Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Талын бүргэд

Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дугарын Цэрэндорж агсны хорвоод мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Тэрээр БНМАУ-ын Агаарын Харилцааны Газрын анхны Нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч дарга, Монголын Ардын армийн 109 дүгээр анги, /одоогийн Зэвсэгт хүчний 303 дугаар анги/-ийн анхны захирагч, БНМАУ-ын гавьяат нисгэгчийн 05 тоот үнэмлэхтэй, нисэхийн боловсон хүчнийг бэлтгэхэд томоохон хувь нэмэр оруулсан тусгай гэрчилгээтэй юм. Д.Цэрэндорж нь Иргэний агаарын тээврийн нэгдүгээр зэрэгтэй нисгэгч, Агаарын Цэргийн академийн ууган төгсөгч хоёр хүний нэг, дээхэн үеийн Сөнөөгч онгоцны нисгэгчдийн нэг, аймаг, сумдад Иргэний нисэхийн анхны Нисэх онгоцны буудал сонгоход оролцогчдын нэг, Иргэний нисэхийн анхны хууль, дүрэм, заавар гардан боловсруулж мөрдүүлэгчдийн нэг гэсэн анхны юм бүгдээр баялаг гавьяатай, энэ цагт дуурсагдах алдар үйлстэй, нисэхийн салбарын бахархал болсон “Талын бүргэд” юм.

Дугарын Цэрэндорж 1918 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод мэндэлжээ. 1935 оны долдугаар сарын 1-нд Цэргийн албанд татагдаж улмаар Ерөнхий сургууль, Нисэхийн сургуульд суралцан нисгэгч болж олон жил ажиллахдаа нисгэгч, багш, хэсэг, эскадрилийн дарга, хорооны штурман, нисэх хорооны штабын дарга, Агаарын Харилцааны Газрын Нислэг эрхэлсэн нэгдүгээр орлогч дарга, мөн Боловсон хүчний хэлтсийн дарга, Батлан хамгаалах Яамны байлдааны бэлтгэл хэлтэст агаарын цэргийн хэрэг эрхэлсэн туслах зэрэг хариуцлагатай албан үүргүүдийг Зэвсэгт хүчний хурандаа цолтой он удаан жил үр бүтээлтэй гүйцэтгэж байсан юм.

Цэргийн нисэх хүчнийг 1960-аад оны сүүлээр дахин шинээр байгуулах үед Зэвсэгт хүчний Жанжин штабт Нисэхийн асуудал эрхэлсэн ахлах офицероор 1975 он хүртэл ажилласан юм. Гавъяат нисгэгч Д.Цэрэндорж нь Монгол Улсын Нисэхийн түүхэн дэх байлдааны сөнөөгч онгоцны дээхэн үеийн нисгэгчдийн нэг бөгөөд По-2, Ут-2, Р-5, И-15, Як-9, Як-7, Ил-2, Як-18, Як-12, Ан-2, Ил-14, Ан-14 зэрэг манай улсын нисэхийн байгууллагад ашиглаж байсан 10 гаруй төрлийн нисэх онгоцыг чадамгай эзэмшиж, 1939 оноос хойш нисэх мэргэжлийн ажлыг дагнан эрхэлж, агаарт олон мянган цаг нисэж нислэгийн урт замыг туулан, улс эх орноо батлан хамгаалах хийгээд иргэний агаарын тээврийн болон тусгай үүргийн нислэгийг осол, зөрчилгүй цаг тухайд нь амжилттай сайн гүйцэтгэж байжээ.

Д.Цэрэндорж нь Монголын нисэх хүчин, Агаарын Харилцааны Газрын удирдах тушаалын хариуцлагатай ажлыг хашиж байхдаа, эх орныхоо хөх тэнгэрт агаарын шинэ зам татах, нисэх буудлуудыг байгуулж, иргэний агаарын тээврийг хөгжүүлэн бэхжүүлэх ба олон улсын агаарын харилцаа тогтоох зохион байгуулалтын арга хэмжээнд өөрийн биеэр онц идэвхитэй, үр бүтээлтэй оролцож, хүч хөдөлмөрөө уйгагүй дайчлан ажилласан юм. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Д.Цэрэндорж нь 1939 оны Халх голын дайн болон 1945 оны чөлөөлөх дайнд сөнөөгч онгоцоор дайсны халдлагаас эх орноо хамгаалсан ахмад дайчдын нэг билээ.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны зургадугаар сарын 1-ний 272 дугаар тогтоол ёсоор Дорнод, Ховд, Хөвсгөлийн чиглэлийн долоон аймагт Иргэний агаарын зорчигч, шуудан тээврийн тогтмол нислэг хийх болжээ. 1956 оны долдугаар сарын 7-нд “Бөхөг Түргэн”-ий аэродромоос агаарын шуудан тээврийн нислэг Ан-2 онгоцоор анх удаа албан ёсоор хийгдсэн бөгөөд нислэг эхлэхийн өмнөх хөдөлмөрчдийн цуглаан дээр БНМАУ-ын Холбооны Яамны сайд Л.Дамдинжав, Улаанбаатар хотын Намын Хорооны нарийн бичгийн дарга Т.Дангаа, Ардын Цэргийн командлагч, генерал Ж.Лхагвасүрэн, Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга Б.Ламжав, Төв аймгийн дарга Бадамжав нар оролцож, цуглааныг Л.Дамдинжав нээсэн байна. Энэ өдөр нисгэгч Д.Цэрэндорж, Л.Лхамсүрэн, техникч М.Муухайгийн хамт Булган, Хөвсгөлийн чиглэлд нисчээ. Булган аймагт нисэж очсон тэр өдөр мөн хөдөлмөрчдийн цуглаан болж, төр засгийн шийдвэрээр ард түмэндээ агаарын тээврээр үйлчлэх болсонд сэтгэл нэн хангалуун байгаагаа илэрхийлж, нисгэгч Д.Цэрэндорж үг хэлж байсан байна.

1956 оны арванхоёрдугаар сарын 1-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд Иргэний агаарын тээврийн тухай Засгийн газар хоорондын гэрээ Москва хотноо байгуулсан бөгөөд Монгол талаас Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан, Элчин сайд С.Батаа, зөвлөх Л.Тойв, мэргэжилтнээр /эксперт/ Нисэх хорооны штабын дарга Д.Цэрэндорж, инженер Т.Самдан, ЗХУ-ын талаас Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Иргэний агаарын тээврийн Ерөнхий газрын дарга, Нисэх хүчний Маршал С.Ф.Жаворонков, Олон улсын агаарын харилцааны удирдах газрын дарга В.М.Данилычев, түүний орлогч М.Н.Хроленко, хуулийн зөвлөх В.С.Грязнов нар оролцжээ. Арван зүйл бүхий энэ гэрээ, хавсралт протоколд Монголын Иргэний агаарын тээврийг хөгжүүлэхэд 20 сая төгрөгийн үнэтэй Улаанбаатар, Сайншандын нисэх онгоцны буудлыг бүх тоног төхөөрөмж, эд хогшлын хамт, мөн Ил-14 онгоц тавыг бэлэглэн, үнэ төлбөргүй шилжүүлсэн юм. Мөн агаарын техникийн талаар харилцан үйлчлэх, хоёр улсын нийслэл хүртэл олон улсын агаарын тээврийн нислэг үйлдэх, мэргэжлийн хүмүүсийг сургах, зорчигч, ачаа тээш, шуудан зөөхөд зохих үйлчилгээ үзүүлэхээр гэрээнд заасан байна. Энэ үндсэн дээр Аэрофлот, Агаарын Харилцааны Газрын хооронд мөн хэлэлцээр байгуулжээ.
Тугчин овогт Д.Цэрэндорж нь 1955 онд Болгар, 1959 онд Чехословак, 1961 онд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 1962 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс, Унгар, Румын, 1963 онд Польш, ЗХУ зэрэг олон оронд албан ажлаар удаа дараа явж, Агаарын тээврийн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж байв. Тэрээр ЗХУ-тай гэрээ, хэлэлцээр байгуулах төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож, төрөл бүрийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаад, дотоодод сургах, шинэ эд анги авах, мэргэжлийн тооцоо судалгаа гаргах, ЗХУ-ын мэргэжилтэн урьж авчрах, БНМАУ-ын Агаарын зайн анхны хууль, Иргэний тээвэртэй холбоотой дүрэм, заавар боловсруулах, мөн иргэний болон цэргийн нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн зэрэгтэй болгох, цалин хангамж, километрийн үнэлгээ, хоол, нислэгийн тусгай хувцасны хангалтын асуудлыг боловсруулан шийдвэрлүүлж, эдгээрээс зарим нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байна.

Хурандаа Д.Цэрэндорж нь Нисэхийн дунд сургууль, ЗХУ-д Цэргийн нисэхийн академи, мөн Ульяновск хотын Нислэгийн дээд мэргэжилтний бэлтгэл сургалт, сургуулийн нислэгийн удирдагчийн түр сургалтыг тус тус төгссөн. Нисэхийн дээд боловсролтой нисгэгч байсан юм.Ардын Их Хурлын 5-10 дахь удаагийн сонгуулиар БНМАУ-ын Дээд шүүхийн Ардын төлөөлөгчөөр сонгогдож байв. Багш – нисгэгч Д.Цэрэндорж “Талын Бүргэд” нэр авч, улмаар тэр нэрээрээ алдаршиж төр засгийн сонин хэвлэлд нислэгийн ур чадвар, ажил үйлсээрээ сайшаагдан бичигдэж байсан төдийгүй Балбын Вант Улсын хаан түүний жолоодсон онгоцонд тухалж, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал тэргүүтэй төлөөлөгчдийг Зөвлөлт Социалист Автомат Бүгд Найрамдах Буриад улсаар аялуулж, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуу гуайг БНАСАУ-д айлчуулж, ЗСБНХУ-ын баатар, сансрын нисэгч П.И.Беляевыг Сэлэнгэ аймгийн Алтанбулагаас Улаанбаатар хотод авчрах, Бээжин хот руу анхны нислэг үйлдэж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Жоу-Энлайг Хархоринд хүргэж, Цэргийн алдарт жанжин, ЗХУ-ын Маршал К.К.Рокоссовский, В.А.Судец нарт нисэх онгоц жолоодон үйлчилж, Ази-Европын олон орны нисэх буудалд Монгол Улсын төрийн далбаатай онгоцоо амжилттай газардуулжээ. Үүгээрээ ч алдаршиж, улсад 52 жил зүтгэснээс үүний 45 жил нь зөвхөн нисэх хүчин, Иргэний Агаарын Тээврийн байгууллагад ажиллажээ.

Д.Цэрэндорж гуай даруу, төлөв зантай, хүн голдоггүй, их ноён нуруутай, эрдэмлэг, хүнлэг, нисэхийн бидэнд үлгэр дуурайлал болсон нөмөр нөөлөгтэй, ялангуяа хөдөөний надад “аав” шиг минь халуун дулаан санагддаг байв.
Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, Монгол Улсын анхны сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа “…Хүн бүхэн Д.Цэрэндорж гуай шиг сэтгэл, зүтгэлтэй болчихвол Монгол орон маань дэлхийн хамгийн сайхан ажилсаг, найрсаг, тэргүүний хөгжилтэй улс болно доо…” гэж бичжээ.

Д.Цэрэндорж гуай цаг ямагт эх орон, ард түмэн, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Цэргийн болон иргэний нисэхийн төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулан, цаг наргүй зүтгэж явсан бөгөөд Монголын ард түмэн түүний алдар гавьяаг өнөөдөр эргэн дурсаж, хүндэтгэн биширч байна. Энэ бүхний тодорхой нэг илрэл нь Монгол Улсын Засгийн газрын 283 дугаар тогтоол гарч Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дугарын Цэрэндоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод даалгасаны дагуу “Талын бүргэд” хэмээн алдаршсан, буурал нисгэгчийн мэндэлсний түүхт ойг цэрэг, иргэний нисэхийн салбарын хамт олон, анд нөхөд, төрөл төрөгсөд нь өргөн дэлгэр тэмдэглэх гэж байна.

Агаарын хөлгийн инженер, бэлтгэл хурандаа Я.Даваасамбуу

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Б.Уламбаяр

    Би энэ алдарт нисэгч хурандаатай цуг ажиллах аз таарч байсан юм залуухан офицер байхад минь БХЯ-ны Цэргийн зургийн институт 188- р ангид арын албаны дарга байсан эгэлгүй даруухан хүндээ. Нутгийн хүү гээд их л дотно байдагсандаа ужэ 100 жил болж байгаа юм уу

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*