээний бүх бүтээлийг есөн ботиор криллээр гаргасан. Тэр бас их амаргүй ажил байсан. Зарим бүтээлээ аав илтгэл тавиад хаячихдаг байсан ч юм бий. Бас “Зуун билиг” номыг криллээр буулгаж гаргасан. Хуучин судруудыг хөрвүүлэхийн тулд ядахдаа ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед би энд байгаа ховор судруудыг зургаар хэвлэх бодолтой байгаа. Хүнд хүртээлтэй болгоё. Хажуугаар нь өөрийнхөө ажлыг хийж байна.