Дорнод аймаг Усан бассейн бүхий спорт ордонтой болж байна
Хэрлэн сумын 1-р баг, Залуус хорооллын баруун талд буюу төмөр зам руу явдаг авто замын дэргэд Дорнод аймгийн усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил явагдаж байна. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны саналаар улсын төсөвт тусгагдан хэрэгжиж байгаа энэ ажил 2023 оны 11-р сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.
Энэхүү цогцолбор нь үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд нэг талд нь усан бассейн, 2 дахь блокод нь спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах спортын томоохон заалтай. Түүнчлэн бокс, бөх, фитнесийн заал танхимуудтай төлөвлөгджээ.
Нийт 9,9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг барилгыг Ньюкон компанийн зураг төсвөөр Эх бүрдэн компани барьж байгуулж байна. УИХ-ын гишүүний хувьд 2023 оны төсвийн жилд шаардлагатай санхүүжилтийг улсын төсвийн тухай хуульд бүрэн тусгаж батлуулаад байна.
Цогцолбор ашиглалтад орсноор хүүхэд залуучууд усан спортоор хичээллэх, сагсан бөмбөг, волейбол, бөх болон бусад бүхий л төрлийн спортоор улс бүсийн томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах боломж бүрдэнэ гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулууны ажлын албанаас мэдээллээ.