“Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ

Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх ёстой гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ. Үүнийг нь тус компанийн өмгөөлөгч Б.Билгүүн үндэслэлгүй гэж үзэн Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзав.

Ингэснээр Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэхээр болж байна. Уг нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2024 оны аравдугаар сарын 16-нд явуулаад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах захирамж гаргасан байдаг.

Монгол Улсын Засгийн газартай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийнхны байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны XXI талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км засмал зам барьж ашиглалтад оруулна” хэмээн тусгасан. Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хүнд даацын автомашинууд нь бие биенийхээ тоос, шорооноос “зугтаж” олон салаа зам гарган байгаль орчинд хохирол учруулсан. Үүнээс гадна XIX талбайн 2016-2020 онд газрын тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх ажил хийхдээ шороон замаар тээвэрлэснээс болж Халхгол сумын нутагт 80 гаруй метр өргөн, 58.5 км урт 8-20 салаа зам бий болж, хөрсний доройтол, тоосжилт үүсгэсэн. Ингэснээр орчны бохирдол ихсэж, экологийн тогтолцоог алдагдуулан 443.4 га талбайд хохирол учруулсныг шинжилгээний байгууллагаас тогтоон байгаль орчинд 2.2 тэрбум шахам төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг.

Үүнээс гадна Аюултай хог хаягдлын жагсаалтад багтсан газрын тосны боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг зориулалтын бус газарт хаясны улмаас 2021 оны наймдугаар сараас хойш хөрсөнд 70 см гүн нэвчиж, 2800 ам метр талбайг бохирдуулж, экологид 5.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгаж буй билээ. Тиймээс НПГ-аас “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.11-3 дахь хэсгийн “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн”, 24.9-2-т заасан байгалийн тэнцэл алдуулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ