Дорнод аймгийн бизнес мэдээллийн сайт

“КОВИД”-ЫН ҮЕИЙН ДОРНОД

42d9956ffedf258fd57b1e2d7af762ce

Манай аймаг Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдээгүй буюу “ногоон бүс” гэгдэж гарын таван хуруунд багтах аймгуудын нэгд тооцогдож нэлээд хэдэн сарыг үдсэн билээ. Харин хэзээ нэгэн өдөр Корона вируст халдвар орж ирэх нь цаг хугацааны л асуудал байсан. Тэгтэл Аймгийн Онцгой комиссын 4 дүгээр сарын 7-ны өдрийн шуурхай мэдээллээр корона вирусын халдварын хоёр шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай мэдэгдэв. Тус тохиолдлуудыг мөшгөвөл тухайн хоёр иргэн нь өөр өөр голомтоос үүдэлтэй учраас иргэдэд илүүтэй түгшүүр төрүүлэв. Тухайлбал; иргэн Э нь уурхайн ээлж солилтоор ирж тусгаарлалтад байсан ба хоёр дахь давтан шинжилгээгээр ковидын халдвар илэрсэн.   Иргэн Б-ийн хувьд Улаанбаатар хотод эрүүл мэндийн шалтгаанаар эмчлүүлж байгаад гэртээ тусгаарлагдаж байсан ба иргэн Э-ийн адил давтан шинжилгээгээр эерэг хариу гарсан юм. Шинэ тохиолдлуудын хувьд тусгаарлалтад байсан хүмүүс учир дотооддоо халдвар тархах, хавьтал үүсэх нөхцөл харьцангуй бага байж болзошгүй гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байлаа. Гэвч удалгүй зөвшөөрөлгүй замаар зорчсон иргэний шинжилгээний хариу эерэг гарч аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоон “0” зогсолт хийхэд хүрсэн юм.

КОВИД БА ӨВЧЛӨЛ

Энэ сарын 5-ны өдрийн байдлаар Дорнод аймагт Ковид-19 халдварын батлагдсан 46 тохиолдол бүртгэгдсэнээс  21 иргэн эдгэрсэн. Халдварыг кластераар нь авч үзвэл Хэрлэн,  Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Дашбалбар сумд өвчлөлийн голомт болоод байна. Аймгийн төвд 12-р байр, Залуус хороолол, 70-р байр, 60-р байр, Илч хороолол, Хэрлэн Номин худалдааны төв, 4-р багт тус тус халдвар илэрч 14 хоног хатуу хөл тогтоосон. Тусгаарлалт хяналтад орсон дээрх айл өрхүүдийн тухайд  эрүүл мэнд, хүнс,  болон бусад хүндэтгэн үзэх шалтгааныг нь Шуурхай штабын Хангалтын бүлэг  шийдвэрлэн ажиллаж байна. Хяналт ажиглалтад байгаа орон сууц, хотхон, хорооллын иргэдээс PCR-ын давтан шинжилгээ авч тогтоосон хугацаанд халдвар нэмж илрээгүй учир эхний ээлжинд зарим орон сууц, хотхон хорооллын тусгаарлалтыг цуцалсан байна. Үүсээд байгаа нэг асуудал нь батлагдсан тохиолдлуудын гэр бүлийн гишүүд нь хамт тусгаарлагддаг. Хэдийгээр хүүхдүүдийнх нь шинжилгээний хариу сөрөг гарлаа ч тэднийг асрах, халамжлах хүнгүйн улмаас халдвартай хүнтэй хамт тусгаарлагдаж байгаа нь харамсалтай. Томчуудын ухамсаргүй, хайхрамжгүй байдлаас гэм зэмгүй хүүхдүүд эрсдэлд орж байна. Аймгийн ерөнхий тархвар судлаач Б.Ганганцэцэг “Тусгаарлалт хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн иргэдийн хувьд шинэ голомт үүсгэх магадлал маш өндөр учир  халдварын голомттой бүс нутгаас ирж байгаа болон ойр болон дам хавьтал болсон иргэд халдварын нууц үедээ байж магадгүй” гэж үзэн тусгаарлалтын дэглэмээ чанд мөрдөхийг анхааруулсан юм.

 КОВИД БА ХӨЛ ХОРИО

Гамшигээс хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсээнтэй холбогдуулан 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд стратегийн ач холбогдлыг харгалзан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд нь цагийн болон түр зогсоох шийдвэрийг гаргасан. Тухайлбал; төрийн байгууллагын үйл ажиллагааны хувьд хууль тогтоох төрийн захиргааны байгууллага, Эрүүл мэндийн байгууллага, Байгаль орчныг хамгаалах, Гааль, Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Улсын бүртгэл, Мэргэжлийн хяналт, Цагдаа,  Шүүх, Прокурорын байгууллагын ажилтан, албан хаачдыг халдварыг хамгааллын дэглэм мөрдөн ажил үүргээ гүйцэтгэх ба хөдөлгөөнд оролцохыг 08:30-18:00 цагийн хооронд зөвшөөрсөн. Харин хуулийн этгээдийн үйл ажиллгааны хувьд эрүүл мэндийн байгуллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, өмгөөлөл, нотиарат, хүнс ахуй хэрэглээний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, шуудан илгээмж, зам, барилга, эрчим хүч, усны хангамж, шатахуун, хог хаягдлын цэвэрлэгээ ачилт, уул уурхай, газрын тос, газар тариалан гэх мэт зайлшгүй шаардлагатай   нэгжүүдийг 07:00-21:00 цагийн хооронд ажиллуулахаар тогтоосон байна.  Хүнс, эмийн сан гэх мэт онцгойлон үзэх асуудлаар өрх бүрээс нэг хүн гарах тухай АОК-оос мэдэгдсэн боловч иргэд дээрх үйлчилгээний газруудад олноороо үйлчлүүлэх зэргээр эрсдэл үүсгэж байсан тул хүнсний дэлгүүрийг 18:00 цаг хаах шийдвэр гарсан байна. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны нэгдүгээр ээлжийн хугацаат цэргийн алба хаагч татахгүй байхаар шийдвэр гарчээ. Ингэснээр тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй юм.
КОВИД БА ВАКЦИНЖУУЛАЛТ

Дорнод аймагт “Ковид-19” халдварын эсрэг “Вероселл” вакцин 8500 тун ирсэнтэй холбоотойгоор эхний ээлжинд тархвар судлалын заалтаар нь тусгай мэргэжлийн байгууллагын ажилтан, албан хаагчид вакцинжуулалтад хамрагдсан. Үүнд хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Хил хамгаалах, Гаалийн байгууллагын ажилтан албан хаагчид багтаж байна. Вакцинжуулалтын ажил 4-р сарын 6-ны өдрөөс  Зүүн бүсийн БОЭТ-ийн  ажилтнуудад хийснээр албан ёсоор эхэлсэн. Харин дараа нь боловсролын байгууллагууд, удаалаад стратегийн ач холбогдол бүхий  Дулааны цахилгаан станц, Адуунчулууны  уурхай, Төмөр зам, Автотээврийн төв, Нийтийн аж ахуй  Хүнс, шатахуун гэхчлэн байгууллагын ажилтнууд 99,4  хувьтай эхний хүн тун вакцинд хамрагдсан. Эдгээр байгууллагуудын давтан буюу хоёр дахь тун 4-р сарын 30-нд эхэлсэн байна.  Өнөөдрөөс эхлээд мах, хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний дэлгүүрийн ажилтнууд бусад аж ахуйн нэгжүүдэд 1-р тунг вакцинжуулалтын тусгай цэг байгуулан хийж эхэлсэн.  Зорилтот бүлгийн иргэдийн вакцинжуулалтыг энэ сарын сарын 5-аас 12-ны хооронд хийнэ. Харин 5-р сарын 12-ны өдрөөс эхлэн18-49 насны иргэдийг 2 дахь тун вакцинд хамруулах аж. Дархлаажуулалтын ажил тухайн багийн цэцэрлэг, сургууль, спорт заал гэхчлэн томоохон талбай бүхий газруудад халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдах ажээ. Мөн дархлаажуулалтын журамд зааснаар  явуулын цэг ажиллана. Энэ нь өөрөө биеэр очиж үйлчлүүлэх чадваргүй хэвтрийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйлчлэх юм. Одоогоор Аймгийн хэмжээнд вакцинжуулалтын байнгын 4 цэг ажиллаж байна. Үүнд; ДБЭХС ТӨХК-ийн спорт заал, Политехник коллеж, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн  төв. Харин 8 дугаар багийн спорт заал, 6 дугаар цэцэрлэг, Биеийн тамир, спортын газар, Зүүн бүсийн БОЭТ нь вакцинжуулалтын түр цэгүүдэд харьяалагдах ажээ. Сумдын хувьд тусгайлан бэлтгэсэн байнгын нэг цэг ажиллах юм. Иргэдийн вакцинжуулалтад хамрагдах хуваарийг багийн ажлын алба, харьяа Өрхийн Эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж хэн, хэзээ дархлаажуулалтад хамрагдах мэдээллийг тухайн иргэний утсаар холбогдож өгөхөөр болсон байна. Тиймээс дархлаажуулалт хийгдэх цэгийн гадна яарч бөөгнөрөл үүсгэх шаардлагагүй гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа анхаарууллаа.

КОВИД БА ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ

Аймгийн Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу сумын Онцгой комиссоос 4-р сарын 19, 20-ны өдрүүдэд халдваргүйжүүлэлтийн ажлыг хийсэн.  Тухайлбал;  Чойбалсан хотын хойд болон урд талын нийт 25 орчим км урттай хатуу асфальтан зам,  11 багийн нийт нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжнуудад бүрэн ариутгал хйисэн байна. Энэ ажилд Аймгийн Мал эмнэлгийн газар, Чойбалсан нисэх буудал, Дорнод НАА ОНӨААТҮГ, “Гэрэл сэтгэмж” ОНӨААТҮГ зэрэг байгууллага дайчлагдсан. Халдваргүйтгэлийг хийхдээ тусгай зориулалтын мананцар үүсгэгч машин болон ус шүршигч машинаар хотын гудамж талбайд гадаргуу хөрсний бохирдлыг ариутгадаг “Супер фил” гэх ариутгалын бодисыг хэрэглэжээ. Цаашид ч мөн ариутгалын ажлыг үе шаттайгаар хийнэ гэдгийг холбогдох албаныхан мэдэгдсэн юм.

Т.Энхнаран

ИРГЭДИЙН ТОДРУУЛСАН АСУУЛТУУД

-Дэглэм зөрчсөн иргэдэд хэрхэн хариуцлага тооцох вэ?
-Аймаг, сумын Онцгой комиссын гишүүд зөвхөн гэр, ажил гэсэн маршрутаар явахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл гэртээ зочин урихгүй, аав ээж, ах дүү хамаатан садан, найз нөхдийнхөөрөө зочлохыг хориглосон. Харин ажлын шаардлагаар ирж очих, эмийн сан, дэлгүүр, эмнэлэг орж болно. Хэрвээ дээрх дэглэмийг зөрчсөн тохиолдолд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу хариуцлага тооцох юм. Дэглэм зөрчсөн иргэдийг халдвар тараасан, тараагаагүйг үл хамаарч, дэглэм зөрчсөн л бол үүнээс үүдэн гарсан зардлыг нэхэмжлэх ба зардлыг барагдуулахыг эс зөвшөөрвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналаа хүргүүлэх гэнэ.
-Мах болон хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл их байна. Үүнд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Жил жилийн хавар махны үнийн асуудал яригддаг. Энэ жилээс манай аймагт мах хадгалалтын нөөц агуулах буюу тусгай зориулалтын хөргөгч нэмэгдсэн. Тиймээс ирэх оноос аймаг, орон нутгийн зүгээс мах нөөцлөх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Мөн мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуй нэгжүүдтэй өнгөрсөн жилээс хэлцэл хийж хадгалсан, нөөцөлсөн махаа хямд үнээр зах зээлд нийлүүлэх, эсвэл амьд малаа эргэлтэд оруулах асуудлыг зөвшилцсөн. Энэ цаг үед аж ахуй нэгжүүд иргэддээ туслах хамгийн гол арга бол бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй байх ухамсар юм. Үнэ зохиомлоор нэмсэн эсэхэд хяналт, шалгалтыг зохион байгуулж, үндэслэлгүй нэмсэн нь тогтоогдвол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж, хуулийн хариуцлага тооцуулах ажлыг эрчимтэй явуулна.
-Улаанбаатар хотод вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэд хоёрдугаар тунгаа энд хийлгэж болох уу?
-Аймгийн хэмжээнд 2 дахь тун ирсэн тохиолдолд тухайн иргэн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабт хүсэлтээ өгөөд дархлаажуулалтад хамрагдаж болно.
-Ямар хүмүүст вакцин хийхийг хориглох вэ?
-Вакциныг эм, ялангуяа антибиотект харшилтай, өмнө нь ямар нэг вакцин хийлгээд анафилаксийн шоконд орж байсан, вакцины найрлагад орсон бодист харшилтай, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн, мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед, 38.5-аас дээш халуунтай үед, дархлал дутмагшилтай үед эсрэг заалттай юм байна. Мөн гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс, халдварын эмчилгээний ямар нэг эм хэрэглэж буй үед, жирэмсний саруудад вакцин хийлгэх боломжгүй юм.
-Хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдох БОЭТ-ийн Халдвартын тасгийн эмч, ажилтнууд ямар зарчмаар ажиллаж байна вэ?
-ЭМ-ийн сайдын тушаалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, ажилтнууд 7 хоног тусгаарлах байранд, 7 хоног гэрийн тусгаарлалтад байна. Тусгаарлалтын 14 хоногт шинжилгээний хариу нь сөрөг гарвал ажилдаа орж байгаа.
-Вакцины тухай мэдээлэл өгнө үү?
-Вакцин бол аюулгүй. Практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлагаар  нягтлан магадалж, зах зээлд гарсных нь дараа ч чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох бөгөөд энэ үед тухайн тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг ажээ.
Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг болохыг холбогдох мэргэжлийн хүмүүс хэллээ.
-Эсрэг биет үүссэн хүмүүст коронавирусийн эсрэг вакцин хийх үү. Мөн хүүхдүүдийг вакцинд хэзээ хамруулах вэ?
-Эсрэг биет үүссэн буюу “Ковид-19” халдвараар өвдсөн хүмүүсийг эдгэрснээс нь хойш гурван сар буюу 90 хоногийн дараа дархлаажуулах боломжтой. Энэ хүртэлх хугацаанд вакцин хийлгэхгүй байхыг зөвлөж байгаа. Дэлхий дээр бүтээгдэж буй вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийгдэх заалттай. Эдгээр вакциныг 16-аас доош насны хүүхдэд хийх туршилт, судалгаа хийгдэж байна. Судалгааны үр дүнгээс хамаарч хэдэн насны хүүхдэд вакцин хийх боломжтой вэ гэдэг нь тодорхой болно.
-Вакцины эхний тунг хийлгэсэн хүн дараагийн тунг хийлгэх хүртлээ юуг анхаарах ёстой вэ?
-Вакцин хийлгэсний дараа тодорхой хугацаанд мөрдөх ёстой зүйлүүд байдаг. Манай улс эрс тэс уур амьсгалтай учраас вакцин хийлгэсний дараа цаг агаарын нөхцөл байдалд тохируулж хувцаслах ёстой. Мөн вакцин хийлгэсний дараа 1-2 хоногт илрэх хариу урвалыг ажиглаж, түүнд тохирсон арга хэмжээ авахыг зөвлөдөг. Тухайн вакцины заавар зөвлөмжөөс хамаардаг хэдий ч оруулж ирэх гэж байгаа вакцинуудад архи, тамхи хэрэглэхгүй гэсэн заалт байхгүй байна.

Дорнод сонин
DornodMedia.mn

Мэдээг түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу.

*