Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй гэж өөрчилжээ

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын 41 дүгээр тогтоол албажив.

Тогтоолын хоёр дахь заалтад “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэж заажээ.

Тухайн өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн ИТХ-д шилжүүлсэн юм. Ингэхдээ 12-оос доош насны хүүхдээр унуулахгүй байхаар тусгасан. Энэ тухай асуудлаар олон нийтийн сүлжээгээр иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын “үсэргээ зохион байгуулахыг” гэснийг “үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг” гэж өөрчилсөн байна.

Энэ тогтоолын хэрэгжилтэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, бүх шатны Засаг дарга нар хяналт тавьж ажиллах юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ