Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх долоон алхам

Улирал солигдох үед хүүхдүүд төдийгүй томчууд ч ханиад, томуу тусах нь элбэг. Цэцэрлэг, сургууль эхэлж, хүйтний эрч эрс чангарсан эдгээр өдөр ханиад хүрсэн хүүхдүүд төдийгүй томчуудын тоо нэмэгдэж байна.

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан ерөнхий зохицуулагч эмч Д.Бямбадалай ханиад томуунаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

ГАРЫГ НЬ УГААЛГАЖ, ХООЛОЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ, ОРОЙ ЭРТ УНТУУЛЖ БАЙГААРАЙ

Д.Бямбадалай эмч хүйтний улиралд ханиад, томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд дараах долоон зүйлийг хийх хэрэгтэй хэмээн зөвлөлөө.

НЭГ: Томуугийн вакцин

Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд томуугийн вакцин хийлгэх хэрэгтэй. Тухайн улиралд ямар вирүс дэгдэх вэ гэдгийг ДЭМБ-аас судлаад жил бүр томуугийн вакцин гаргадаг юм. Тухайн улс орон бүр онцлогтоо тохируулаад захиалж авдаг. Вакцин хийлгэвэл огт ханиад хүрэхгүй гэсэн ойлголт эцэг эхчүүдийн дунд байдаг. Томуу, томуу төст өвчнийг үүсгэж байгаа 200 гаруй төрлийн вирүс байдаг учраас томуугийн вакцин 100 хувь томуугаас сэргийлэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

ХОЁР: Гарын ариун цэвэр

Томуугийн вирүс хүйтэнд тэсвэртэй -25-75 градуст хадгалагддаг. Агаарт 2-9 цаг тэсвэртэй, хатуу хуванцар, метал гадаргуу дээр 24-48 цаг тэсвэртэй байна. Хүн найтаахад 100 мянга орчим, ханиахад 50 мянга орчим талст буюу шүлс агаарт цацагддаг. Үүгээр бохирлогдсон зүйлд гараараа хүрч ахуйн хавьтлаар хүүхэд ханиад, томуу тусдаг. Тиймээс хүүхдийн гарыг угааж хэвшүүлэх, гар ариутгагчийг хэрэглэж сургах хэрэгтэй.

ГУРАВ: Чийгтэй цэвэрлэгээ хийх

Судалгаагаар 50-60 хувийн чийгшилтэй байхад вирүс харьцангуй тэсвэр муутай, харин эсрэгээрээ хуурай агаарт тэсвэртэй. Тиймээс өвлийн улиралд томуугийн өвчлөл их байдаг байх нь. Гэрийн орчныг маш сайн чийгшүүлж, чийгтэй цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй. Ингэхдээ ариутгагч хлорамин, гэр ахуйн ариутгалын бодис тохирсон хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. Аль болох чийгтэй цэвэрлэгээ, агаарын солилцоо хий гэдэг учир нь тэр. Үүнийг нь мэдэхгүй болохоор хэрэгжүүлэх нь муу байдаг юм болов уу гэж боддог. Агаар дуслаар халдварладаг юманд гар ямар хамаатай юм гэж боддог байж болох юм. Гэтэл хүүхэд бидэн шиг аливаа зүйлд хяналттай хүрэхгүйгээс гадна гараа амандаа хийх гэдэг ч юм уу халдвар авах нөхцөл өндөртэй. Гэрт нь байлгах хэрэгтэй.

ДӨРӨВ: Агаарын солилцоо

2-4 цаг тутамд агаарын солилцоо хийж байгаарай. Тасалгааны нөхцөлд вирүс 2-9 цаг тэсвэртэй байдаг учраас өрөөний агааржуулалтыг ийм хугацаанд сэлгэж байх хэрэгтэй.

ТАВ: Нойр

Хүүхдийг маш сайн унтуулж, амрааж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21-22 цагийн хооронд унтуулж хэвшээрэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг.

ЗУРГАА: Дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн чухал. Хүйтэн сэрүүний улиралтай холбоотойгоор хүүхдүүд гадаа тоглох нь хязгаарлагддаг. Тиймээс агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийлгэж байх нь чухал.

ДОЛОО: Амыг нь зайлуулж байх

Гар доорх материалыг ашиглаад ам зайлах уусмалыг хийж бэлдэх хэрэгтэй. Үүнийг зөвхөн хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид ч ашиглаж байгаарай. Насанд хүрэгчид дархлаа сайтай учир өвдөж мэдэгдэхгүй тээгч болж байдаг. Хүүхдүүд эцэг эхээсээ ханиад томуу хүрэх гээд байдаг талтай. Гэрийн нөхцөлд ам зайлах уусмал бэлдэх аргуудаас дурдвал

  • Нэг литр усанд 10 грам давс хийгээд 10 процентийн уусмал болгоод зайлж болно.
  • Нэг литр усанд 20 грамм сода хийгээд хэрэглэж болно. Сода илүү зөөлөн байдаг.
  • 500 мл усанд 4-5 ширхэг сармис нухаж эсвэл бүхлээр нь хийж хандалж болно.
  • 500 мл усанд 10 грамм царван хийх зэрэг ам зайлах уусмалыг гэрийн нөхцөлд бэлдэж болно.

Хамар их чухал эрхтэн. Гадны биетийг шүүнэ, бүлээсгэж, уушгинд дамжуулна, агаар ч чийглэж өгнө. Тиймээс хүүхдийн хамрыг сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Хамар битүү байвал амаараа амьсгалж, хоолой өвдөх шалтгаан болдог.

Дээрээс нь хүүхдээ ханиад хүргэхгүй байя гэвэл эцэг эх асран хамгаалагчид оройд ирээд амаа зайлдаг, өөрсдийнхөө дархлааг сайн дэмжиж ханиад хүрэхгүй байхад анхаарах хэрэгтэй. Мөн хөхөөр хооллолтыг дэмжих хэрэгтэй. Эхийн сүү тэр чигтээ дархлаа. Угж эхийн сүүг орлож чадахгүй.

АНТИБИОТИКИЙГ ЗААСАН ХУГАЦААГ ДУУСТАЛ УУЛГААГҮЙГЭЭС НЯН УНТАА БАЙДАЛД ОРЖ, ХООЛОЙН ӨВЧИН ДАХИДАГ

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд өсвөр үеийн асуудал хариуцсан ерөнхий зохицуулагч эмч Д.Бямбадалай

Харин тэрбээр эцэг эхчүүдийн нийтлэг асуудаг асуултад ийн хариулж байна.

-Есдүгээр сарын эхээр цаг агаар харьцангуй дулаан байсан ч ханиад, томуу туссан хүүхдүүд их байна гэж байсан.
-Улирал солигдох үед хүүхдийн хувцаслалтыг тохируулаагүйгээс, бага насны хүүхдийн бие махбодийн хүйтэнд дасан зохицох чадвар сул байдгаас шалтгаалаад ханиад, томуу хүрэх нь элбэг байна. Дээр нь хоёр нас хүртлээ гэртээ бойжиж байсан хүүхдүүд олон нийтийн бүлэгт ороод ирэхээр өвчлөмтгий болно. Тав хүртэлх насны хүүхэд жилдээ 5-8 удаа амьсгалын замын өвчнөөр өвддөг хэдий ч хүүхэд бүр хүндрээд байдаггүй. Тураал, цус багадалт, жингийн илүүдэл болон дутуу зэрэг суурь эмгэгтэй, дархлаа дутмаг хүүхдүүд илүү хүндээр өвдөж, хоёрдогчоор нянгийн халдвар авах, вирүсийн хатгалгаа болох зэргээр хүндэрдэг. Олон дахин өвдөх, ханиад томуу удаан үргэлжлэх, хатгалгаа болж хүндрэх, бусад эрхтэн тогтолцооны хүндрэл болох зэрэгт хүүхдийн дархлаа чухал.

Тав хүртэлх насны хүүхэд жилдээ 5-8 удаа амьсгалын замын өвчнөөр өвддөг хэдий ч хүүхэд бүр хүндрээд байдаггүй

-Ханиад, томууны шинж тэмдэг дөнгөж илэрмэгц ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?
-Хүүхэд нурмайгаад, хоолондоо дургүй болоод ирэх үед эцэг эхчүүдийн авч буй арга хэмжээ чухал. Дөнгөж ханиад хүрэнгүүт нь гэрийн нөхцөлд эмчилж, асарч сувилах хэрэгтэй. Гэвч манайд ийм боломж тэр бүр байдаггүйгээс ханиадтай хүүхдийг цэцэрлэг, сургуульд нь явуулсаар байдаг. Тэгэхээр хүүхдийн ханиад хүндрэх, бусад хүүхдэд халдаах эрсдэл өндөр. Манай цэцэрлэг, сургуулийн нягтаршил их байна. Дунджаар нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байна гэхээр нэг хүүхдэд оногдох талбай бага байгаа нь өвчлөлд нөлөөлж, олон дахин ханиад томуугаар өвчлөх эрсдэл нэмэгддэг.

Боломжтой бол халдвартай хугацаа нь нууц үеэс 2, шинж тэмдэг эхэлснээс 5 хоног халдвартай гэдэг. Нууц хугацааг нь тэр бүр мэдэхгүй учраас шинж тэмдэг илэрснээс хойш 5 хоног гэртээ асарвал их зүгээр. Оронд нь хэвтүүлээд халуун банн, гичтэй усанд хөлийг нь дүрэх гэх мэт цусны эргэлтийг сайжруулах зүйлсийг хийж болно. Халуурч байгаа хүүхэд амархан хордлогод ордог учраас халуун бүлээн шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй.

Ханиад томууны үед хүний биед витамин С дутагдаж байдаг тул насанд нь тохируулаад өгөх хэрэгтэй. Ханиад томууны үед хүүхдийн идэх дуршил буурдаг тул сонирхолтой аргаар бага багаар ч хамаагүй хооллож байх хэрэгтэй. Мөн уусмалуудаар зайлж байх хэрэгтэй. Давсны уусмалаар их зайлах нь салстыг хатингаршуулдаг учраас бас болгоомжтой байх хэрэгтэй.

-Ханиалгаж эхлэнгүүтээ ханиад боллоо гээд байдаг. Юунаас болж амархан хүндрээд байна вэ?
-Янз бүр. Хүүхдийн дархлаа нэгт нөлөөтэй. Хүүхдийн амьсгалын зам маш богинохон. Тэгэхээр вирүсийн хоруу чанараас шалтгаалаад амьсгалын замыг үрэвсүүлж болно.

Халуурч байгаа хүүхэд амархан хордлогод ордог учраас халуун бүлээн шингэн зүйл сайн өгөх хэрэгтэй

-Дархлааг дэмжихийн тулд витаминуудыг өгдөг. Тав хүртэлх насныханд өндөр тунтай витаминуудыг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан өгдөг. Түүнээс дээш насныханд ямар витамин зөвлөх вэ?
-Хүүхдүүддээ насанд нь тохирсон олон найрлагат амин дэмийг өгч байх хэрэгтэй. Манай орны хувьд хоол хүнсээр дамжуулаад хэрэгцээт аминдэмийг авах боломж тийм ч их биш. Тэгэхээр нэмэлтээр өгөх нь зүйтэй. Олон найрлагат витамин бол урьдчилан сэргийлэх л зориулалттай. Түүнээс эмчилгээ биш. Аль ч витамин хүүхдийн насанд тохирсон урьдчилан сэргийлэх тунгаар байдаг. Өндөр тунгаар байдаг витаминууд дан дангаараа байдаг. Жишээлбэл, А, Д зэрэг витаминууд байна. Олон найрлагат витаминыг эмчийн заавар гэлгүй уулгаж болно. Гэхдээ нэг удаад хоёр витамин давхар уулгахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Хүйтэн юм уув уу үгүй юу, бага зэрэг даарвал хоолой нь өвддөг, тэр нь олон давтамжтай хүүхдүүд байдаг?
-Хоолой их өвдөж байна гэдэг архагшчихсан байна гэсэн үг. Хоолойны мах бондойчихдог юм. Түүнд нь үүсгэгчүүд унтаа байдалд байж байдаг. Яагаад унтаа байдалд байна вэ гэхээр хүүхдийн хоолой өвдөхөд эцэг эхчүүд 3-4 хоног антибиотик өгөөд зовуурь нь гайгүй болоод ирэнгүүт нь уулгахаа больчихдог. Тэгэхээр нянгуудыг устгаж чадахгүй, идэвхгүй байдалд оруулдаг. Ингээд хүүхэд даарах, хүйтэн юм идэж, уух, дархлаа нь сулрах гээд нянд таатай орчин бүрдэхээр сэргэдэг. Иймэрхүү архаг голомт байгаа бол хүүхэд өвчлөмтгий байдаг. Архаг голомтод хоолой, шүдний өвчлөл зэрэг архаг голомт байвал дархлаа сул, өвчлөмтгий байдаг.

Олон хоног эмчилгээ хийлгэсэн хүүхдийн дархлаа сул учраас өөр төрлийн ханиад хүрэхдээ амархан байдаг. Аль болох эмнэлгээс гарсныхаа дараа 14 хоног гэрт нь асрах хэрэгтэй

-Антибиотикийн зохисгүй хэрэглээ бас үүнд нөлөөлдөг үү?
-Антибиотикийн зохисгүй хэрэгцээ нэг үеэ бодвол гайгүй болоод байна. Дураараа антибиотик өгдөг нь багасаад байна уу гэж харж байна. Гол нь шинж тэмдэг дарагдсан байсан ч эмчийн бичиж өгсөн хугацааг дуустал цагийн дагуу уулгаж дуусгах хэрэгтэй. Хоолой идээлж, үрэвссэн үед бараг 10 хоног уулгах ёстой байдаг. Гэтэл эцэг эхчүүд энэ хугацааг дуусгадаггүй. Дээр нь цагийн зайг сайтар барьдаггүй. Антибиотик цусанд эргэлдэж, концентраци барих ёстой. 8 цаг болоод дараагийн эм орж тогтвортой концентрациа барьж байх ёстой байтал 10 цагийн дараа буучихсан байна. Эм болгон 8 цагийн үйлчилгээтэй гэж бодоод байдаг гэтэл янз бүр. 10 цаг зарим нь 12, бүр 24 цаг ч цусанд эргэлддэг антибиотикууд бий. Хүүхдийн архаг голомт шүд, хоолойг эмчлүүлэх хэрэгтэй. Шүдний өвчлөл гэхээр эцэг эхийн л асуудал яригдана даа. Шүдийг нь угаалгаж сургахгүй, байнга чихэр жимсээр хооллодог, үүнээсээ болоод хоолны дуршил муудаж, жин нэмэгдэхгүй байх гээд ар араасаа дагаад л явчихдаг.

-Хатгалгааг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хэдий ч, эмнэлгээс гарангуут дахиад л хүндэрлээ гэх нь бий.
-Уушгины үрэвслийг эмнэлэгт 5-7 хоног эмчилдэг. Ингэхдээ цочмог үрэвслийг л дардаг. Сар орчим хугацааны дараа эдгэнэ. Бид гараа зүсэхэд цус нь тогтоно, эдгэнэ гээд хугацаа шаарддаг шүү дээ. Хэрэв зүссэн хэсэгтээ бохир оруулчихвал идээлж, үрэвсэнэ. Яг л тэрэнтэй адилхан уушги ч гэсэн бүрэн эдгэрэхийн тулд хугацаа шаардана. Дөнгөж цочмог үеэс эдгэрэлтийн үедээ явж байхад нь дахиад ханиад хүргэчихдэг, ингэхээр дахиад л хатгалгаа болох хүндрэх эрсдэл байгаа юм. Олон хоног эмчилгээ хийлгэсэн хүүхдийн дархлаа сул учраас өөр төрлийн ханиад хүрэхдээ амархан байдаг. Аль болох эмнэлгээс гарсныхаа дараа 14 хоног гэрт нь асрах хэрэгтэй.

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

GoGo.mn

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*