SocialCheck: БЗХӨ-тэй тэмцэх тендер зарласан нь үнэн. Юунд зарцуулахыг нь ч тодорхой тусгасан байна

Өчигдөр зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Дорнод аймаг БЗХӨ-тэй тэмцэхээр тендер зарласан ч юу хийж хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна” гэсэн мэдээлэл цацагдсан юм.

Уг мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс тодрууллаа.

Төрийн ямар ч ажилд төсөв, санхүүгийн хүчин зүйлс шаардагддаг бөгөөд ил тод байдал хангах үүднээс сонирхлын бүхий л талуудад нээлттэй тендер зарлаж, худалдан авах ажиллагаа явуулдаг билээ.

Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2-р сарын 5-ны өдөр 60 сая төгрөгийн төсөвт өртөгтэй “Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх” тендер зарласан бөгөөд 2-р сарын 14-ний өдөр нээж, ялагчийг тодруулах юм байна.

Тендерийн урилга: https://www.tender.gov.mn/en/invitation/detail/1731912375029/2025-02-14

Манай аймагт БЗХӨ-ний гаралт улсын дунджаас өндөр гэсэн мэдээлэл байдаг ч энэ нь аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны зохион байгуулалт, илрүүлэх арга хэмжээг байнга авч хэрэгжүүлдэгтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагууд тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, БЗХӨ-ийг илрүүлэх олон нийтийг хамарсан үйл ажиллагаа тогтмол зохион байгуулдаг Дорнод, Хөвсгөл, Өвөрхангай зэрэг цөөн хэдэн аймгийн тоо баримт л улсын хэмжээнд яригдаж байдагтай холбоотой юм.

Тендерийн материалын техник эдийн засгийн үндэслэлийг харахад, 60 сая төгрөгөөр:

  • Дох/тэмбүүгийн тест 1828 ш
  • PCR оношлуур
  • Нуклейн хүчил ялгах оношлуур
  • БЗХӨ илрүүлэх сорьц авах багажууд тус тус худалдан авахаар тусгажээ.

Тэгэхээр Дорнод аймагт сүүлийн жилүүдэд идэвхтэй хэрэгжиж буй бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх зорилгоор 60 сая төгрөгийн тендер зарласан нь үнэн. Тендерийн зориулалт болон худалдан авахаар тусгасан бараа, материалын нэрс нь тодорхой байна. Хүссэн хүн бүр тендерийн сайт руу орж, мэдээлэл авах, сонирхвол тендерт бараа материал нийлүүлэхээр санал гаргаж, оролцох эрх нь нээлттэй юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ