Б.Оюунгэрэл: Умайн хүзүүний хавдар тусахад нь эхнэрээ зодож, аминд нь хүрсэн хэрэг Монголд гарсан. Хавдрын вирус хүйс харгалздаггүй
Дэлхийн эрүүл мэндийн тэмдэглэлт өдрийн хүрээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” форумыг өчигдөр НҮБ-ын байранд зохион байгууллаа.
Уг форумд Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын харьяа агентлагуудын төлөөлөл, ЖАЙКА, Азийн Хөгжлийн Банк болон эрүүл мэндийн салбарын бусад төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр “Хавдаргүй Монгол төсөл”-ийн талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл илтгэл танилцуулав.
Тэрбээр “Миний ярих мэдээлэл бага зэрэг стресстүүлж магадгүй. Гэхдээ олон улсын байгууллагууд маань цаашдын төслүүдээ иргэн болгонд хүргэхийн тулд юунд анхаарах ёстой вэ гэдгийг мэдүүлэх гэж ярьж байгааг ойлгоорой. Эхлээд “Хавдаргүй Монгол төсөл”-ийг яагаад хийх болсон талаараа та бүхэнтэй хуваалцъя.
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь нь малчид байдаг. Тодруулбал, манай улсад 300,000 гаруй малчин бий. Одоогийн судалгаагаар нийт малчны
- 40 хувь нь эмэгтэйчүүд
- 60 хувь нь эрэгтэйчүүд байгаа юм.
Үүнээс харахад, малчдын дунд хүйсийн тэгш бус байдал маш зөрүүтэй болжээ.
Жендэрийн үндэсний хорооноос 2019 онд хийсэн судалгаагаар “Та ирээдүйд охиноо малчин болгох уу?”, “Хүүгээ малчин болгох уу?” гэх асуумж судалгааг малчдаас авсан байна. Судалгаанд оролцогчдын 27 хувь нь “Хүүгээ малчин болгоно” гэж хариулсан бол 0.5 хувь нь “Охиноо малчин болгоно” гэж хариулжээ.
Цаашдаа бид охидоо малчин болгохгүй гэдгийг тэд хатуу шийдсэнийг дээрх судалгаа илтгэж байгаа юм.
Судалгаанд оролцогч малчин эмэгтэйчүүд гурван үндсэн асуудлыг ярьдаг.
- Нийгэм соёлын харилцаанд орж чадахгүй байна.
- Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй.
- Хүүхдийн сургуулийн асуудал тулгарч байна. Тиймээс охидоо малчин болгохгүй хэмээн хариулсан байна” хэмээн хэлэв.
“Монгол хавдрын ганцхан эмнэлэгтэй. Хөдөө хавдрын үзлэг, оношилгоо очиж хийсэн түүх байдаггүй”
Үргэлжлүүлэн “Хавдаргүй Монгол эмэгтэй төсөл 1996-2016 оны хооронд хэрэгжиж байна. Энэ хугацаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэд хэдэн судалгаа хийсэн.
Судалгааны дүн мэдээллээс харахад, манай улсад хорт хавдрын өвчлөл 1996 онд 2.6 хувь байсан бол 2016 оны байдлаар 27.6 дахин өсжээ. Гэтэл Монгол хавдрын ганцхан эмнэлэгтэй. Хөдөө хавдрын үзлэг, оношилгоо очиж хийсэн түүх байдаггүй. Тэр дундаа эмэгтэйчүүдэд хөх болон умайн хүзүүний хавдрын оношилгоо огт хийдэггүй.
“Хавдаргүй Монгол төсөл”-ийн нэн тэргүүний зорилго бол эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэнэ. Дараагийн зорилго нь сумын эмч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах. Түүнчлэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо болон соён гэгээрүүлэх ажил хөдөө чухал. Энэ нь зөвхөн хавдрын тухай ойлголт биш иргэдийг мэдлэгжүүлэх, мэдээлэл өгөх том ажлыг зохион байгуулахад чиглэнэ.
Бид Говь-Алтай, Говьсүмбэр гэх хоёр аймгийн 6,302 эмэгтэйд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 13,000 орчим иргэнд соён гэгээрүүлэх ажлыг давхар зохион байгуулсан. Одоо “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийг тавдугаар сарын 10-наас эхлээд Дорнод аймагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дорнод аймгийн бүх суманд очиж ажиллана. Тус аймаг бэлгийн замын халдварт өвчнөөр нэлээд өндөр үзүүлэлттэй байдаг юм байна” гэв.
“Мал тооллого нөхрийнх нь нэр дээр бүртгэгддэг учраас малчин эмэгтэйчүүд даатгал төлж чаддаггүй”
Түүнчлэн цаашид малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд чиглэсэн ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө.
Малчдын хувьд мал нь хөрөнгө бас ажил. Гэтэл нийт малчин эмэгтэйчүүд хөрөнгөө өөрийнхөө нэр дээр бүртгүүлж чаддаггүй. Мал тооллого нөхрийнх нь нэр дээр бүртгэгддэг. Үүнээс үүдэн эмэгтэйчүүд эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал төлж чаддаггүй. Даатгал төлдөггүй учраас тэд хөдөлмөрөө үнэлүүлдэггүй, төрийн наад захын үйлчилгээг авч чаддаггүй асуудал бий.
Бидний үзлэг оношилгоо хийсэн эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь малчид байсан. Бүгдээрээ эрүүл мэнд, нийгмийн даатгалгүй. Магадгүй Дорнод аймагт ажиллахад ч ийм тохиолдол гарах байх.
Саяхан 330 сумаас ирсэн 1,000 малчин эмэгтэйн чуулган Төрийн ордонд болсон. Энэ үеэр гэр бүлийн нэр дээр малыг нь тоолох саналыг ч дэвшүүлсэн. Энэ бол нийгмийн маш том асуудал, үүнийг шийдэх боломж байгаа. “Хавдаргүй Монгол эмэгтэй” төслийн хүрээнд хавдрын өвчлөлийг илрүүлсэн. Хөдөө амьдардаг 50 эмэгтэйгээс хөхний эсийн шинжилгээ авснаас дөрвөн хорт хавдрын тохиолдол илэрсэн. Умайн хүзүүний хавдрын 60 өвчлөл илэрсэн.
Хүний Папиллома Вирус (ХПВ)-ийн вакцины талаар хүмүүс ойлгодоггүй. Энэ бол маш энгийн зүйл. Гэтэл умайн хүзүүний хавдраар өвчлөхөд нь эхнэрээ зодоод амь насанд нь хүрсэн хэрэг хүртэл гарсан. Гэтэл Хүний Папиллома Вирус гэдэг чинь хүйс харгалздаггүй, вирус хэнд ч байж магадгүй. Ийм л энгийн эрүүл мэндийн ойлголтыг өгөх хэрэгтэй байна.
Орон нутагт ДОХ, тэмбүү өвчний тестүүд хийгдэж байсан. Бэлгийн замын халдварт өвчний асуудал байдаг. Эрүүл мэнд гэдэг бол хүний амьд явах эрх. Энэ бол жам ёсны эрх юм. Гэтэл хөдөөгийн иргэд жам ёсныхоо эрхийг эдэлж чадахгүй байна. Биеэ үзүүлээд эрүүл гэдгээ мэдээд инээгээд гарах нь дээрх төслийн үр дүн.
Нөхөр нь мотоциклынхоо ард эхнэрээ суулгасан ирээд үзүүлж байгаа юм. Ихэнх нь уйлаад явдаг. Ийм л дүр зурагтай. Тиймээс бүх нийтийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг бүх шатанд зохион байгуулмаар байгаа юм. Эрүүл мэндээ хамгаалах нь хариуцлага гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Би өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарах ёстой гэдэг ухамсар, хандлага чухал.