Иргэдийн дунд Дорнод аймагт менингококк халдвар гарлаа гэсэн цуу яриа тархжээ. Энэ талаар БОЭТ-ийн Халдвартын тасгийн их эмч Д.Мөнхчимэгээс тодруулахад, Хэрвээ халдвар гарсан тохиолдолд хамгийн түрүүнд манайд бүртгэгдэх ёстой. Одоогоор ямар нэгэн сэжигтэй тохиолдол гараагүй гэсэн хариулт өглөө. Иймд олон нийтийн сүлжээнд баталгаагүй мэдээлэл оруулж, бусдыг айдаст автуулахгүй байхыг зөвлөж байна.
Менингоккокт халдварын эх уурхай нь өвчтэй болон хамар залгиурын үрэвсэлтэй, нян тээгч хүмүүс. Халдвар авч эдгэрсэн хүмүүсийн 5-10 хувь нь амьдралынхаа турш нян тээгч болж үлдэх магадлалтай байдаг төдийгүй эрсдэлт бүлэгт хамаардаг.
Бүх насны хүмүүс өвчлөх эрсдэлтэй ч тав хүртэлх насны хүүхэд илүү хүнд өвчлөх магадлалтай байдаг. Энэ халдварын үед бусад халдварт өвчинтэй андуурах тохиолдол гардаг учраас дур мэдэн гэрээр эмчилгээ хийх, хугацаа алдаж хүлээлгүйгээр эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.
Богино хугацаанд амь насанд аюул учруулж болзошгүй өвчлөлийн хүндрэл эрсдэлтэй бүлэг нь бага насныхан. Тус халдварт өвчний нэг тохиолдлыг дэгдэлт гэж авч үздэг бөгөөд биеийн дархлааг сайжруулах нь урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэйг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Өнгөрсөн оны төгсгөлд таван сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд байснаас 2025 он гарахад хоёр тохиолдол нь батлагдаж, бүрэн эдгэрсэн. Харин өнгөрсөн долоо хоногт нэг тохиолдол нь богино хугацаанд хурдацтайгаар хүндэрсэн тул харамсалтайгаар эндсэнийг ХӨСҮТ мэдээлсэн. Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа тохиолдлуудыг авч үзвэл 80-85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүдийн дунд бүртгэгдэж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд менингококкт халдвараар сургуулийн насны буюу 10-14 хүртэлх насны хүүхдүүд өвчлөх тохиолдлууд их байгаа аж.
Халдварын үеийн шинж тэмдэг:
Өндөр халуурах
Бөөлжих
Толгой өвдөх
Нойрмоглох
Цусархаг тууралт гарах
Гэрэлд цочимтгой болох
Дагз хөших
Таталт өгөх зэрэг шинж тэмдэг илрэх бөгөөд дээрх шинж тэмдэг илэрсэн, нийслэлд байгаа тохиолдолд шууд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл бичих