Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Чойбалсан суманд дурсгалын цогцолбор байгуулав

FB_IMG_1632452294535

2021 оны 9-р сарын 17 –ны өдөр ХЦ-ийн 32-р отряд төвөлж байсан Чойбалсан сумын нутаг Энгэр шандад тус отрядаас Халхын голын байлдаанд оролцсон хилчин дайчид болон, Чойбалсан сумаас 1939 оны Халхын голын байлдаан, Өвөр монголын японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөх 1945 оны дайн, Гоминданы дээрэмчдийг бут цохин баруун хязгаарыг төвшитгөх байлдаанд оролцон тулалдаж явсан эрэлхэг дайчдын баатарлаг ялалтыг батлан мөнхөлсөн гантиг чулуун хөшөө цогцолборыг нээх ёслолын үйл ажиллагаа аймаг сумын удирдах албаны хүмүүс, цэргийн штаб болон хилийн цэргийн 0132-р ангийн албан хаагчид, ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдүүд тус сумын ард иргэд оролцлоо.

Дурсгалын цогцолборын зураг төслийг нь гаргаж, төсөв зардлыг нь тооцож, бүтээн байгуулах ажлыг эхлэн санаачилж цогцлоон босгосон энэ буянтан бол ган халуунд гандаж, жин есөд жиндэн байж өсөх идэр наснаасаа үсэн буурал болтлоо Дорнын хилийг манаж, дов сондуул бут сөөг бүрийг нь нүдэлж, налсан өвс, хөдөлсөн чулууг нь андахгүй хашир туршлагатай ахмад хилчин Б. Дамбий юм.

Бэлтгэл хошууч Б. Дамбий бараг нэгэн жарны ажил амьдралаа холбосон Дорнодын цэлгэр нутгаа уугуул нутаг Баянхонгороосоо ялгаагүй санаж явдагаа өгүүлэхдээ:
– Би гэрэлт хөшөөнд мөнхөрсөн ахмад дайчдыг зүс танихгүй , тэдэнтэй уулзаж учирч яваагүй ч гэлээ алдар гавьяаг нь газарт галтай хамт дархалж, тэнгэрт нартай цуг мөнхлөх юмсан гэсэн хүслээ биелүүлж чадсандаа баяртай байна. Харин хилийн цэргийн төв архив, сумын захиргаа, нутгийн зарим ахмад буурлууд болон ахмад дайчдын гэр бүл, үр хүүхдүүдтэй уулзан ярилцаж явахдаа Чойбалсан сумаас дайнд оролцсон ахмад дайчдынхаа тухай 0132-р отрядын үе үеийн хилчин дайчдынхаа тухай 2 ботийг хэвлүүлсэн туршлагандаа тулгуурлан дурсамж, дурдатгалын ном бичье гэсэн бодол төрсөн боловч ахмад дайчдын маань үр хүүхдүүдэд тодорхой мэдэх юм байхгүй, олонх хүмүүсмйн гэрэл зураг нт ч тод тодорхой үлдээгүй болохоор энэ бодол маань биелсэнгүй дээ хэмээн өгүүлж байв.

Ахмад буурлууд маань үйлс нь урдаа байдаг үг нь хойноо үлддэг эгэл гэхэд эгэл нь дэндсэн даруу гэхэд даруу нь хэтэрсэн, би тэгж байлдаж явлаа, ингэж ч баатарлаж явлаа гэж сайрхан гайхуулдаггүй, шуурган сумны өөдөөс амь өрсөн тулалдсанаа шуурганд уруудсан малаа тогтоохоос бэрхэд боддоггүй, эх орон ард түмнийхээ урсахгүй цус үрэгдэхгүй амь гэж байхгүй гэсэн бүрэн итгэлээр санаа зориг нь шулуудчихсан, эрмэг гүдэсхэн гүндүүгүй сайхан эрчүүд байсан билээ. Тэдний говийн их элсэн цөлийг туулахдаа асгаруулсан хөлсний дусал бүр нь алдарт Хянганы уулсыг давах гэж мацан зүтгэсэн алхам бүр нь баатарлаг үйлс байсан юм шүү.

… Хүссэн хүн бүхэн эцэг өвгөдийнхөө дурсгалд зориулан гантиг чулуун хөшөө босгож, алтан үсгээр нэрийг нь сийлж чадах биш дээ. Миний бие болон үр хүүхдүүд маань Энгэршандад жил өнжихгүй очиж зул хүж өргөж өвөг дээдэстээ хүндэтгэл үзүүлэх хөшөө цогцолбортой болсонд баяртай байгаа хэмээн ахмад дайчин Ж. Дэмбэрэл гуайн охин, ахмад дайчин Б. Уртнаст гуайн бэр эдүүгээ 80 насны даваа өөд тэнхлүүхэн дөтөлж буй Д. Гандолгор эгч минь надруу баярлан утасдаж байсныг дурдахын ялдамд энэ жишгээр жил бүрийн 9-р сарын 17 –нд Монголын хилчдийн баяраар манай сумынхан, ахмад дайчдын үр хүүхэд хойч үеийнхэн нь Энгэр шандны хөшөө суварганы цогцолборт зул хүж өргөж, сүү идээгээ дээжлэн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болох аваас өвгөд дээдсийн минь ариун сүнс амирлан баясаж дээд тэнгэрийн орноос үр хүүхэд ач зээ нараа ивээн гийгүүлэх буйзаа гэж өвгөн би бодож байна.

Алтанхорлууд овогт Дугарын Пүрэв

FB_IMG_1632452302447 FB_IMG_1632452305171

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*