Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ч.Баярцогт: Гэртээ харих зам гоё, ажилдаа явах зам бүр ч гоё санагддаг

Зүүн гар талаас: Ц.Болоржаргал, Ч.Баярцогт, Э.Отгонтуяа, М.Ганбат, Н.Цэцэнхүү /”Оюутолгой” компани “Манлай” кемп. 2018.10.13/

Mongolian Mining Journal” сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллагаас 21 аймгийн сэтгүүлчдийг нэгтгэж, уул уурхай, эдийн засгийн чиглэлээр чадавхжуулах сургалтыг 2015 оноос зохион байгуулж байна. Энэ сургалтын ачаар миний бие “Оюу толгой” компаниар хоёр удаа зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Өнгөрсөн жил бид өдрийн хугас орчим энд саатаж байсан бол энэ удаад кемпэд байрлаж, ажилчдын хоолноос амталж, гүний уурхайн бүтээн байгуулалттай танилцаж гурав хонов.

“Оюу толгой” компанийн тухай Дорнодын ард түмэнд хол сонсогдож, үр ашгийн талаар огтоос сонирхохгүй ч байж магад. Гэтэл Дорнодын зуу, зуун залуус энд ажиллаж, дэлхийд данстай томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож байна. Уурхайтай танилцах аяллын үеэр Баяжмал савлах үйлдвэрийн оператор Чимэддоржийн Баярцогттой танилцаж, ярилцах завшаан тохиосон юм. Тэрээр 21 аймгийн сэтгүүлчид энд явааг дуулаад, нутгийн сэтгүүлчээ сурагласан хэрэг. Бид сургалтын төлөвлөгөөт ажил дуусахаар уулзъя гэж тохирсон нь энд 6 дахь жилдээ хамт ажиллаж буй андын холбоотой М.Ганбат, Ц.Болоржаргал, Н.Цэцэнхүү нарыгаа урьжээ.

Хүний газар нутгийнхантайгаа учрах гоё санагддаг. Энд Дорнодоос хэр олуул байна даа?

-Арван мянга гаруй ажилчин дунд Дорнодынхон олон бий. Уурхайн үйл ажиллагаа олон шат дамжлагатай болохоор бүгдийг нь танихгүй ээ. Баяжмал савлах үйлдвэрт надтай адил оператороор манай нутгийн долоон залуу хамт ажиллаж байна. Гүний уурхайн анхдагч эмэгтэй ажилчид дунд Бүжин гэж Дорнодын бүсгүй бий. Миний мэдэхээр хэд хэдэн шижигнэсэн сайхан залуус энд ажиллаж байгаа.

Нутгаасаа хол ажиллах ямар байхав. Хэд хоногийн ээлжээр ажилладаг вэ?

-Бид 14 хоног ажиллаад, 7 хоног амардаг. Зам хол учраас гэртээ бүтэн 5 хоноод л буцах болчихно.


Ойртож очъё, нутагтаа ажиллая гэсэн бодол бий юу?

Яг одоохондоо тийм бодол алга. Би энд ажиллаж байж л гэр бүлээ амар тайван, аз жаргалтай амьдруулж чадаж байна шүү дээ. Гэр бүлийнхнээ хот руу юм уу, Ханбогд суманд авчирч болно л доо. Гэхдээ хүүхдүүдээ хамт олон, найз нөхдөөс нь холдуулахыг хүсдэггүй юм. Гэртээ харих зам гоё, ажилдаа ирэх зам бүр ч гоё санагддаг. “Оюу толгой” компанид ажилд орсноор миний амьдрал дээшилсэн гэж би боддог. Өмнө нь айлын хашаанд амьдардаг байсан бол одоо өөрийн гэсэн сууцтай, хөлөглөх унаатай болсон. Оюутолгойд ажилладаг бидний хэдэн нөхөд нийлж “Сайн үйлсийн аян” зохион байгуулж, уламжлал болсон гээд бодохоор үр шимээ өгсөн байгаа биз.

Сайн үйлсийн аяныхаа талаар жаахан дэлгэрүүлээч?

– Анх хамт ажилд орж байсан найман залуу одоог хүртэл цуг ажиллаж байна Бид бүгд гэр бүлийн найзууд. Эхнэр хүүхдүүд маань ч ойр дотно. Гэр бүлээрээ ярилцаад сайн үйлс хийе, нутагтаа хэрэгтэй үйл бүтээе гэж тохирсон юм. 2017 онд нэг гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэсэн. Багуудаас судалгаа авч, өөрсдөө ч ярилцсаны эцэст бидний өчүүхэн тусыг дэмнээд, арчлаад тордоод авч явахаар айлыг сонгосон. Харин энэ онд нутгийн бөхчүүдээ дэмжих зорилгоор “Дорнын хүчтэн дэвжээ”-ний үйл ажиллагааг дэмжиж, нээлтийн барилдааны шагналыг нь байлж байсан. Дорнодын бөхчүүд бид нарыг андахгүй танина.

“Дорнын хүчтэн дэвжээ”-ний бөхчүүдтэй хамт. 2018 оны 1 дүгээр сарын тойргийн барилдаан

Гэр бүлийнхээ тухай танилцуулвал?

Манайх 4 хүүхэдтэй. Болоржаргал бас 4 хүүхэдтэй. Бид хоёр чинь савлах үйлдвэртээ олон хүүхэдтэйд тооцогдоно. Манайхан ер нь 2-4 хүүхэдтэй, өнөр бүлүүд.

Политехник коллежид баярлаж явдаг

Та ямар мэргэжилтэй вэ, өмнө нь хаана ажиллаж байв?

Гагнуурчин мэргэжилтэй. Хувийн хэвшлээр л ажиллаж байсан даа. 2012 онд,“Оюу толгой” компанид мэргэжилтэн бэлтгэх сургалт Политехникийн коллежид болох нь гэж сонсоод шууд л шалгалт өгсөн. Тэр сургалтаар 30 гаруй Дорнодын залуус тэнцэж энд ажилд орсон. Найз нөхөдтэйгөө, танил хүмүүстэйгээ олноороо энд ажилд орох боломж олгосон Политехникийн коллежид баярлаж явдаг. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрөөр цахилгаан, гагнуур, баяжуулалтын оператор мэргэжлээр сургаж байсан санагдана. Төгсөж ирээд дахин шалгалт өгч үндсэн ажилтан болсон.

М.Ганбатын зургийн цомгоос: Коллежийн захиралтайгаа ажил руугаа зам нийлэв. 2013.12.14 /Баруун гар талаас Ч.Баярцогт, М.Ганбат, Д.Энхжаргал, Ц.Болоржаргал/

Анх ажилд орсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Биднийг ажилд орох үед энд бүтээн байгуулалт ид өрнөж байлаа. Одоо ажиллаж байгаа савлах үйлдвэр маань хэдэн арзгар төмөр л байсан гэхэд болно. Төдийгөөс өдийг хүртэлх бүтээн байгуулалтад гар бие оролцож, үйлдвэртээ анхдагчид тооцогдохоор хэмжээний болсондоо баяртай байдаг.

Баяжмал савлах үйлдвэр гэхээр…?

-Савлах үйлдвэр маань цагт 100-130 уут баяжмал савлах хүчин чадалтай. Манай хэсэг бүрэн автомат ажиллагаатай. Энд агуулахаас ирсэн баяжмалыг хоёр тоннын уутанд савлаж, жинлээд, шошго хадна. Бас баяжмалын чийгшлийг хадгалах зорилгоор уутны дотор нимгэн гялгар уут давхарладаг. Нэг машинд 18 шуудай, 36 тонн баяжмал ачдаг.

Алхам бүрт аюулгүй ажиллагааны лоозон

-Энд алхам тутам “Аюулгүй ажиллагаа” гэсэн үгтэй таарах юм аа?

-Ийм олон хүнтэй, энэ том уурхайд аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Аюулгүй ажиллагаанаас гадна хариуцлага, дэг журам өндөр түвшинд байх ёстой. Энд Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм бүрэн хэрэгждэг гэж хэлж болно. Манай Ганбат Дорнодод газрын тосонд ажиллаж байсан юм л даа. Аюулгүй ажиллагааны хувьд асар их ялгаатай гэж ярьдаг.


-Жилийн ихэнх өдрүүдийг ажлын байранд өнгөрүүлдэг байх нь. Байр сууц, хоол ундны тал дээр ямар байдаг юм бол?

-Кемп маань тухтай. Бид өрөөндөө уг нь гурвуулаа. Гэхдээ нэг нь өдрийн ээлжтэй үед нөгөөх нь шөнийн ээлжтэй, эсэхүл амраад явчихдаг гээд ганцаараа шахуу байдаг юм. Хоол унд сайн шүү.

Үргэлжлэлийг ЭНДээс уншина уу.

Э.ОТГОНТУЯА Dornodскачать dle 12.0DornodMedia.mn

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Anonymous

    Тэнэг бөхчүүдэд юу ч өгөөд хэрэггүй шүү залуучууд аа

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*