Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Л.Дэлгэрмаа: Хүмүүс талхаа аваад, уут дээрх зөвлөгөөг сайшаан хүлээж авсан

dornod_delgermaa

Дорнод аймгийн төв буюу Хэрлэн сумын 1 дүгээр баг хүн ам олонтой, шилжилт хөдөлгөөн ихтэй газруудын нэг. Аймгийн төвийнхөө зүүн талд арай захдуу байрлах учраас сумдаас шилжин ирэгсэд энд суурьших нь элбэг. Хэрлэн сум 50 мянга гаруй, харин 1 дүгээр баг дангаараа 5 мянга гаруй хүн амтай. Тиймээс ажил ихтэй, шийдэх асуудлууд ч ар араасаа тасрахгүй. Тус багийн Хамтарсан багийн ажлын амжилт, ололт Нийгмийн ажилтан Л.Дэлгэрмаатай салшгүй холбоотой юм.

Төслөөс сурсан зүйлүүд их

Хүүхдийг Ивээх Сангаас Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл нь 2018 оноос Дорнод аймагт хэрэгжих болсон талаар Хэрлэн сумын 1 дүгээр багийнхан сонсоод дээрх төсөлд хамрагдах хүсэлтээ өөрсдийн танилцуулгын хамт явуулжээ. Ингээд 2018 онд сумынхаа 10 багаас сонгогдсон байна. Тэд өнгөрсөн хугацаанд “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулдаг Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт, хүмүүжлийн эерэг аргын сургалт гээд бүхий л үйл ажиллагаанд хамрагджээ. Үүний үр дүнд хүүхдийн эсрэг хүчирхийлэл болоод гэр бүлийн хүчирхийллийн үед ажиллах арга барилаа ахиулж, кейс дээр ажиллахад шаардлагатай маягтуудыг төрөөс батлагдсан журмын дагуу хөтлөх, кейс бүрдүүлэх чадварт суралцсан байна. Нийгмийн ажилтан Л.Дэлгэрмаа “Би 2007 оноос энэ багтаа ажиллаж байна. Төсөл хэрэгжсэн, 2018 оноос хойш Хамтарсан багийн гишүүд ажил мэргэжлийн онцлог болон бусад шалтгаанаар олон удаа солигдсон. Багаараа сургалтад суугаад, гишүүдийн оролцоо нь сайжраад, ажил жигдэрсэн үед бэлтгэгдсэн хүн нь солигдох л хүндрэлтэй байдаг” хэмээн ярилаа. Шинээр ирсэн хүмүүс хамтарсан багийн талаар мэдээлэл муутай, ойлголт багатай ирдэг болохоор бүгдийг нь дахин заах шаардлага гардаг аж. Энэ үед Хүүхдийг Ивээх Сангийн “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслөөс Хамтарсан багийн гишүүдэд зориулан гаргасан энгийн ойлгомжтой, өдөр тутмын ажилдаа ашиглах боломжтой гарын авлагууд тус болдог байна. Мөн Хүүхдийг Ивээх Сангийн ажлын байранд өгдөг зөвлөгөө ч их хэрэгтэй байдаг аж.


Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хамтарсан багийн гишүүд Хүүхдийг Ивээх Сангийн ажилтнуудтай зөвлөгөө хийж байгаа нь.

Талхны уутаар илгээсэн зөвлөгөө

Л.Дэлгэрмаа нэг удаа таксинд хамт яваа хүнтэйгээ жолоочийнх нь худалдаж авсан талхны уутан бичсэн үгүүдийг уншиж, хоорондоо ярилцах зуураа нэгэн санаа олжээ. Энэ бол талхны уутан дээр хүмүүжлийн эерэг аргын зөвлөгөө бичиж, олон хүнд хүргэх. Санаагаа ажил хэрэг болгохын тулд тэдний багт үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, саналаа танилцуулав. Жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд болдог “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-өөр талхны уутан дээр хүмүүжлийн эерэг аргын зөвлөгөөг бичиж, хэрэглэгчдэд хүргэх санааг үйлдвэрийнхэн дэмжихээс гадна өөрсдийн ажилчдадаа энэ чиглэлийн сургалт явуулах хүсэлт гаргажээ. Ингээд тус үйлдвэр дээр долоо хоног “Хүүхэдтэйгээ зөв харилцья” аян зохион байгуулж, сургалт явуулжээ. Энэ нөлөөллийн ажлынхаа талаар Л.Дэлгэрмаа “2019 онд явуулсан энэ ажлыг эцэг, эхчүүд их сайнаар хүлээж авч, үр дүн ч гарсан. Хүмүүс уутан дээрээ хүүхдийн хүмүүжлийн талаар бичсэн талхыг хамгийн түрүүнд худалдаж авч дуусаад, ийм талх дахиж гарах уу гэж дэлгүүрийн худалдагчдаас их асуусан байдаг” хэмээн ярилаа. Иргэд, олон нийтэд хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалсан арга зам байдаг ч Хэрлэн сумын 1 дүгээр багийн хамтарсан багийн авч хэрэгжүүлсэн санаа гайхалтай бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн төлөө хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулсан гайхалтай жишээ байлаа.

Хүмүүс мэдээлэл ирүүлдэг болжээ

Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хамтарсан багийнхан олон нийтэд хандсан хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажлууд өргөнөөр зохион байгуулдаг. Үүний үр дүнд иргэдийн мэдлэг нэмэгдэн, хандлага өөрчлөгдөж, хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүдийн талаарх мэдээлэл, дуудлага өгөх нь нэмэгдсэн байна. Ингэснээр хамгаалал шаардлагатай хүүхдүүдийг эрсдэлд өртөхөөс хамгаалж чадах болжээ. Л.Дэлгэрмаа “Хүүхдийн хүчирхийлийн кейс жилээс жилд өсөж байна. 2018 оноос өмнө жилд 10-15 хүүхдийн хүчирхийллийн тохиолдол гардаг байсан бол одоо 25-28 болж өссөн. Энэ нь нэг талаас хүүхдийн хүчирхийлэл өссөн мэт харагдах ч нөгөө талаасаа иргэд мэдлэг ойлголт сайтай болж, мэдээлэл өгдөг болсонтой холбоотой” хэмээн тайлбарласан юм. Тус багийн нутаг социализмын үед үйлдвэрийн район байсан бөгөөд мах комбинат, гурил, ноосны үйлдвэрүүд нь зах зээлийн шилжилтийн хүнд үед хаалгуудаа барьж, ажилгүй хүмүүс олон болжээ. Өнөөдөр ч ажилгүйдэл ихтэй, ядуурал буурахгүй байгаа аж. Үүнийг дагаад архидалт нэмэгдэж, хүүхдээ сургуулиас завсардуулах, айлд үлдээх, аав, ээждээ орхих, хүүхдэд зориулсан мөнгийг нь өөр зүйлд зарцуулах зэрэг хүүхдийг үл хайхрах байдал түгээмэл гардаг байна.

Ажил хэрэг болсон санаанууд

Хэрлэн сумын 1 дүгээр багийнхан бусад адил мэргэжлийн хүмүүстэйгээ туршлагаа солилцох уулзалтыг улиралд нэг удаа болгох санаачилга гаргаад ажиллаж байгаа аж. Үүнээс гадна мэдээлэл солилцох, арга зүйн өдөртэй болох хүсэлтээ ч гаргажээ. Хамтарсан багийнхан ачаалал ихтэй ч ажил үүрэгт нь зориулсан төсөв байдаггүй. Тиймээс өнгөрсөн 2020 онд саналаа гарган, тооцоогоо явуулж, энэ онд анх удаа төсөв батлуулсан байна. Хэмжээний хувьд бага ч ажлын бас нэг үр дүн байлаа. Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хамтарсан багийн бүрэлдэхүүн бусдаас арай өвөрмөц. Албан ёсны хүмүүсээс гадна цэцэрлэгийн арга зүйч, төрийн бус байгууллагын төлөөлөл нэмэгдэнэ. Цэцэрлэгийн арга зүйч нэмэгдсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдийг олж тогтоох, цэцэрлэгт хамруулах ажлыг хийх болжээ. Багийн бүрэлдэхүүнд төлөөллөө оруулсан төрийн бус байгууллага эрх зүйч, сэтгэл зүйчтэй учраас тэдний ажилд том дэмжлэг болдог байна. Хамтарсан багийнхан өнгөрсөн хугацаанд сарын бүрийн 2 дахь 7 хоногийн 3 дахь өдөр уулзаж, ажлаа ярилцдаг уламжлал тогтжээ. Гэхдээ кейс гарсан тохиолдолд сард хэдэн ч удаа хуралдах тохиолдол бий гэнэ.

Ийнхүү Хэрлэн сумын 1 дүгээр багийнхан төлөвлөснөө ажил хэрэг болгож, амжилт ололтоор арвин байна. Тэдний өмнө шинэ ажил, шинэ санаа ч бий.

Save The Children

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*