На.Батболд: Маршал Х.Чойбалсан нэгэн захидалдаа “Улс төрийн маш хявцаантай үе надад таарлаа” гэж бичсэн байдаг

БНМАУ-ын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой 2025 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр тохионо. Ойг тохиолдуулан МУБИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Болдбаатар, Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ Тусгай архивын судлаач, доктор На.Батболд нар “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номыг эмхэтгэн гаргаж, номын нээлтийг өнөөдөр /2025.02.06/ хийлээ.

Шинэ номын талаар түүхий ухааны доктор На.Батболдтой ярилцлаа. Тэрбээр 2018 онд “Маршалын захидлууд” номыг хэвлүүлсэн бөгөөд тэрхүү захидлуудаар БНМАУ-ын Ерөнхий сайд, Бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсан мөн чанарын хувьд ямар хүн байсныг нь илэрхийлсэн байдаг.

-Энэ ном өмнөх “Маршалын захидлууд”-аас ямар онцлог ялгаатай болсон бэ?
-Маршалын бусдад бичсэн болон өөрт нь ирсэн захидлуудыг эмхэтгэж 2018 онд ном болгон гаргаж байв. Захидал харилцаа бол хувь хүний мөн чанар, өөрийнх нь санаа бодлыг илүү тод харуулдаг. Харин энэ ном бол Маршалтай 1911-1934 онуудад хамтран зүтгэж байсан нөхдүүдийнх нь гэрэл зургууд, тэдний намтраас бүтсэн. Хамтран зүтгэж байсан нөхдийнхээ гэрэл зургуудыг альбом болгож, хэзээ нэгэн цагт түүх болно гэж бодож цуглуулсан болов уу гэж таамаглаж байна.

Бид “Маршалын өв” нэртэй цуврал ном гаргахаар төлөвлөж байгаагийн эхнийх болгож 130 жилийн ойд нь зориулж “Маршалын Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” нэрээр номоо гаргалаа. Энэ номд монгол төрийн түүхэн зүтгэлтнүүдийн гэрэл зураг болон тэдний намтар шинээр судалгааны эргэлтэд орж байгаагаараа ач холбогдолтой. Ер нь Монголын төрийн түүхэн зүтгэлтнүүдийн товч толь болох хэмжээний бүтээл юм.

-Энэ альбомыг хэзээ, хэн хийж үлдээсэн юм бол?
-Альбомыг 1934 онд хийсэн болов уу. Харин хэн хийсэн нь тодорхой биш байна. Өөрийнх нь амьдарч байсан 30-р байранд олон альбомтой цуг хадгалагдаж байсан. 1952 онд нас барсных нь дараа маршал Ю.Цэдэнбалын шийдвэрээр Маршал харшийг ордон музей болгосон. Ордон музей болгох явцад маршалын альбомуудаас энэ альбомыг авч, Дотоод явдлын яамны орлогч сайд Нансалжав гуайд Тусгай архивт нууцын зэрэглэлтэй хадгал гэж үүрэг болгож өгсөн. Тэр цагаас хойш энэ альбом нууцын архивт гаднаас хэн ч үзэх боломжгүй нууцын зэрэглэлтэйгээр хадгалагдаж ирсэн.

-Альбомдоо хэдэн хүний гэрэл зураг оруулсан байв?
-1911-1934 он хүртэлх 102 хүний чанартай, хар цагаан гэрэл зураг бий. Гэрэл зургийн хажууд эсвэл дор нь тухайн хүний нэр, хашиж байсан албан тушаалыг бичсэн. Сүхбаатар, Бодоо, Догсом, Данзан, Лосол, Чагдаржав нарын зурагт ямар нэг тайлбаргүй зөвхөн нэрийг бичсэн байх жишээтэй. Тухайлбал, Хатанбаатар Магсаржавыг  “Ардын хувьсгалын үйл хэрэгт гавьяатай зүтгэсэн” гэх мэтээр бичсэн байна.

-Маршал төрд зүтгэж явсан хүмүүсийн гэрэл зургийг өөрөө цуглуулж байсан хэрэг үү?
-Зургийн эх сурвалж нь тодорхойгүй. Гэхдээ энэ зургууд Маршалд өөрт нь байсан. Маршал өөрөө гэрэл зураг маш их сонирхдог, өөрөө гэрэл зураг авдаг. Монголын түүхэн гэрэл зургийн сан хөмрөгт Маршалын гэрэл зургууд жин дардаг. Хамгийн олон гэрэл зурагтай түүхэн хүн гэж хэлж болно.

Түүхийн ухааны доктор Ч.Болдбаатар, На.БатболдТүүхийн ухааны доктор Ч.Болдбаатар, На.Батболд

-Номонд орсон шинэ баримт, гэрэл зургуудаас сонирхуулаач?
-Номонд орсон 102 хүний материалаас энэ ном хэвлэгдэх хүртэл гэрэл зураг нь огт гарч байгаагүй Цэдэвсүрэн гүн гэж хүн байна. Энэ хүн анхны Харилцан туслагч хоршооны даргаар ажиллаж байсан, Монголд хоршоог анх байгуулсан хүний гэрэл зураг анх удаа ил болж байна. Мөн Сангийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Цагаанхүү гэж хүний гэрэл зураг анх удаа хэвлэгдлээ. Цагаанхүү гэж хүний овог, намтар түүх нь олдохгүй, эмэгтэй эмэгтэйг нь ч мэдэхгүй байв. Энэ хүн эмэгтэй хүн байсан нь Маршалын альбомоос тодорхой болж байна. Нөгөө талаар альбомыг зориуд том хэмжээтэй хэвлүүлсэн нь эндээс авч судалгааны эргэлтэд оруулах боломжийг бүрдүүлж буй юм.

-Эх зураг бүхий альбомоо ямар загвараар, яаж хийсэн байв?
-Хар цаастай альбомд гэрэл зургийг наагаад, зургийн тайлбар бичсэн байсан. Бид номынхоо  гарчгийг альбомд бичсэн байдлаар нь хуулбарлан оруулсан. Доктор Ч.Болдбаатар бид хоёр альбомд орсон хүмүүсийн намтрыг тодруулж, гарын авлага болгох үүднээс бүрэн хэмжээгээр оруулсан. Намтрыг Британника толийн намтар бичдэг загвараар бичсэн. Цаашид цахим хэлбэрт оруулж, англи хэлнээ хөрвүүлэхэд хялбар байхаар бодож ажилласан.

-Маршалын өмнө хэвлэгдэж байгаагүй шинэ гэрэл зургуудаас номд оруулсан уу?
-102 хүн багтсан альбом, намтар учир энэ номдоо Маршалын шинэ зургуудаас оруулаагүй. Дараа нь ил гарч байгаагүй 130 зургаар нь альбом гаргахаар төлөвлөж байна. Маршалын зөвлөхөөр ажиллаж байсан Зөвлөлтийн төлөөлөгчөөс Маршалын гурван альбом сүүлд ирсэн. 1936 оноос хойш Маршалын дэргэд нэг Оросын зөвлөх ирж, байнга дагаж явсан. Ардын засагт ажилласан гурван хүний зураг альбомд байгаагүй. Номондоо нэмэлт болгож тусад нь тодруулга байдлаар оруулсан.
Сэтгүүлч, судлаач Ч.Болд ах Маршал харшийн талаар ном бичиж, хэвлүүлэхэд бэлэн болоод байна. Миний хувьд “Маршалын захидлууд” номоо шинэчлэн хэвлэхээр ажиллаж байна. 2018 онд ном хэвлэгдсэнээс хойш нэлээд Үндэсний төв архив, Гадаад харилцааны яамны архивуудаас олон ховор сонирхолтой захидлуудыг олсон.

-Маршал Х.Чойбалсан 1953 онд Орост очоод нас барсан. Энэ түүхэн хүний үйл ажиллагааг сайн, муугаар дүгнэж ярьдаг. Та судлаачийн Маршалын амьдарсан цаг үе, ажиллагаатай нь уялдуулан хэрхэн дүгнэх вэ?
-Маршал Х.Чойбалсан 1951 оны 12-р сард эрүүл мэндийн шалтгаанаар Орос руу яваад, буцаж ирээгүй. 1952 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр нас барсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил өрнөсөн. Энэ үеэр хэлмэгдүүлэлтийг маршал Чойбалсан хийсэн гэж харлуулж, ар гэрийнхэн рүү нь дайрч байсан. 2010 оноос хойш түүхэн баримтууд, судалгааны шинэ материалууд гарснаар арай эерэг тал руугаа эргэж байна.

Маршалын амьдарч, ажиллаж байсан тухайн цаг үеийг харахад ЗХУ-тай харилцаатай байсан бүх л оронд хэлмэгдүүлэлт өрнөсөн байдаг. Тэгэхээр тэр бодлогыг хэрэгжүүлэх үе нь Маршалын удирдаж байсан цаг үетэй давхцсан гэж үзэж болох талтай. Гэхдээ энд тодруулах нэг зүйл бол Маршалын Сталинд бичсэн захидал байдаг. Тэр захидалдаа маршал Чойбалсан “Энэ хэлмэгдүүлэлтийг хийхэд миний хийж чадах зүйл гэж байсангүй. Таны явуулсан зөвлөхүүд маш сайн үүрэгтэй ажилласан” гэж бичсэн байдаг. Бас нэгэн захидалдаа “Улс төрийн маш хявцаантай үе надад таарлаа” гэж бичсэн байдаг. Хявцаан гэж хавчлага, дарамт шахалтыг хэлж л дээ. Тэр ээдрээтэй цаг үед удирдагч байж таарсан.

Бас нэг зүйлийг тодруулахад, тухайн үеийн ЗХУ-ыг дагасан улс үндэстнүүд ЗХУ-ын бүрэлдэхүүнд оруулах талаар яригдсан. Тухайлбал Тагна Тува зэрэг улс дагаар орсон. Дараа нь Монгол Улсыг оруулах тухай яригдсан. Тэр үед Маршал Чойбалсан энэ бодлогыг таслан зогсоож, Монгол тусгаар улс байх ёстой гэдэг дээр бат зогссон түүхэн гавьяатай хүн. Тийм учраас бидэнд өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсыг үлдээсэн хүн гэдэг талаас нь авч үзэх ёстой гэж би хардаг.

GoGo.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ