Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Амьдрал, хуримтлал, аз жаргал

“Хэрэв та нисэж чадахгүй бол гүй, гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй бол мөлх. Ямар ч тохиолдолд үргэлж урагшлах хэрэгтэй” гэж Мартин Лютер Кинг хэлсэн байдаг. Түүн лугаа хүн бүр өөр өөрийн зам мөрөөр амьдардаг. Хүсэл зорилгынхоо төлөө ажиллаж хөдөлмөрлөдөг нэгэн байхад амар хялбар аргаар их мөнгөтэй болохыг хүсэгчид байна. Гэр бүлээ өлсгөхгүйн тулд хэр чадлаараа зүтгэх нэгэн байхад, хойш сууж залхуурах нь ч бий. Ийм үзэгдэл аль ч цаг үе, нийгэмд байсаар ирсэн. Монголын нийгэм өнөөдөр доройтож, иргэд нь хүн чанараа бага багаар гээж байгаа ч зөв зам мөрөөр, өөрсдийн хөдөлмөрөөр, чадлынхаа хэрээр амьдарч буй нь олон. Бид энэ удаа зарим гэр бүлийн өрхийн төсвийг нь сонирхлоо. Тэдэнтэй ярилцахад амьдралын төлөө тэмцэгч зан чанар л цухалзаад байлаа.

Готовын Долгоржав хэмээх 50 гаруй насны эмэгтэй гэр бүлийн хамт Улаанбаатарт 2003 онд Дорнод аймгаас шилжин иржээ. Тэрбээр Бичил хорооллын 13 дугаар байранд жижүүрээр ажилд ороод өдгөө 15 жил амьдарч байгаа аж. “Аав, ээжийн минь оронд аав, ээж болсон байгууллагадаа баярлаж явдаг. Анх ам бүл дөрвүүлээ ирсэн. Хоёр хүүтэй. Том нь эхнэр авч, хоёр хүүхэдтэй болсон. Бага нь ажил хийж байгаа. Том хүү маань төрөлхийн зүрхний ховдолтой учраас бага сага ажил хийдэг. Гэхдээ яахав, хоёр хүүхдийнхээ төлөө чадлынхаа хэрээр ажиллаж байна. Эрүү, өвдөг нийлээгүй цагт зүгээр суухгүй. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэж хэлэхэд үр хүүхдийнхээ төлөө юунаас ч шантардаггүй хатан зоригт эмэгтэй шиг санагдав.

Г.Долгоржав 13 дугаар байрандаа хоёр орц хариуцдаг. Дээрээс нь байрныхаа лифтыг ажиллуулдаг гэнэ. Хоёр орцны дунд сардаа 350 мянган төгрөг, лифт ажиллуулаад мөн л 350 мянган төгрөгийн цалин авдаг байна. Үүнээсээ Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, ус, цахилгаанаа төлөөд гар дээрээ 580 мянган төгрөгийн цалин авдаг аж. Энэ мөнгөө юунд зарцуулж байна вэ гэж асуухад “Би ач, гучтай болохоор зарлага нэмэгдсэн. Өмсөж, зүүхдээ айхтар илүү гараад байдаггүй юм. Олсныхоо хэрээр зарцуулаад л дуусна. Том хүү тусдаа нийтийн байранд амьдардаг. Түүндээ бас илүүчилнэ. Өвчин бага байвал болно доо гээд л зүтгэдэг юм. Нөхөр насаар хязгаарлагдаад ажилгүй байгаа. “Чамлахаас чанга атга” гэгчээр зүтгээд л байна.
Ам бүл нэмэгдсэнийх үү, юмны үнэ өссөнийх үү хэдэн жилийн өмнө найз хүүхнээсээ орифлэймийн бараа аваад цалингаа буухаар өгч болоод байдаг байсан. Тэгэхэд нэг орц цэвэрлэдэг байсан. Харин одоо хоёр орц цэвэрлээд дээр нь лифт ажиллуулж байхад авдагаа бараг авч чадахгүй болчихоод байна. Бага олохоор аятайхан зарцуулаад байх жишээтэй. Их болохоор зарцуулж чаддаггүй юм уу бүү мэд. Юмны үнэ өссөн учраас тэгээд байна уу гэж бодож байна. Аль болох зохицуулахын төлөө зүтгэж байна даа. Ажилгүй гунихарч сууснаас хийх ажилтай хаяа бухимдаж явах зүгээр байдаг шүү дээ” гэлээ.

Г.Долгоржав арван жилээ төгсөөд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн суралцаж байжээ. Хоёр жил хагас сураад эрүүл мэндийн байдлаас болж сургуулиа орхисон байна. Түүнээс хойш янз бүрийн ажил хийсээр 2003 оноос хойш 13 дугаар байрандаа 15 жил жижүүрээр ажиллажээ. “Энэ зун 55 нас хүрч гавьяаныхаа амралтыг авна. Гэхдээ хэзээ ч зүгээр суухгүй. Хоёр гар хөдөлж байхад ажилласаар л байх болно. Ямар хүний төлөө ажиллаж байгаа биш. Хэлбэл шалтаг, шалтгаан, зовлон, жаргал байна. Бор зүрхээрээ сэтгэл зөв явж байвал авч байгаа цалин минь болдог юм аа. Чамлахаар чанга атга гэгчээр зөв зарцуулбал болно. Идэж, уух зүйлээ бөөнөөр нь авчихдаг. Тэгвэл дараагийн цалин хүртэл өр тавих нь бага. Манай том хүүхэд жаахан бие муутай. Түүнийхээ эм тарианд мөнгө зарцуулна. Бага сага өмсөх зүүх хувцас авалгүй яахав. Ерөнхийдөө бүх юмны ноён нуруунд би явна даа” хэмээн үрчлээ суусан нүдээ дээш өргөв.

Үндэсний шуудан сонин

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*