Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Цэцэн билгийн шижир алт буюу Цэвэлмаагийн Нэргүйн тийш одохуй…

Цогт хун тайжийн их Монголыг нэгтгэхийн төлөөх тэмцэл
Цогт эх оронч О.Дашбалбарын газар шорооныхоо төлөөх тэмцэл
Цогт найрагч Цэвэлмаагийн Нэргүйн үнэний төлөөх тэмцэл дор мэхийн ёсолмуй.

Ажил, амьдралын эгэл өдрүүдийн мананд явсаар дадчихсан сэтгэл, цаг улирлын гоо сайхныг харах сөхөөгүй явсаар хэдэн оныг ардаа хийснийг бүү мэд. Эргэн нэгжээд сүүлийн таван жил дотор утга, уран зохиолын ямарваа нэг томоохон арга хэмжээний урилга заллага, их “Болор цом” наадмын Архангай явах эрхээ ч бусдад шилжүүлж байснаа санахын учир байна. Дэлхийн утга зохиолын академи, олон улсын яруу найргийн чуулга уулзалтын Чех, Солонгос, Орос, Хятадын урилгыг бас хойш тавьж байснаа санахын учир одоо надад байна. Яагаад ч олон сайн сайхан, олон шагнал урамшлаас хол хөндий зөвхөн амьдрал, ажил тийш явсаар бор хоног, богино өдрүүдийг сэтгэлдээ тээж гэр бүл, үр хүүхэд, аав ээж, эх нутгийн тийш хүлгийн жолоо, хүслийн дуудлагаар явсаар өдийг хүрч байгаадаа харамсах зүйлгүй явснаа ч нуух юун. Гэхдээ энэ эгэл өдрүүдийг хуу татан миний үзэг нэгт анд Хэнтий аймгийн Норовлин сумаас О.Түвшиндэмбэрэл утас цохиж “За өвгөөн, сайхан намаржиж байгаа чинь тодорхой миний найз. Удахгүй чиний хүндэлж явдаг, сайн танил Хан Хэнтийн цогтой яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүйн 80 насны ойд зориулсан наадам зохион байгуулагдах гэж байна. Хамгийн түрүүнд чиний л нэр толгойд орж ирж байна. Албан ёсоор урилаа шүү” хэмээгээд утсаа тавьчихлаа. Удаагүй хэд хоногийн дараа миний хүндэт ах СГЗ дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Жигжидсүрэнгийн Нэргүй ах ярьж байна. “Чи явах юм байгаа биз дээ, Ц.Нэргүй ахын наадамд чамайг орно гэж дууллаа” гэж байна. Би ч явахаа сэтгэлдээ хэдийн “бясалгачихсан” байсан тул хүлгийн жолоо, сэтгэл нэгэн зүгт гэдгээ илэрхийллээ.

Ер нь дотроо Хэнтийн яруу найргийн “Хэрлэн тооно” бүлгэм гэж ямар байдаг юм бол, 2007 онд МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй ахын уран бүтээлийн баяраар зорин очсон сум 11 жилийн дараа ямархан болсон бол гээд өдий төдий олон зүйл бодож, хэд хоног ойр зуурын ажлаа цэгцэлсэн билээ.

Товлосон өдөр, цаг хуга­цаа болж арваннэг­дүгээр сарын 2-ны өглөөний 8 цаг 30 минутад “Дүнжингарав худалдааны төв”-ийн өмнө найрагчдыг авч явах суман цагаан зорчигч тээврийн автобус зэхээстэй харагдана. Яваад очлоо, урьсан О.Түвшиндэмбэрэл, Ж.Нэргүй ах, Ш.Анхтуяа, “Жеком” хэвлэлийн газрын захирал Д.Ганболд, яруу найрагч “Хэнтийн” Б.Батхүү, манайхны дууддагаар “Сүнс” Дамбын Одгэрэл, Батширээтийн яруу найрагч А.Түмэнбаяр ах, Батноров сумын уугуул С.Эрдэнэбат найрагч, Баянхонгороос шууд хотод ирсэн Дорнодын яруу найрагч Н.Мөнхсайхан, залуу яруу найрагч С.Начин, Б.Энх-Уянга гээд эхнээсээ ирцгээжээ. Бие биенээ хүлээж, ийш тийш ярьж дуудсаар ямартай ч ирцээ бүртгэсэн найрагч Ш.Анхтуяа, Д.Нарантуул нар хөдлөх дохио өглөө. Их хотын түгжрэл, бөглөрлийг ажралгүй дан ногоон гэрэл асаатай явсаар Баянзүрхийн товчоо өнгөрөөд би авто­бус­ны суудлаа нүдээрээ нэгжвээс талд нь хүн алга. Учрыг Хэнтийн Б.Батхүү найзаас асууваас “Манай Хэнтийнхэн замаа­саа бүрд­нээ чи харж байгаарай. Удахгүй Багануу­раас Д.Онон­чимэг, Цэнхэрманд­лаас Ж.Баярмай нэгдэж Чингис хотоос дахин зургаан хүн нэмэгдсээр суудлын урт автобусны суудал бараг дүүрэх байх” гэлээ. Арга ч үгүй юм даа. Хэнтий аймгийн нутаг дэвсгэр, дайрч өнгөрөх сум болгоноос нэг нэг найрагч нэмэгдсээр СГЗ, соён гэгээрүүлэгч Ломбын Нямаа гуайн тулгын галыг асаасан “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хэмээх их айлын өнөр бүл ийн цуглан явааг харахаар бахдал төрөх шиг… бас болоогүй гэнээ. Шууд Норовлин сум руу Дадал, Батноров, Биндэр, Баянхутаг сумдаас найрагчид гарсан юм байх.Энэ их олон найрагчдыг зүг зүгээс цуглуулахын учир том ажээ. Бодол, эргэцүүллийн манан дунд урт замыг туулан явахуй дор нэрт сурган хүмүүжүүлэгч, цэцэн билгийн их авъяастан, Рин­чений Чойномын анд найз, яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүй хэмээх хүмүүнтэй амьд сэрүүнд нь цөөн уулзахдаа бөөн дурсамж надад бий ажээ.

Тэртээ 1990-ээд оны эхээр миний сэтгүүлчийн анхны мэдээний редактор, “миний сэтгэлийн соён гийгүүлэгч” Жигжид­сүрэнгийн Нэргүй ахынх Чойбалсан хотод байх ахуйд гэрт нь явж очтол саяхан гаднаас орж ирсэн бололтой улаан хүрэн дээлтэй, арагш самнаж дарсан гэзэг үстэй, ихэд час часхийсэн дуутай цэцэн цэлмэг хүмүүнийг харсан минь Цэвэлмаагийн Нэргүй абугуай байжээ.Тэрбээр “Р.Чойномтой нөхөрлөж явсан минь” номоо манай аймгийн “Дөл” сонины хэвлэх үйлдвэрт хэвлүүлэх гээд ирсэнтэй би бээр азаар таарсан минь тэр байж. Түүнээс хойш хамгийн тод санаж байгаагаар Зүүн бүсийн утга зохиолын өдрүүдийн ээлж 1994 онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын үзэсгэлэнт “Цэнгэлэг” нуурын эрэгт хоёр хоног болоход тэрбээр бараг, яг яруу найргийн наадам цагийн дараа эхлэх гэж байхад Норовлин сумаасаа мотоцикльтой ирж шууд наадмын дэвжээнээ “Ноён хутагтын сахиус”, “Буриад” шүлгээрээ “тэргүүн байр” эзэлж билээ. Ийм л сэтгэлийн галтай, дөлтэй асаж бадарсан Монгол найрагчийн гэгээн гэрэлт үйлсийг мөнхлөн үлдээхийн утга учраар бүрэлдсэн найргийн наадам тийш зорин яваа миний сэдхил, адуутай хээр их талыг гэтэлгэн автобусан доторхи үзэг нэгт ахан дүүсийн дуу хуур, шүлэг найраг, хоржоон­той инээдэм дунд явлаа.

Эрхэм билигт найраг­чийн гарын ганц шавь Д.Нарантуултай би бээр 2007 оны есдүгээр сард Норовлин суманд Ж.Нэргүй ахын уран бүтээлийн үдэшлэг, номын баярт оролцохдоо уулзаж явсан бол бас нэгэн найрагч бүсгүй “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн гишүүн С.Наранчимэгтэй 1992 онд улсын “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадамд оролцож явснаа дурсан ярьж явлаа.

Санах, таних, мэдэхийн тухай олон зүйл бидний дунд өрнөлөө. Миний идэр залуу насны анд олноо Хэнтийн Б.Батхүү хэмээн алдаршсан найз минь  “Хэнтийн яруу найргийн дэг сургууль бол хүн болгон өөрөөрөө байх, бичихийн эрх чөлөөг олгодогоороо бусад яруу найргийн гал, бүлгэм, фэн клубүүдээс ялгардаг онцлогтой доо” хэмээн тодорхойлж хэллээ. Надад сайхан л санагдлаа. Харин яруу найрагч, зураач Дамбын Одгэрэл Монголын яруу найргийн “Мөнгөн үе”-ийн гэрэлт анд нөхөд Т.Содномнамжил, Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, Б.Бат-Оршихийг дурсахын дээдээр дурсан санаж мөр бадгуудаас нь цээжээр уншиж шинэ залуу шүлэгч залууст тэдний тухай ярьж явахад үнэхээрийн утга яруу аялал минь бартаа замыг ажралгүй туулан байлаа. Замд явахад утсаар энд тэндээс мэдээ ирж байна аа… Дорнодын Утга зохиолын нэгдлийнхэн Баян-Уул суманд, Сүхбаатар айм­гийнхан Мөнххаан сумаас гарсан, Ай.Төмөр-Очир ах шавьтайгаа Чингис хотод тосоод хүлээж байгаа гэхэд аргагүй л Сэцэнхан нутгийнхны оюун билгийн том цугларалт болж байгаа юм байна гэсэн бодол шууд тархинд орж ирэв ээ. Ямар олон найрагч Норовлин сумын тэнгэр дор шүлгээ уншиж, дурсамж уярлын торгон үдэш болох бол гэхээс сэтгэл яарангуй.Бидний урд нутгийн найрагч О.Түвшиндэмбэрэл цагаан тэрэгний жолоо мушгин нутгийн ах СГЗ дуун хөрвүүлэгч Ж.Нэргүй ахтай хамт явсаар… Үе үе зогсоход мань хоёр автобусны үйл явдал, яриа хөөрөөг үгэнд дурлан инээчихсэн орж ирж бидний ярианд “тос нэмнэ”.

Утга, уянгын аялал үргэлжилж Чингис хотод “Хэрлэн тооно” утга зохио­лын нэгдлийн гүйцэтгэх захирал найрагч Ш.Батцэцэг тэргүүтнүүд аяны зоог барьж Норовлин тийш 200 километрын аяллаа цааш үргэлжлүүллээ. Үдэш болжээ… Цэнхэрмандал сумаас суусан залуу шүлэгч Ж.Баярмай цангинасан хоолойгоор буриад дуу эхэлж бид түрэн дуулахын сацуу сэржим өргөн аян замынхаа дөрөөг мялаасаар одод түгсэн шөнийн тэнгэр дор нэг л мэдэхэд Норовлин суманд ирлээ. Сумын Засаг дарга П.Алтангэрэл, ИТХ-ын дарга С.Эрдэнэчулуун тэргүүтэй хүмүүс тосон авч ядрахыг мэдэхгүй дуулж, шүлэг уншиж явсан биднийг шинэхэн ашиглалтанд орсон сургуулийн дотуур байранд оруулж амраахаар боллоо. Харин биднээс өмнө Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн яруу найрагч Ц.Жамбалгарав, Дү.Батжаргал, П.Гэрэлхүү, Б.Мөнгөнтуул, Ч.Баярмөнх, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас яруу найрагч Дамбын Дандар­баатар ах ирчихсэн тухалсан байсан бол  бидэнтэй дөрөө харшуулан Чингис хотоос хөдөлсөн Сүхбаатар аймгийн уугуул СГЗ яруу найрагч Ай.Төмөр-Очир ах шавь Ж.Өлзийбат нар цөм Норовлингийн тэнгэр дор чуулснаар “Цэнхэр Улзын Цэвэлмаагийн Нэргүйн 80 насны ойд зориулсан Улзын цагаан хоймор” яруу найргийн наадамд оролцогсдын ирц бүрдэв.

Хэнтий, Дорнод, Сүх­баатар аймгийн найраг­чид ойрын хэдэн жилдээ учран золгож уулзаагүйн баяр хөөр, бидний хувьд аяншиж ядрахын тухайд саналтгүй биз ээ. Дор бүрнээ нэгнээ үгүйлж, дор бүрнээ ярих сонин содон дурсамж хөвөрдөн, хундага өргөж хувь төөргөөр утга, уран зохиолоор учирснаа билигшээн үүр цүүрээр амарцгаасан бөлгөө.

Хөдөөгийн сумын цэнгэг өглөөний агаар нойрмог сэтгэлийг цочоон сэрээж амарч тухалсан дотуур байрнаасаа гарч 11 жилийн өмнө ирж байсан Норовлин сум одоо танигдахын аргагүй өөрчлөгдөн, шинэч­лэгдсэнийг нүдээн бэлчээн харж тэртээд сүндэрлэх Уран Дөш уул өөд харан мэхийн ёсоллоо.

Гэгээн өглөө зүг зүгээс, утга уран зохиолын дуудлагаар цугласан Сэцэнханы найрагчид Цогт яруу найрагч Цэвэлмаагийн Нэргүйн гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн уран бүтээлчид их багшийнхаа нэрэмжит цэцэрлэгт хүрээ­лэнд мод суулгах үест хөх манхан тэнгэр  цэлмэг тун­гал­гаар гийж утга төгөлдөр наран дор  эрхэм хүмүүнээ мөнхлөн үлдээв ээ.
Эрхэм сурган хүмүүжүү­лэгч, цэцэн билгийн цэлмэг хөх тэнгэр болсон түүний шүлгийн мөрийг онцлон авч:
”Энэ насанд би таяггүй амьдарна
Эрлэгийнд очих хаяггүй амьдарна
Уулынхаа чулуу шиг ургаж амьдарна
Улзынхаа гол шиг урсаж амьдарна” ….Дорнод Монголын алдарт яруу найрагч Ц.Нэргүй хэмээн алтадан сийлжээ. Аргагүй ээ! аргагүй. Алтаар ч бичүүлэх ийм хувь заяатайг ард зон нь хүлээн зөвшөөрч, хүндлэн дээдлэхийн мөн чанар энэ буюу.

Би бээр огт танихгүй хүмүүний тухай бичиж байгаа бус энэ цагийн олон өөртөө “найрагч” хэмээх алдрын титэм худалдаж авагсдаас толгой өндөр хийморьтой яруу найрагчийг бичиж суугаа болохоор л бахархах сэтгэл ундарч, үг мөрүүд минь гэрэлтээд байгаа учраас л аян замын тэмдэглэл бичсү! хэмээн ажиглаж, тэмдэглэж явсан минь энэ.

Норовлин сум бол Монголын цэцэн билигт оюун санааг төрүүлдэг сум гэж бичмээр санагдсан шүү. Сумын зүрхэнд нь цогт найрагч Ц.Нэргүйн эгэл агаад тэнгэрт цойлсон хүсэл мөрөөдлийг гэрэлт шүлгэн хөшөө болгон сүн­дэрлүүлсэн учраас ирээдүй хойчоос нь үнэн, яруу үгсийн цэцэн мэргэд төрөө­сэй, шүншигэнд нь ирээ­дүйгээ дуудсан “их хурай” нуугдаж байгаа гэдэгт итгэн залбирч дараагийн үйл ажиллагаа болох хүүхдийн шүлгийн уралдаанд бид шууд оролцсон билээ.

Үзэгчийн суудлаас су­рагчдын гэнэн цагаан, сэтгэл зүрхээрээ тэрлэсэн шүлгүүдийг нутгийн олонтой хамт сонсон алгаа хорстол ташин, уухайлж байхдаа бидний хойч үе энэ нутагт тасрахгүй юм байна, энэ хойч ирээдүйг Ц.Нэргүй багш шиг олон сурган хүмүү­жүүлэгч багш нар үргэлж­лүүлж байгаа юм байна хэ­мээн бодохоор баярын ну­лимс ойртоод ирэх шигээ…

Төгсгөлийн шатанд гурван сурагч үлдсэнээс дунд нь ерөнхий шүүгч СГЗ, дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй ах “Цагаахан хус” гэсэн сэдэв өгч 10 минутанд тайзан дээр олны өмнө бичүүлж шалгаруулах болсон нь үнэхээрийн хүүхдүүдийн авъяас билгийг шалгасан, онгод хийморийг сорьсон зөв шийдвэр болж билээ. Цэцэн билиг оюунаараа “Цагаахан хус” шүлэг тэрлэсэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын IX ангийн сурагч Б.Номин-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, дэд байранд Биндэр сумын XI ангийн сурагч Б.Энхтуул шалгарсан бол гутгаар байрыг Норовлин сумын IX ангийн сурагч Б.Алдарцогт эзэлж “яруу найргаар ярьдаг ард түмний ирээдүй хойч” болсон сурагчид найрагч, уран бүтээлч ах, эгч нараасаа сэтгэлийн сайхан ерөөл, ивээн тэтгэгчдийн шагналыг гардан авлаа.

Цэнхэр Улзын Цэвэлмаа­гийн Нэргүйн 80 насны ойд зориулсан утга яруу, уран зохиолын өдөрлөг, уулзалт, баяр цэнгүүн, “Улзын цагаан хоймор” яруу найргийн наадмыг “Эргэх холбоо-17” ТББ, Норовлин сумын Засаг даргын Тамгын газар, цогт яруу найрагч Ц.Нэргүй агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулж хот хөдөөгөөс нийт 80 гаруй яруу найрагчид, зохиолч, сэтгүүлч, зураач, уран бүтээлчид сойсон шүлгээ унших гэж зарим нь шүлэг сонсох гэж ирсэн явдал энэ наадам ямар их сэтгэлийн дуудлагаар сэцэнханчуудыг нэгтгэн уулзуулсан том үйл явдал, өндөр ач холбогдол үзүүлээ вэ гэдгийг бахдан байлаа.

Хүүхдийн шүлгийн наадмын дараа үргэлж­лүүлээд эрхэм цогт найрагч Ц.Нэргүй агсны дурсамж, ярилцлага өрнөлөө. Сумын Соёлын ордонд сул сандал байсангүй. Цөм цэцэн билгийн их гэгээн гэрэлт найрагчийнхаа дурсамжин дунд хөвж олон хүн түүний тухай ярьсны дотор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлэн Ай.Төмөр-Очир ах өгүүлрүүн “2006 онд хотод Ц.Нэргүй ахтай таарч хууч хөөрөн суулаа.Түүнээс би “Та Р.Чойномын нэрэмжит шагнал авсан уу” гэтэл “Аваагүй, анхдагчдаас Ш.Сүрэнжав тэргүүтэй есөн хүн хүртсэн байдаг юм” гэдэг байгаа. Би дүрсхийн босож “Р.Чойном нэрэмжит “Өд” сангийн тэргүүн Д.Ганболд руу дагуулаад очлоо. Жоохон омголон загнаж, яагаад та нар Ц.Нэргүй ахад нэрэмжит шагналаа өгдөггүй юм бэ” гээд тулгав. Д.Ганболд ч “Та түр сууж бай би гарч нэг ажил амжуулчихаад ирье” хэмээгээд хэсэг гадуур ажлаа амжуулж орж ирээд шууд Ц.Нэргүй ахад Р.Чойномын нэрэмжит шагналаа гардуулан өгч билээ. Уг нь Д.Ганболд Ц.Нэргүй ахын 70 насны ой дээр ташралдуулан хүндэтгэлтэй гардуулъя хэмээн азнаад байснаа хэлсэн. Гэхдээ одоо Ц.Нэргүй ах 68 настай яагаад авч болохгүй гэж хэмээн өөрийнхөө шийдвэр хүсэлт, тулгалтаа зөвтгөн шагнуулж байсан даа. Ц.Нэргүй ах Р.Чойномын нэрэмжит шагналаа зүүгээд “Өд” сангаас гармагцаа баяр, бахдалын нулимс дуслуулан Хэнтий нутгаа очин очитлоо “Найзыгаа энгэртээ зүүгээд буцлаа” гэж хэлээд гадуур хүрмээ өмсөлгүй үзэг нэгт, үнэнхүү шударгуу “Р.Чойномын нэрэмжит шагнал”-аа энгэртээ гялалзуулан нутаг руугаа буцсаныг  “Өнөөдөр” сонин онцлон нийтэлсэн тухай дурсамж хэлтэл үзэгч олон, хурсан олон Ай.Төмөр-Очир найрагчид зориулж алга нижигнүүлэн ташив. /Учир нь Р.Чойномын нэрэмжит шагналаа авсан тэр жилээ цогт найрагч Ц.Нэргүй тэнгэрт халисан бөлгөө./

Цэнхэр Улзын Цэвэлмаа­гийн Нэргүй найрагчийн цор ганц шавиа гэж хэлсэн бүсгүй бол Дэмчигийн Нарантуул. Тэрээр багшийнхаа 80 насны ойд үр хүүхдүүдтэй нь хамтран дурсамжийн номыг нь эмхэтгэж бас өөрийн яруу найргийн бүрэн хэмжээний түүврээ гаргасан явдал багшийнхаа ойд барьсан хамгийн том бэлэг байлаа. Яруу найрагч Д.Нарантуул “Хаврын бороо шиг энхрийхэн…” шүлгийн түүврийнхээ дээжийг Норовлин сум, сургуулийн номын санд өргөн барьж, их найрагчийн хойч үе болсон Норовлингоос төрсөн уран бүтээлчид нутаг усаа их утга, уран зохиолд тасралтгүй түүчээлэн авч яваагаа ийнхүү айлтган мэндчиллээ.

Норовлин сум арван­нэгдүгээр сарын 02-04-нд эцэсгүй яруу найргаар умбан, уул ус баясан цэнгэж, олон түмний хүсэн хүлээсэн “Улзын цагаан хоймор” яруу найргийн наадам 11 цагт эхлэх гэтэл наадмыг зохион байгуулагч яруу найрагч О.Түвшиндэмбэрэл над руу хүрч ирснээ “За найзаа, Ш.Анхтуяатай хамтраад наадмаа хөтлөчих үү. Энэ олон найрагчдаа чамаас өөр мэдэх хүн байхгүй шүү дээ” хэмээн гуйх, хүсэх тулгалт хийчихлээ. Урьд нь би СГЗ багш Л.Нямаа гуайн шинэ номын нээлтийг “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийнхний хүсэлтээр хөтлөн өгч байсан бяцхан туршлага, урьсан эрхэм найзын хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч Норовлин сумын Соёлын төвийн халуухан тайзнаа “Улзын цагаан хоймор” наадмаа үзэг нэгт найрагч Ш.Анхтуяатай хөтлөхөөр боллоо.

Зохион байгуулагч сумын сургуулийн нийгмийн ажилтан Ө.Мөнхзаяа хөт­лөгчийн ширээнээ шүлгэн хүлгээ сойсон 37 яруу найрагчийн нэрсийн жагсаалт бүхий цаас дэлгэн тавилаа. Наадам эхэлтэл найрагчдын нэрс дээр бяцхан судалгаа гаргав. Дорнод аймгаас зургаа, Сүхбаатар аймгаас нэг, Хэнтий аймгийн Норовлин сумаас зургаа, Баян-Хутаг сумаас хоёр, Дадал сумаас дөрөв, Баянмөнх сумаас нэг, Батноров сумаас хоёр, Баян-Овоо сумаас гурав, Батширээт сумаас дөрөв, Биндэр сумаас нэг, Мөрөн сумаас нэг, Баян-Адарга хоёр, Чингис хотоос хоёр, Дархан сумаас нэг найрагчид тус тус ирсэн байгаа ажээ.Оролцогчдын дийлэнх нь сум орон нутагтаа бүтээл туурвил, шүлэг найргаараа олондоо танигдсан их бага, улсын хэмжээний нэрэмжит наадмуудад оролцож байсан түүх, намтартай сэцэнханыхан хуран чуулжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан тэргүүтэй төр, засаг, албаны хүмүүс үзэгчдийн суудалд тухалж нэг ёсны шүлэг хэрхэн уралдахыг нутгийнхаа Соёлын ордон дотор харж, сонсох гэсэн зүг зүгийн олон арван найрагт хайртай зон олны сэтгэл догдлол надад мэдрэгдэж байлаа. Яруу найргийн наадмын ерөнхий шүүгчээр Норовлин нутгийн унаган хүү СГЗ дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй, СГЗ нэгэн цаг үед Ц.Нэргүй агсантай ахан дүүс явсан Сүхбаатар аймгийн яруу найрагч Ай.Төмөр-Очир, Норовлин сумын унаган хүү яруу найрагч О.Түвшиндэмбэрэл, Дэлхийн монгол туургатны зохиолчдын академийн захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Одгэрэл, Цэнхэр Улзын Цэвэлмаагийн Нэргүйн унаган шавь яруу найрагч Д.Нарантуул гэсэн таван шүүгчийг зарлахад Соёлын ордон дүүрэн үзэгчид алга нижигнүүлэн ташиж шүүгчдийн сонголтонд нэн сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байлаа. Эрхэм 37 найрагчаа гурван дүйзэд хуваан тайзнаа гарган шүлгүүдийг нь уншуулж эхэллээ. Хурсан зон олон анир гүм, найраг шүлгийн ертөнцөд гүн шунган орж яруу найрагчдын унших шүлгийг сэтгэл оюундаа бясалган барьж авах гэж хичээх нь танхимаас мэд­­рэгдэнэ. Норовлин су­мынхан ч нутгийнхаа най­рагчид алга ташиж байсан нь мэдээж. Эхний шатнаас 15 яруу найрагч II шатанд үлдлээ. Дурдвал:
Яруу найрагч
Б.Батхүү /Дадал/,
С.Начин /Баянмөнх/,
Б.Энхжаргал /Биндэр/,
Б.Алтанхуяг /Батноров/,
Б.Энх-Уянга /Баян-Овоо/,
Ш.Батцэцэг /Дархан/,
А.Түмэнбаяр /Батширээт/,
Б.Алтанхүү /Дадал/,
Н.Мөнхсайхан /Дорнод/,
С.Эрдэнбат /Батноров/,
Ж.Баярмай /Батширээт/,
Б.Мөнгөнтуул /Дорнод/,
П.Гэрэлхүү /Дорнод/,
Дү.Батжаргал /Дорнод/,
З.Чинзориг /Батширээт/ найрагчид дараагийн шатанд шүлгээ уншихаар үлдлээ.
Эдгээр яруу найрагч шүлгээ уншиж дуусан шүүгчид үнэлгээ нийлүүлж байх хооронд “Хэрлэн тоо­но” утга зохиолын нэгд­лийн гишүүн, МЗЭ-ийн шаг­налт яруу найрагч Д.Гансүрэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын найрагч Д.Дандарбаатар нарыг би бээр тайзнаа урин мялаалгын шүлэг уншууллаа. Энэ хооронд III шатанд таван яруу найрагч үлдсэн мэдээ ирлээ. Ингээд III шатанд Б.Батхүү, С.Начин, Б.Энхжаргал, Б.Алтан­хуяг, Н.Мөнхсайхан нар үлдсэнийг дуулгатал хурсан олон алга нижигнүүлэн ташиж зарим нэг нь “тэр, энэ түрүүлнэ” хэмээн бооцоо тавих дуулдав. Үнэхээр сайхан байлаа. Биднийг хуран чуулах үүдэл, хүсэл тэмүүллийг Норовлинд зангидсан эрхэм билигт найрагч Ц.Нэргүй агсны гэгээн сайхан дор энэ утгийн зон олон найраг шүлгэнд хайртай болжээ хэмээн миний сэтгэл бадарч бахдаж сууснаа нуух юун.

Ерөнхий шүүгч СГЗ дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй тэргүүтэй шүүгчид сүүлийн шатны таван яруу най­рагчид нэг сэдэв өгч 10 минутанд шууд тайзан дээр шүлэг тэрлүүлэхээр бол­лоо. Харин ямар сэд­вээр вэ гэдгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Дамбын Одгэрэл дуун цацруулагч барин авч БАРДАМ нэрэн дор бич гэсэн үүрэг, даалгавар яруу найрагчдад өглөө. 10 минут гэдэг хүлээж буй зон олон бидэнд их хугацаа ч яг тайзнаа БАРДАМ сэдвээр шүлэг бичин суугаа нөхдөд минь тун хүнд байгааг хажуунаас нь хараад л би ойлгож байлаа. Ухаан санаагаа төвлөрүүлэх, сэдвээ зөв зүгээс эхлэхээс эхлээд тархинд нь ямар эд эс нь шатаж байгаа бол гэхээс л тэднээс илч гэрэл төөнөх шиг… Цаг боллоо. Сүүлийн шатанд үлдсэн таван найрагч онооны дарааллаар БАРДАМ буюу БАРДАМНАЛ нэрийн дор шүлгүүдээ уншлаа, уншлаа, уухай хадаан зон олон алгаа ташиж, нутгийн найрагчдаа уухайлан дэмж­лээ. Үнэхээрийн халуухан, шүүгчдийн хувьд хүндхэн, шүүлт хатуухан болж буй янзтай байна аа. Энэ хооронд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нутгийн найрагч О.Түвшиндэмбэрэл эцсийн дүн гартал тайзнаа гарч сэтгэлийн үгээ хэлэ­хийг урьсан явдал норовлинчуудын бас нэгэн хүлээлт байж. Л.Оюун-Эрдэнэ гишүүн сурагч, оюутан ахуй цагаасаа шүлэг, найрагт дурлан шүлэг тэрлэж явснаа хуучлан, 41 дүгээр тойрогтоо хийж буй ажил, улсын төсөв, цаг үеийн ажлынхаа талаар товчхон мэдээлэл өгөв. Эрхэм ги­шүүнээ норовлинчууд шүлэг уншуулах хүсэлтээ илэрхий­лэхэд тэрбээр хайрын тухай хоёр шүлэг унш­сан явдал найрагт хайртай ард олны талархал хүлээв.

Ингээд олон түмэн, хурсан зоны хүсэн хүлээсэн дүн гарахад С.Начин тэргүүн байр эзэлж, дэд байранд Дорнод аймгийн утга зохиолын нэгдлийн гишүүн яруу найрагч Н.Мөнх­сайхан, гутгаар байрыг “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдлийн гишүүн яруу найрагч Б.Батхүү нар эзэлсэн хэмээн зарлахад, шүүгчдийн дүнд олон түмэн нэн сэтгэл өег, “үнэн сайхан наадам боллоо” хэмээн уухайлан алаг нижигнүүлэн ташиж байлаа. Шагналын хамгийн сайхан бэлэг нь 2019 онд гэр бүлээрээ Онон голын эрэгт амрах эрхийн бичиг, мөнгөн шагналтай дагалдсан явдал найрагчид бидний нутаг орон, онгон дагшин байгальдаа амарч шүлэг найргаар сэрэн үзэсгэлэнт байгалиа магтан дуулаасай гэсэн давхар сайхан бэлэг байлаа хэмээн наадмын дэд байрын шагнал авсан Дорнодоос оролцсон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт залуу яруу найрагч Н.Мөнхсайханы сэтгэгдэл бас л онцгой байлаа.

Улзын цагаан хоймор найргийн наадам Улз голын эх ундардаг Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт халуухан, сэтгэл хөдөлгөсөн эрчим зүрхэнд лугших ахуйд Соёлын ордноос гарахад шөнийн цэнгэг агаар өмнөөс сэнхийж гүн шөнийн одод жоготой гэгч нь гялбалзан байлаа. Зорьсон зорилго, дайлсан шүлгэндээ бялуурсан наадам болсон мэт одоо ч санагдана.

Хөдөөх нутгийн ард түмний сэтгэлийн их хүлээлт, сэтгэлийн их цангааг найраг шүлгээр тайлсны их уужрал бодогдоно. Сэцэнхан нут­гийнхан буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн найрагчдын томоохон цугларалт:
“Цэцэн билгийн их авъяастан
Цэнхэр Улзаараа овоглосон
Цэвэлмаагийн Нэргүй найрагчийн
Тэнгэрийн ивгээл дор хурлаа.
Хурсан олон хун цагаан сэтгэлтэй буцлаа
Хуйлруулсан найрагчид
Хундага сэржим өргөж
Урьсан Норовлингийн зон олны
Уужим сайхныг нь мэдэрлээ ”
“Эргэх холбоо-17” төрийн бус байгууллагын тэргүүн О.Түвшин­дэмбэрэл, их найрагчийн үзэг сэтгэл нэгт дүү соёлын гавьяат зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, сэтгүүлч Ж.Нэргүй ах, сумын удирдлагууд цөм санал нэгтэйгээр таван жилд нэг удаа “Улзын цагаан хоймор” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болж хамрах хүрээ, урих зочдоо ч ирээдүйд өргөн дэлгэр байлгах санал нэгдсэнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Үг, мөр, шүлэг, найраг цөм цэцтэй, Улз шигээ цагаахан цалгисан их авьяастныг нэхэн санаж, цаг хугацаанд мөнхлөн үлдээх их үйлс Хэнтий аймгийн Норовлин суманд гурван өдөр үргэлжлэн ийнхүү өндөрлөснийг тоочин бичсэн тэмдэглэлээ ийнхүү өндөрлөсү!
Яруу найргийн ариун мөр бадаг, шад шүлгүүд хүмүүнийг ашид гийгүүлж байх болтугай.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Даваасүрэнгийн Ган-ОЧИР.  2018.11.08
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бичиглэж дуусгавай.

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*