Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Д.Отгондалай: Алхам алхмаар урагшилж байна

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Хосбаяр, Д.Отгондалай болон “Стармап Монголиа” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч З.Билэгбаатар нар оюутан залуустай мөрөөдөлдөө хүрэхийн тулд хэрхэн хичээж, хөдөлмөрлөж байсан талаараа хуваалцсан юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай цөөн хором ярилцлаа.

-Аливаа зүйлийн эхний алхам болгон амаргүй байдаг. Гэхдээ түүнийг давчихвал дараагийнх нь амжилтад хөтөлдөг юм шиг санагддаг. Таны хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд анхны алхмаа хэрхэн хийж байсан бэ?

-Би боксоор хичээллээд 15 жил болж байна. 2001 онд ундэсний бөхөөр анх хичээллэж спортын гараагаа эхлүүлсэн. Тухайн үед нэг зааланд спорт клубийнхэн бүгд бэлтгэл сургуулилтаа хийдэг байлаа. Тэгж байхдаа л боксоор хичээллэхээр шийдсэн. 2005 онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалт ч өгөөгүй. Учир нь, тухайн үед Монгол Улсын шигшээ багийн гишүүн болох нь миний зорилго байв. Мөрөөдөлдөө хөтлөгдөн Дорнод аймгаас Улаанбаатар хотод ирээд боксоор нэг жил хичээллэсний дараа Монгол Улсын шигшээ багт орсон. Энэ үеэс л миний амжилтын гараа эхэлсэн.

-Үндэсний бөхөөр хичээллэж байгаад яагаад бокс руу урвачихсан юм бэ?

-Арван жилийн сургуульд байхад нэг ангиас 10 гаруй хүүхэд боксоор хичээллэдэг байлаа. Ганц, хоёр хүүхэд л үндэсний бөх барилдана. Барилдаад олон тэмцээнд оролцох, олон медалийн эзэн болох боломжгүй байсан. Тухайн үед хүүхдүүдийн дунд тэр бүр тэмцээн зохион байгуулдаггүй ч боксоор хичээллэж байгаа хүүхдүүд өсвөрийн улсын аварга, “Олимпын гараа” тэмцээнд оролцох боломжтой байсан юм. Тэгж л ангийнхаа боксчдыг харж урамшин энэ спортод эргэлт буцалтгүй орсон.

-Олимп, дэлхийн аваргын медалийн тавцанд гарахын тулд олон саад бэрхшээлийг даван туулсан байх?

-Тэгэлгүй яах вэ. Бага жинд тулалддаг хүмүүс хамгийн түрүүнд өөрийгөө ялан дийлж байж амжилтад хүрдэг. Олон жил жингээ барихаас гадна хоол ундаа зохицуулна. Тамирчны тэсвэр тэвчээрийг сорьдог зүйлсийн нэг нь бэртэл гэмтэл байдаг. Ер нь бэртэж, гэмтэхгүйгээр амжилтад хүрнэ гэж үгүй. Энэ давааг давж байж мөрөөдлөө биелүүлдэг. Надад ч гэсэн хүнд бэртлийн улмаас жилийн хугацаанд дэвжээн дээр гараагүй үе бий.

 -Тэмцээн, уралдаанд оролцох зардлаа шийдэх нь тамирчдын толгойны өвчин. Танд тийм бэрхшээл тулгарч байв уу?

-Монгол Улсын шигшээбагийн гишүүн болсноор тэмцээний зардлын талаар бодох, шаналах хэрэггүй болсон. Түүнээс өмнө өсвөр, залуучуудын тэмцээнд оролцоход ээжээрээ тэтгэврийнх нь зээл авахуулдаг үе надад байсан. Тиймээс л бид улсаас өгсөн мөнгөнийх нь хариуд тамирчин амжилт гаргах ёстой гэсэн хатуу шаардлагыг өөрсдөдөө тавьдаг даа.

-Медалийн тавцан дээр зогсч, олон жил хөдөлмөрлөсөн үр шимээ амсах хамгийн сайхан мөч байдаг байх. Ер нь таны бодлоор амжилт гэж юуг хэлэх вэ?

-Би боксоор гурван сар хичээллээд “Олимпын гараа” тэмцээнд түрүүлсэн.2011 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод харамсалтайгаар хожигдоод рингэнээс уйлаад бууж байсан үе надад бий. Гэхдээ би шантраагүй. Азийн спортын Инчёны наадмаас боксын спортын анхны тодотголтой алтан медалийг авч, амжилтын гараагаа эхлүүлсэн. 2015 онд Азийн аварга, 2016 онд олимпын хүрэл, 2017 онд дэлхийн аваргад амжилттай оролцож, томоохон дөрвөн тэмцээнээс медальтай ирсэн. Би залуу хүн зорилготой байх ёстой гэж боддог. Тиймээс ч зорилгодоо хүрэхийн тулд илүү их хичээж, мэрийж байна. 2017 оноос хойш хөмсгөндөө нэлээд хэдэн гэмтэл авсан. Гэмтлээ эдгээхийн тулд спортоосоо хэсэг хугацаанд завсарлага авсан. Харин одоо бэлтгэлдээ орчихоод алхам алхмаар урагшилж байна.

-Энэтхэгт болсон боксын дэлхийн аваргаас олон улсын хэмжээний мастер М.Нандинцэцэг хүрэл медаль хүртлээ. Энэ сайхан мэдээ монголчуудыг маш их баярлууллаа?

-Тийм шүү. Эмэгтэйчүүдийн дэлхийн аваргаас анхны хүрэл медалийг М.Нандинцэцэг маань авлаа. Бид нас чацуу, олон тэмцээнд хамт явж байсан. Найзаараа бахархаж байна. Амжилтын гараагаа дөнгөжэхлүүлж байна. Энэ нь түүний шантрахгүй зүтгэсний үр шим юм.

-Ирээдүйд, магадгүй та бүхний хийсэн уулзалтын дараа боксоор хичээллэхээр шийдсэн залууст хандаад зөвлөгөө өгөхгүй юү?

-Хамгийн гол нь зорьсон зүйлдээ тууштай бай. Ямар салбарт ажиллаж байгаа нь хамаагүй, хөдөлмөрлөсөн хүн амжилтад хүрдэг. Зорьсон л бол битгий ухар. Хүссэн зүйлдээ тэмүүл. Хэзээ нэгэн цагт хувь заяа таныг шагнана.

 

 

Б.Сийлэн

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*