Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Зүүн аймгууд малын гоц халдварт өвчтэй хэвээр байна

240597064_1484249618586602_4915114699773375061_n-750x500-1

Малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин Дорнод аймаг болон Сүхбаатар, Хэнтий аймагт бүртгэгдээд байгаа аж. Халдварт өвчин оношлогдож, хорио цээрийн дэглэм тогтоосон учир дараах орон нутгаас мах, өвс, тэжээл авахгүй байхыг орон нутгийн мал эмнэлгийн эмч нар анхааруулж байна. Мөн мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчин Өмнөговь, Дорнод, Дорноговь, Хэнтий, Ховд, Төв, Баян-Өлгий, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймагт, Бог малын Мялзан өвчин Дундговь, Өмнөговьд бүртгэгджээ.

Иймд малчдыг үхэртээ өдөр бүр тандалт хийж, сэжиг илэрсэн тохиолдолд малын эмчид яаралтай мэдэгдэхийг орон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас анхааруулжээ. Малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор халдвар бүртгэгдсэн аймаг, сумын Засаг даргын захирамжаар отор нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хориглосон байна. Эрсдэлтэй бүс нутгаас мал хулгайгаар оруулж, сум орон нутагтаа халдварын голомт үүсгэхгүй байхыг орон нутгийн онцгой комиссууд мэдэгджээ.

Дорнод аймгийн Чулуунхороот суманд олон улсын хорио цээрт үхрийн арьс товруутах өвчний хамгийн эхний тохиолдол гарчээ. Улмаар тус аймгийн 10 гаруй суманд тус өвчин бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2018 оны тогтоолын хавсралтад үхрийн арьс товруутах өвчнийг нэмсэн байна.

Уг өвчин өмнө нь Монгол Улсад гарч байгаагүй аж. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр ОХУ, Хятад улсад бүртгэгдсэн байна.

Энэ өвчин нь хил дамнан халдварладаг, малын гоц халдварт, олон улсын худалдааны хөл хориотой өвчин юм. Өвчилсөн малын махыг хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй аж.

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*