Дэлхий даяар байлдан дагуулж буй Дубай шоколадны түүхээс

 

Британи-Египет гаралтай энтрепренер Сара Хамоуда жирэмсэн байхдаа амттан идэх хүсэлдээ хөтлөгдөн хүүхэд насныхаа дурсамжаас сэдэвлэн өвөрмөц амт, сонирхолтой бүтэцтэй шоколад бүтээсэн нь өнөөдрийн бидний мэдэх “Дубай шоколад” билээ.
Өмнө нь хэзээ ч шоколад хийж байгаагүй тэрээр жирэмснийхээ тэн хагасыг өнгөрөөж байх үедээ шантралгүйгээр уг ажлаа эхлүүлсэн байна. Ингээд “Can’t Get Knafeh of It” буюу “Дубай шоколад” төрөн гарчээ. Уг бүтээл нь гадуураа сүүтэй шоколадны бүрхүүлтэй, дотроо нунтагласан фисташкийн крем, катаифи агуулсан бөгөөд тод шар, хурц ногоон толботой байв.

Олон улсад танигдсан түүх
Анх 2022 онд нөхөр Езен Аланитайгаа хамтран “FIX Dessert Chocolatier” нэртэй онлайн дэлгүүрээ нээх үед долоо хоногт ердөө ганцхан шоколад зарагддаг байсан талаар түүний нөхөр дурсан ярьжээ. “Бидэнд бууж өгөхийг хүссэн маш олон өдөр байсан” гэж Хамоуда хуваалцжээ.
Хамоудагийн энэ бүтээл нь интернэт орчинд алдаршиж, “Дубай шоколад” гэх нэрээр олны танил болж, бусад үйлдвэрлэгчид дуурайх хүртлээ амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй аж.
2023 оны сүүлчээр энэхүү брэнд олон улсын анхаарлын төвд орсон бөгөөд TikTok хэрэглэгч Мария Вехера ASMR хэв маягаар шоколадыг хугалж, дотроос нь фисташкийн крем урсаж буйг харуулан, амталгаа хийсэн бичлэгээ нийтэлснээр уг бичлэг 100 сая гаруй үзэлт авч их хэмжээний эрэлт үүссэн юм. Тийнхүү хэдэн мянган захиалга ирж, тус компанийн хүргэлтийн систем түр хугацаанд ачааллаа даахгүй болсон удаатай.

Санхүүгийн амжилт ба компанийн өргөжилт
Сара Хамоудагийн одоогийн орлого, хөрөнгийн хэмжээ олон нийтэд ил болоогүй ч “Fix Dessert Chocolatier”-ийн хурдацтай амжилт их хэмжээний санхүүгийн өсөлт дагуулсан нь олон улс дахь дубай шоколадны эрэлтээс харагдаж байна. Тус компани Австрали зэрэг олон улсын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Швейцарын алдарт шоколад үйлдвэрлэгч Lindt өнгөрсөн арванхоёрдугаар сард энэ шоколадны тусгай хувилбарыг 300 ширхэг гаргасан бөгөөд ердөө нэг өдрийн дотор зарагдаж дуусжээ. Түүнчлэн, Британийн хүргэлтийн платформ Deliveroo-гийн мэдээлснээр өнгөрсөн жил хамгийн их захиалагдсан бүтээгдэхүүн нь “Can’t Get Knafeh of It” шоколад байсан аж.
“Fix Dessert Chocolatier”-ийн үйл ажиллагаа
“Fix Dessert Chocolatier” нь Дубай, Абу-Дабид төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж, Deliveroo хүргэлтийн аппликейшнаар дамжуулан хязгаарлагдмал хугацаанд бүтээгдэхүүнээ хүргэдэг. Одоогоор FIX-ийн баг 50 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа гэнэ. Мөн өндөр эрэлтийн улмаас тодорхой цагуудад л захиалга авах боломжтой байдаг байна.
Компанийн гол зарчим нь жинхэнэ амт, чанараа хадгалах явдал аж. Тиймээс Арабын Нэгдсэн Эмиратаас гадуур албан ёсны борлуулагч болон биечлэн худалдаалах дэлгүүр байхгүй гэдгийг онцлон мэдэгддэг. Иймээс хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчдийг хамгаалах, тэдэнд компанийн гараар урласан бодит амтыг хүргэх зорилготой ажилладаг хэмээн Хамоуда дурдаж байв.

Itoim.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ