Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

Г.Ням-Очир: Буйр нуурын экосистем доройтсон байна

3abc58101df7ff88c916ace381d69bd4

Монгол орныхоо хил дагуу нар зөв тойрон бадарчилж яваа судлаач, төвдөч Г.Ням-Очирыг Дорнод аймгийн Халх гол сумаас аянаа үргэлжлүүлэх гэж байхад нь холбогдож ярилцлаа. Тэрээр Монгол орноо гурван жилийн дотор хил дагуух нутгуудаар явган  тойрон баримтат уран сайхны ном бүтээх юм байна.  


-Сайн байна уу. Та энэхүү аялалаа яг хаанаас, хэзээ эхэлсэн бэ?

-Дорнод аймгийн Чойбалсан хотоос тавдугаар сарын 30-нд анх аялалаа эхэлсэн.

-Хүнд хэцүү зүйл тохиолдов уу?

-Өөрөө зориглоод, төлөвлөж байгаад эхлүүлсэн болохоор хүнд хэцүү юм байхгүй ээ. Гэхдээ эхний хэдэн өдөр нэлээд ширүүн алхсан учраас хөл цэврүүтсэн. Тиймээс Буйр нуур дээр ирж хөлөө гайгүй болгож аваад аянаа үргэлжлүүлж байна.

-Хэдий хэр хугацаанд Монгол орноо тойрох вэ?

-Би гурван жилдээ багтаад хил дагаж тойрох төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, Хангийн боомт хүртэл явахаар Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрлөө авсан.

-Таны зорилго юу вэ?

-Ном бичих. Монголыг тойрч аяласан хүмүүс аян замын тэмдэглэл, ном огт бичээгүй. Харин ийм ном бичсэнээр хойч үедээ эх оронч үзэл суулгах, эх орноо хайрлах сэтгэлийг төрүүлэх юм. Одоо чинь эх оронч үзэл өдрөөс өдөрт алга болсоор байна шүү дээ. Одооны хүмүүс эх орноо Улаанбаатарын уйтай гудамж л гэж ойлгож байна. Дээрээс нь би хуучны монголын бадарчины технологиор аялж байгаа. Төв Азийн хуурай уур амьсгалтай, хялганат тал газар хэрхэн аялаж болдог, биеэ хэрхэн бэлддэг, яаж газар орноо шинжиж, худаг усыг олдог гээд уламжлалт мэдлэгийг энэ номдоо оруулж дараагийн аялагчдын гарын авлага болохуйц баримтат уран сайхны ном гаргана.

-Та Буйр нуурын экосистем алдагдсан байна гэсэн байсан. Энэ талаараа дэлгэрүүлж яриач?

-Ноднин жилийн наадмаар Буйр нуурт хөл багтах аргагүй болтол хүмүүс ирсэн юм билээ. Энэ жил цар тахлаас үүдэн одоогоор харьцангуй хүн бага байна. Ер нь Буйр нуурын экосистемийн доройтол маш олон шалтгаантай. Нэгдүгээрт, бид хээрийн мэрэгчдээр хооллодог гол шувуу болох шонхороо гадагшаа их гаргасан.

Ингэснээр үлийн цагаан огтоно ихэссэн нь нөлөөлж байна. Хоёрдугаарт, үнэг, хярс зэрэг амьтдыг ч гэсэн шунахайн сэдлээр алж устгаад дууссан. Мөн элсний нүүдэл ихэссэн. Дээрээс нь энэ орчимд хэт олон малтай байгаа нь туурайн зуд нүүрлэсэн зэргээс үүдээд бидний хамгийн сүүлчийн эрүүл үлдсэн экосистем хялганат тал, Буйр нуур маш хэцүү болсон байна. Бид Өгий нуурыг ямар болгосон билээ. Одоо Хөвсгөл нуурын ойр орчим ямар хэмжээнд байгааг ч мэднэ. Гэтэл Буйр нуур нүдэн дээр сүйрч байгаа юм байна.

-Буйр нуур орчмыг сэргээх, хамгаалахад юу чухал вэ?

-Мэдээж монгол хүн бүрийн оролцоо, сэтгэл чухал. Адаглаад л энд ирэхдээ шувуу сууж амрах зориулалт бүхий модон шон суулгах, мод тарих хэрэгтэй. Нутгийн иргэдээс үлийн цагаан огтонын сүүлийг худалдаж авсан ч яахав дээ. Энэ мэрэгчийг багасгахад л хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Энэ мэтчилэн идэвхи санаачилга гаргаж байж л Буйр нуурынхаа экосистемийг буцааж хэвийн болгож чадна. Тэрнээс биш ирж амарсан болоод л буцчихаад байвал нэг л мэдэхэд дахиж ирэх аргагүй болох нь.

-Нутаг орныхон энэ тал дээр хэр ажил хийж байгаа бол?

-Халх гол сумын цагдаагийн дарга, хошууч П.Ганхуяг гэж залуу энэ тал дээр санаачилга гаргаад нутгийнханаа уриалаад нэлээд ажил хийж байгаа юм билээ. Буйр нуурыг хамгаалах ажлыг санаачилж эхлүүлсэн энэ залууд тусгайлан танай сониноор дамжуулан талархал илэрхийлмээр байна. Ер нь нуурынхаа байгаль, экологийг хамгаалахад нутгийнхан өндөр үүрэгтэй оролцох ёстой л доо.

-Та өмнө нь Буйр нуурт очиж байв уу. Тэр үеэс хэр өөрчлөгдсөн байна вэ?

-Би Буйр нуурт гурав дахь удаагаа ирж байна. Анх 1999 онд ирж байхад үлгэрийн гайхамшиг шиг байсан юм шүү дээ. Дараа нь 2016 онд буюу таван жилийн өмнө ирэхэд ийм байгаагүй. Үнэхээр сайхан байсан. Буйр нуур Монгол орны бусад нуураа бодвол ёроолын элс нь их гоё, торгомсог, дулаахан байдаг. Дээрээс нь усанд орсныхоо дараа биеэ шарах Монголын хаана ч байдаггүй элстэй. Хүмүүсийн хошуураад байдаг гадаад орны далайгаас ялгараад байх юм огт байхгүй.

-Нуурын орчимд амралтын газар ихтэй юу?

-Ер нь бол зөндөө. Одоогоор цар тахал гээд амралтын газрууд нь ажиллахгүй байна. Дээрээс нь амралтын газрууд нь бараг бүгдээрээ элсэнд даруулчихсан. Хүмүүс ирж харах юм бол үнэхээр зүрх шимширмээр байдалтай болчихсон байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*