Dornod.NET

Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хотоос “зугатаж” Дорнодод суурьшсан англи хэлний багш

Орон  нутагт ажиллаж амьдрах болсон залуусын түүчээ болоод байгаа нэгэн гэр бүлийг  бид энэ удаад онцолж байна. Дорнод аймагт амьдраад удаагүй ч англи хэлний сургалтын төвөө нээгээд амжилттай ажиллуулж буй О.Урангоотой ярилцлаа.

-Орчин цагийн залуус ихэвчлэн хотод амьдрахыг илүүд үздэг. Хөгжил  дэвшил, ар гэр, найз нөхөд гээд залуусыг  хотод  уях  шалтгаан их.  Та хоёр  яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар яриагаа эхэлье?

-Бид Дорнод аймагт  ирээд, есөн сар болж байна. Ер нь бол дөрвөн жилийн өмнөөс л амар тайван орчинд  амьдрах тухай  бодож  эхэлсэн. “Яагаад бид хотын  түгжрээнд, стресстэж амьдраад байгаа юм бэ” гээд нөхөртэйгөө нухацтай ярилцсан. Хотод бизнесийн орчин өрсөлдөөн их учраас, орон нутагт яг эрэлттэй газар нь сургалтын төвөө ажиллуулаад үзье гэж бодсон л доо. Танилууд  маань  хүүхдээ сургалтад суулгамаар байна, даана ч хол зөөж  чадахгүй нь гэдэг.  Хүүхдээ хөгжүүлье,  дугуйлан секцэнд хамруулъя гэхээр хүргэж өгөх, авах гээд  л асуудалтай тулгарна. Үндсэндээ замын түгжрээнд бүх амьдралаа түгжүүлсэн  мэт мэдрэмжийг бидэнд өгсөн. Бизнесийн хувьд ч түгжээнд орж байгааг харсан учраас, ерөөсөө л эндээс явъя гэдэг шийдвэрт хүрсэн. 

-Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бас бодсон байх?

-Тэгэлгүй яахав. Дорнодод  ирэхдээ би долоон сартай  жирэмсэн байсан. Дунд охиноо ”Интермэд” эмнэлэгт төрүүлсэн болохоор орон нутагт төрөхдөө айдастай байлаа. Гэтэл Дорнод маань зүүн бүсийн хамгийн том оношилгооны төвтэй юм билээ. Үнэндээ хотод авдаггүй үйлчилгээг энд авч гоё хүүхдээ гоё төрүүлсэн. Өсвөр насны охин маань хотод байхдаа бусад хүүхдүүдийн адилаар нийгмийн харилцаанд орохдоо сул, утасны хамааралтай байсан. Секц дугуйланд явуулъя гэхээр зөөж чаддаггүй. Ер нь хотынхоны нийтлэг  амьдрал тийм шүү дээ. Харин энд ирээд бидний амьдрал огцом өөрчлөгдсөн. Сурч боловсрох, өөртөө цаг гаргаж,  тайван тухтай  амьдрах боломжоо бид түгжрээнд үрж байснаа орон нутагт ирснийхээ дараа л мэдсэн.

ГЭР ОРНОО ЗАРААД ГАДАГШАА ЯВСАН ХҮМҮҮСИЙГ ЗОРИГТОЙ ГЭХ БАЙХ, ХАРИН БИД ЭХ ОРОНДОО ЗӨВХӨН БАЙРШЛАА СОЛИОД АМЬДАРЧ БАЙНА

-21 аймгаас  яагаад  заавал Дорнодод амьдрахаар болов?

-Хоёр жилийн өмнөөс л орон нутагт судалгаа хийж явсан л даа. Дорнод аймагт гадуур хүүхдүүд л явж байдаг. Яг л бидний бага нас шиг. Утас шагайсан хүүхэд нэг ч таарахгүй. Хүүхдүүд нь дор хаяж хоёр секц дугуйланд явна. Цэцэрлэгт хүрээлэнд хүүхдүүд нь дугуй унаж, волейбол тоглоно. Хүүхэд хүүхдээрээ өсөх орчин, боломж байгааг олж  хараад наашаа нүүх гэж яарсан. Төвдөө нийт 13 сургуультай гэхээр бусад аймгуудаас хамгийн олон сургуультай аймаг. Уул уурхайн хэд хэдэн том компанитай, аймагтаа өөрийн станцитай, зүүн бүсийн хамгийн том эмнэлэгтэй, иргэдийнх нь амьжиргааны түвшин сайн гэх зэргээр зүүн бүсийн хамгийн том хот байсан. Орон байраа зараад гадагшаа явж, байгаа хүмүүсийг “баяр хүргэе, ямар гоё юм бэ” гэдэг хэрнээ  бид хоёрыг зоригтой юм аа гэж гайхангуй асуудаг. Хүний нутагт, хэл ус мэдэхгүй, хамаг юмаараа дэнчин  тавиад явж байгаа нь өөрөө их зориг шүү дээ. Харин бид бол эх орондоо монголчуудынхаа дунд амьдарч байна. Зүгээр л байршлаа сольсон болохоос биш Монголдоо л амьдарч байна.

Зарим хүн орон нутагт амьдарна гэхээр доошоо орно гэж ойлгоод байх шиг. Хөдөө байгаа нь хотод гоё, хотод байгаа нь гадаад явбал гоё гэдэг нэг тийм урсгал үүссэн байна. Биднийг орон нутагт амьдрахаар шийдэхэд ухарч байгаа юм шигээр хүлээж  авсан хүмүүс олон.  Хөдөө амьдарна гэхэд ээж маань хамгийн их эсэргүүцсэн. Би чамд өчнөөн хөрөнгө оруулж, боловсрол эзэмшүүлж, хэл устай болгож байхад чи хөдөө ажиллах гэлээ гээд маш их эсэргүүцсэн. Харин намайг хүүхдээ төрүүлсний дараа ээж маань ирээд  их гайхсан л даа. Яасан их хөл хөдөлгөөнтэй газар вэ. Яг хот шиг гээд шоконд орсон. Сургалтын төвөө нээсэнд баярлаад, охиноороо бахархаж байна гэсэн. Одоо  бол  ээж маань  миний  хамгийн сайн дэмжигч.

-Хөдөө орон нутагт амьдаръя гэсэн ч зориглохгүй байгаа залууст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Зүгээр л яриад, бодоод, байх биш. Эхний алхамаа хий л гэж зөвлөнө. Ер нь бид цаг зав хөрөнгө санхүүгээрээ хохироод байдаг хэрнээ өөрөөсөө шалтгаалах шийдвэрийг гаргадаггүй. Хөдөө орон нутаг руу нүүх бодол байгаа л бол очоод судлаад амьдраад үз гэж би зөвлөнө. Тэгвэл аяндаа шийдэл гараад эхэлнэ. Ер нь нүүхээсээ өмнө очоод үз. Хөдөө амьдрах  орчин байхгүй гэж хүмүүс бодоод байдаг. Ерөөсөө тийм биш. Тэр орчин чинь та нарын тархинд л байгаа.

– Орон нутагт ажлын байр хомс байдаг шүү дээ. Дорнодод  ажлын байр хэр вэ?

Ажлын байр боломжийн санагдсан. Аймагтаа мах, гурил, хиамны үйлдвэртэй. Том өргөтгөл барьж байна. Мянган хүний ажлын байр нээгдэх гэж байна. Том эмнэлэгтэй. Хувийн эмнэлгүүд цөөхөн учраас энд ирээд уламжлалт бариа заслын эмнэлэг, сувилал нээсэн ч болно. Энд хүүхдүүдийн оюуныг задлах юм хэрэгтэй.

Хотыг бодвол өрсөлдөөн бага учир ямарч бизнесийг, хүмүүсийн сэтгэлд хүртэл хийх боломжтой. Бизнесээ л бэлтгэх хэрэгтэй. Хотод хоёр жилд босох бизнес энд зургаан сарын дотор босно шүү.

“АНГЛИ ХЭЛ СУРААД ДЭЛХИЙН ТОП  СУРГУУЛЬД ОРНО ГЭДЭГ ХЭЦҮҮ БИШ”

-Англи хэлний төвүүд хэр их байдаг вэ? Дорнодын  хүүхдүүдийг Англи хэлний ielts,tofel-ийн өндөр оноо авч тэтгэлгээр суралцах хүртэл нь сургалтаа явуулна гэсэн том амбицтай юм байна лээ?

-Энд ирээд багш нараа бэлтгээд, цомхон хамт олонтой болсон. Англи хэл мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг хүмүүс Монголд их байдаг даа. Хүүхдээ гадаадад тэтгэлэгтэй суралцуулах хүсэлтэй ч хэрхэн, яаж гэдгээ мэддэггүй. Эсвэл 12-р ангид орсоных нь дараа хүүхдээ гадаадад сургамаар байна гэдэг. Гэтэл үнэндээ наймдугаар ангиас бэлтгэх асуудал байдаг. Ямар мэргэжлээр суралцах, мэргэжлийнхээ дагуу сайн дурын болон сайн үйлсийн аянд хэрхэн оролцох, англи хэлний ielts–ийн түвшинд очихын тулд эссэгээ хэрхэн бичих вэ, ямар ямар шалгалтуудыг, ямар техникээр хэрхэн бэлтгэх ёстойг заана.

Бид хэлийг, хичээл гэхээсээ илүү соёл талаас нь заахыг хичээдэг. Англи хэл сурна гэдэг нь англи  соёл дээрх өөрийгөө бий болгож байгаа гэсэн үг л дээ. Нэг ёсондоо дэлхийн хүн болох алхам хийнгэ гэсэн үг. Англи, монголоор, оросоор ярихад дахиад нэг өөр хүн болдог. Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүд, дэлхий дахинаа болж байгаа үйл явдлууд зэргээр аливааг харах өнцгийг нь чиглүүлж өгнө. Ер нь ielts-т бэлтгэх гэхээсээ илүү гадагшаа сургуульд явахдаа биеэ хэрхэн авч явах, Монгол Улсаа хэрхэн төлөөлөх гэх зэрэг олон  зүйл заахыг хичээдэг.

-Танай сургалтад хүүхдээ явуулаад англи хэл нь сайжирч байна гэсэн эцэг эхчүүдийн талархалын үгийг сонсож байна уу?

-Сонсолгүй яахав. Гурван сарын өмнө A B C –гээ огт мэддэггүй байсан хүүхэд, одоо бүтэн уншдаг болсон. Яг орчин нь бүрдээд ирэхээр хүүхдүүд маань англи хэлнээс эмээхээ больсон. Нийт мэдээллийн 50-60 хувь нь англи хэл дээр, IELTS –ын анги 100 хувь англи хэлээр явагддаг. Өглөөний цай ууж л байгаа, ширээний ард сууж л байгаа. Энэ бүгдийг англиар л хийж байгаа. Та нар үүнийг англи хэл дээр боддог болно. Та нар хүнийг хараад сайн уу, юу байна? гэж хэлэхийг оронд “hello, how are you” гээд хэлчихэж байгаач ээ. Энэ чинь та нарын англи хэлээ ашиглаж байгаагийн чинь эхний алхам байхгүй юу даа гэж л хэлдэг.

Бүрэг ичимхий хүүхдүүд нээлттэй яриа  болж байгааг харахад хамгийн гоё байдаг. Хүүхдүүд “Надад боломж байгаа юм байна. Англи хэл сураад, дэлхийн их дээд сургуульд сурна гэдэг тийм ч хэцүү гүн гүнзгий юм биш байна” гэж бодож эхэлдэг. Миний хувьд үүнийг амбицтай зорилго гэхээсээ илүүтэй боломж маш ойрхон, бүр хажууд байдаг гэдгийг ойлгуулах юм. Нэг бодлын тархины блок гаргаад байгаа юм шиг л.

-Сургалтын төв нэг талаараа боловсролын бизнес шүү дээ. Ирээдүй харагдаж байна уу?

-Харагдалгүй яахав. Харин ч бид том амбицтай байгаа. Зүүн бүс нутагтаа  олон улсын хөтөлбөртэй сургууль нээх мөрөөдөлтэй. Манайд сурсан хүүхэд “Орчлон”,  “Хобби” сургууль руу шилжлээ гэхэд яг л адилхан сургалтын хөтөлбөртэй байна. Эндэхийн  хүүхдүүд илүү их хичээл зүтгэлтэй байдаг нь анзаарагдсан. Орон нутгийнх учраас бид илүү их хичээх ёстой гэсэн үзэл бодолтой. Өөрийгөө хөгжүүлэх дугуйлан секцэд байнга явна. Амьжиргааны түвшин  сайн  учраас  эцэг эхчүүд ч хүүхэдээ хөгжүүлэх сонирхол ихтэй байдаг.

“ДОРНОД НУТАГ МААНЬ  ГАДНЫ  ХҮНД  ЭЭЛТЭЙ”

-Орон нутаг руу явж амьдарвал орон сууцны хөнгөлөлт өгнө. Дэмжинэ гэсэн юм яригдаад байсан. Та хоёр хамрагдсан уу?

-Одоохондоо хэрэгжээгүй байгаа. Бид бодит дэмжлэг тусламж юу ч мэдрээгүй байна. Хотоос ирж суурьшсан хүмүүс нийлээд холбоо байгуулья, бизнес болон эрэлт хэрэгцээний ямар боломж байгаа гэх зэргээр шинээр ирж байгаа хүмүүст зөвлөгөө тусламж мэдээлэл өгдөг байя гэж төлөвлөж байгаа. Манай Дорнод нутаг гадны хүнд ээлтэй. Үүнийг нутгийн хүн болгоноос сонсоно. Хан-Уул хайрхан маань гадны хүнд өгөөжөө өгдөг гэдэг.

Түгжрээнд цаг хугацаагаа бараад амьдарч байна гэж хэлж байсан. Одоо цаг хугацаа зөв зарцуулаад чанартай амьдарч чадаж байна уу?

-Хөдөө орон нутагт амьдарвал түгжрээнд гацахгүй, өөртөө илүү цаг зарцуулдаг юм байна.  Цаг зав их байх тусам илүү их ачаалал даах чадвартай болдог. Би хотод байхдаа 3-4 хичээл ордог байсан бол энд өдөртөө 7 хичээл орж байх жишээтэй.Хотод  сургалтын төвөө таниулах гээд гурав дөрвөн  жил зүтгэж, 40 50  хүүхэд авдаг байсан бол энд ирээд дөрвөн сар  болоход 120  хүүхэдтэй болсон байна. Цаана нь хүлээлгийн лист ч үүссэн байгаа. Анх ирээд судалгаа хийхдээ одоо л нүүж ирэхгүй бол хоцрох юм байна гээд боломжийг ашигласан. Хотоос ирсэн найзууд та хоёрын ааш зан маш тайван болчихож гэдэг. Бид  өөрсдийгөө завгүй, байдгаараа л байгаа гэж бодож байгаа. Хотод бид бие биетэйгээ ярилцах завгүй л ажилладаг байсан юм билээ.

Манай багш сайхан сэтгэлтэй, хичээлээ хөгжилтэй ордог гээд хүүхдүүд маань гэртээ ярьдаг юм билээ. Хичээлтэй өдрөө хүүхдүүдийнхээ талархалын захианд дарагддаг. Багш аа, таныг зурсан гээд л зураг авчирна. Сайхан шүү дээ. Би заримдаа боддог юм. Англи хэл зүгээр л PR юм шиг. Би өөрөө хүүхдийн сэтгэлзүйч ч юм шиг. Манай хүүхэд таны хичээлд яваад нээлттэй ярьдаг болсон. Ангидаа англи хэлний хичээлээрээ 1-т  ордог болсон гэх талархалын үгийг сонсох сайхан байдаг шүү.   

-Баярлалаа. Та бүхэнд улам илүү амжилт хүсье.

What’s your Reaction?
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

LEAVE A RESPONSE

Required fields are marked *