Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Чин улсын үеийн Халхын Сэцэн хан аймгийн Ачит засгийн хошуу

Халхын зүүн гарын Сэцэн хаан Шолойн их хатны отгон хүү Ананда далай жонон 1688 онд зүүнгарын цэргийн довтолгооны хөлөөс зайлан Чин улсад дагаар ороход түүнийг засаг болгон жонон цолыг нь батлав. 1691 онд Долнуурын чуулганаар Анандыг засаг, хошууны бэйс өргөмжлөв. 1697 онд Анандыг нас барахад түүний хатан Сумадара засгийн тушаалыг нэгэн хүү Гончигт залгамжлуулж, харин хошууны бэйсийн хэргэмийг нөгөө хүү Данзанд залгамжлуулав. Данзанг нас барахад түүний дүү Цэвэлравданд нэгэн зэрэг бууруулан улсын түшээ гүнгийн зэргийг залгамжлуулаад засаг болгож, тусдаа хошуу болгов. Цэвэлравдан 1706 онд нас барахад Данзангийн хүү Янживдоржид засгийн тушаалыг залгамжлуулж, 1724 онд эмэг эхийн хамт хаанд бараалхаар одсонд нэгэн зэрэг дэвшүүлж хошууны бэйс өргөмжилжээ. Тус хошууны нутаг нь зүүнш Зараа уул, өмнөш Хар овоо, баруунш Тая өндөр, хойш Угтам уул, зүүн хойш Хөх нуур, баруун хойш Ухаа толгой, зүүн өмнөш Элст өндөр, баруун өмнөш Ухаа хошуу хүрчээ. Хойт талаараа Орос зүг тавьсан хилийн харуулын нутаг, зүүн талаараа Хармөрний жанжны харьяа Хөлөнбуйрын шинэ барга 8 хошууны нутагтай зах залгаж байв. 1734 оноос өмнө тус хошууны хүн амын ихэнхийг баргачууд бүрдүүлж байгаад хааны зарлигаар Хөлөнбуйрт нүүж манжийн 8 хошууны бүрэлдхүүнд оржээ. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Сансрайдоржийг үе улиран Чин ачит засаг хэмээн өргөмжилсөн тул тус хошууг Сэцэн хан аймгийн Чин ачит засгийн хошуу хэмээн нэрлэх болжээ. Мөн тухайн үеийн засаг ноён Сансрайдоржийн нэрээр Сан бэйсийн хошуу гэж хэлдэг нь ч байв. ХХ зууны эхээр Оросын засгийн газрын эзэрхэг бодлого, дотоодын дайнаас дүрвэсэн буриад монголчууд нүүдэллэн ирж тус хошууны хойт хэсгээр суурьших болсныг 1922 онд Монгол улсын засгийн газраас засаг захиргааны зохион байгуулалтанд оруулахад тус хошууны хойт тал ба харуулын нутгийг оролцуулан Улз голын буриад хошууг байгуулав. 1923 оны засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошуу хэмээн өөрчлөн нэрлэж, Баянмөнх, Булган уул, Баян-Өндөр, Баянталбай, Баянноровлүн, Баянжаргалант, Баянбулаг, Баяндунбат, Дэлгэрмөнх, Хишиг талбай, Очирмөнх уулын 11 сумтай болгожээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр хошуудыг татан буулгахад тус хошууны хуучин нутаг нь одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн, Хэрлэн, Булган, Сэргэлэн, Чойбалсан сумд бүтнээрээ Цагаан-Овоо, Баяндун, Баян-Уул сумдын нутгийн зарим хэсэг болжээ. Тус хошууны төв Сан бэйсийн хүрээ нь одоогийн Дорнод аймгийн төв Чойбалсан болжээ. (Б.Нацагдорж)

Засаг ноёдын үе залгамжлал

АнандаЗасаг, хошууны бэйс1691-1697
ДанзанЗасаг, хошууны бэйс1697-1705
ЦэвэлравданЗасаг, улсын түшээ гүн1705-1706
ЯнживдоржЗасаг, хошууны бэйс1706-1757
ВанчинжавЗасаг, бэйс, түшээ гүн1757-1760
ГонсронжавЗасаг, тэргүүн зэргийн тайж1760-1787
ЦэдэндоржЗасаг, тэргүүн зэргийн тайж1787-1806
МинжүүрдоржЗасаг, улсын түшээ гүн бэйсийн тайж1806-1866
ЦэрэндоржЗасаг, бэйсийн зэрэг, тэргүүн зэргийн тайж1866-1872
ЛаваанрэгзэнЗасаг, бэйсийн зэрэг тайж, бэйлийн зэрэг1872-1898
СансрайдоржЗасаг, бэйсийн зэрэг тэргүүн зэргийн тайж1898-1918
ТогтохЗасаг, бэйс, жүн ван1918-1923
Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*