Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | 6 дахь жилдээ

Ж.Зоригтбаатар: Өчил

Би 38 дахь жилдээ ажиллаж байгаа хөдөөгийн сумын нэгэн багш. Өнөөгийн багш нарын амьдрал, одоо болж буй үйл явцыг хараад бухимдаж үүнийг бичлээ. Өнөөдөр олон хүмүүс багш нарыг буруутгаж, мөн хүүхдийн эрхийн тухай ярьж байна.
Тэд хэлэхдээ, өгүүлэхдээ, доромжлохдоо:
-Хүүхдүүд маань харах хүнгүй эрсдэлийн байдалд байна.
……..Багш хүүхэд хардаг хүн мөн үү?
-Багш нарын цалин бага биш
…….Тэд цалингаас цалингийн хооронд хажуу мухлагаас хүнсээ зээлж идэж байна.
-Багш нарын нэр хүнд муу байна.
…….Хүнээс мөнгө зээлсэн, хоол хүнсээ өр тавин амьдрах гэж ядаж буй багш нар нэр хүндтэй байх уу?
-Багш нараа 8 хувь нэмлээ, болоо юм бишүү, бүү давар, гэж эрх мэдэлтэн сайд дуугарч байна
…….Хэний мөнгийг хэнд өгөө вэ эрхэм ээ
-Багш нар анги засвар, бэлэг сэлт гээд бөөн мөнгө авдаг, тэд авилгачид
…….Хэтэрхий мэргэн жараахайнууд аа та нар багштай байсан уу? Авилгын тухай та нар авилгачиддаа л хэл, тэднийгээ хараа зүх.
-Цалингаа голж байгаа бол больцгоо, ажил хаясан багш нарыг халаад хая
…….Багшийн ажил дурын дуракын хийдэг ажил мөн үү? бидэнд бас шалгуур бий
Ийм л талцуулсан, маргасан, мэдэмхийрсэн, турхирсан зүйлс бүх мэдээллийн хэрэгсэлээр хөвөрч байна.
ХАРЛАА, ҮЗЛЭЭ, ХҮЛЭЭЛЭЭ…….
Би ахмад багшийн хувьд, гурван хүүхдээ багш мэргэжилтэй болгосон аавын хувьд “БАГШ НАРАА НЭГДЭЦГЭЭ, ТЭМЦЭЛЭЭ БҮҮ ЗОГСОО” гэж уриалмаар байна.
Миний багш болсон цаг үед боломжийн цалинтай, нэр хүндтэй, төр засагт үнэлэгдэж байжээ.
Одоо хэн дуртай нь загнаж, харааж, муулж, тэдэн рүү шүлсээ үсэргэдэг үе иржээ.
Би өөрийнхөө үр хүүхдүүдийнхээ төлөө, багш нарынхаа төлөө, Монголын боловсролын ирээдүйн төлөө өвгөн багш нь “Зулын гол” болоход бэлэн байна.
Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн: Жамсранжав овогтой Зоригтбаатар
Жич: Багш нар луу дайрч шүлсээ үсэргэгчдээ та нар над руу дайр, яагаад гэвэл одоогийн энэ багш нарыг чинь би, бидний үе бэлдсэн юмаа, тийм учраас бид буруутай.

Ж.Зоригтбаатар

Share:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*