Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Zaluu.com: Уяач эрчүүдийн жудаг алдагдаж, нэгнийхээ түрүүлж, айрагдсан морьдыг өөлж, хялайж хардаг болсон

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өргөн барьсан. Эл төслийн талаар түүнтэй ярилцлаа.

-Таны санаачилсан хуулийн төсөлд баяр наадамтай холбоотой яг ямар заалтууд орсон бэ?

-Сүүлийн үед бид баяр наадмаа сайхан хийж чадахаа болилоо. Улсын баяр наадам бол олон зуун жил монголчууд төрөө дээдэлсний бэлгэ тэмдэг. Баярлаж цэнгэж, тухайн үед дайн байлдаанаа хүртэл завсарлаж байгаад баяр наадмаа олон овог аймгууд нийлж хийдэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд морины уралдаан гэхэд маш маргаантай болчихсон. Түрүүлж ирсэн, айрагдсан морьдыг элдвээр гоочилдог. Хэрүүл маргаан их болжээ. Юутай холбоотой вэ гэхээр импортоор гаднаас хурдны чиглэлийн шалгарсан,  тэр чиглэлээр үржүүлсэн үүлдрийн морьд их орж орж ирдэг болсон.

-Монгол болон эрлийз морины ялгаа нь  юу юм бэ?

-Манай монгол морьд хурдных гэхээсээ илүү аж ахуйн чиглэлийнх шүү дээ. Адуун сүрэг дотроосоо барьж аваад л уралдуулдаг. Тийм учраас морин уралдаан дээр эрлийз, монгол морьд гээд маргаан үүссэн. Энэ маргааныг таслахын тулд зөвхөн монгол морины стандартын дагуу сэрвээний өндрөөр уралдуулахаас өөр арга байхгүй. Түүнээс биш том, жижиг толгойтой, нарийн, бүдүүн хүзүүтэй гээд байвал маргаан тасрахгүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдлаа л даа. Тийм ч учраас морин спорт уяачдын холбооны их хурлаар  сэрвээний өндрөөр нь уралдуулъя гэдэг шийдвэр гаргасан. Үүний дагуу Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан гэж ойлгож болно.

-Эрлийз морьдод манай уралдааны зам хатууддаг гэж сонссон?

-Ер нь хэт өндөр морь  манай холын хатуу замд хөл нь дийлэхгүй байна. Морь энддэг.  Маш олон морины хөл нь хугарсан тохиолдол гарч байна.  Мөн хэт өндөр, хурдтай морь холын хатуу замд унаж байгаа хүүхдэд их аюултай юм. Тусгай зориулалттай замд, элс, зүлгэн дээр гэх мэт зөөлөн газарт тойруулгаар богино зайд уралддаг морьд шүү дээ. Тэгэхээр ийм морьд тойруулгатаа л уралдах хэрэгтэй. Ингээд монгол морины стандартын дагуу сэрвээний өндрөөр нь хүний оролцоогүйгээр автомат техник төхөөрөмжөөр гаргах ёстой. Ингэвэл ямар ч маргаан гарахаа болино.

-Техникээр хэмжих боломжтой юм уу?

-Техникээр сэрвээний өндрийг тодорхойлох боломжтой. Хүний гар оролцоод л байвал хэрүүл маргаан тасардаггүй. Монгол уяач эрчүүдийн  жудаг алдагдаж байна. Нэгнийхээ түрүүлж, айрагдсан морьдыг өөлж хялайж хардаг. Баяр хүргэдэг байдал байхгүй болсон. Зуун зуун жил дамжиж ирсэн сайхан морьдоороо бахархдаг уламжлал байхгүй болж. Баяр наадмын сайхан уур амьсгалд сөрөг нөлөө орж байгаа юм. Тиймээс үүнийг цэгцлэх ганц арга зам бол шударга байх, сэрвээний өндрийг монгол морины стандартаар хэмжих. Энэ  ганц миний санал биш. Нийт уяачдын 80 гаруй хувь нь уяачдын их хурлаараа шийдсэн юм. Үүнийг л төлөөлөл болж өргөн барьсан юм. Ингэснээр баяр наадам цэгцтэй, хэрүүл маргаангүй сайхан болно гэж итгэж байна.

-Өөр ямар чухал заалтууд орсон бэ?

-Түүнээс гадна,  өвлийн уралдаан энд тэндгүй уралдаад,  хүүхдүүд болон морьд эндэж осолдох тохиолдлууд байдаг. Үүнийг цэгцэлж байгаагаараа онцлог. Өвөл хэзээ ч морь уралдахгүй. Хавар харин шинийн 14-нд хишиг уралдаан гэж хийдэг байсан юм билээ дээр үед. Цагаан сарын баяраа тэмдэглэж. Түүнийг зөвшөөрнө. Энд зөвхөн дээд насны морьд уралдана. Харин бага насны морьд уралдахгүй. Цагаан сард өнөтэй орсны баяраа тэмдэглэж,  дээд гурван насны морьдоо аймаг, улсын хэмжээнд нэг л уралдуулна. Ийм байдлаар хуулиндаа шигтгэж өгсөн. Үүнээс гадна,  морьд дагах автомашины хязгаарлалтаас авахуулаад хүүхдийн насны асуудал ч яригдаж байгаа. Хаврын уралдаанд уралдах хүүхдийн насыг өндөрсгөх асуудал яригдаж байна.

Zaluu.com

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*